Шиши Соколовский Украины анхны сэкитори боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Японы сүмо бөхийн холбооны банцүкэ хариуцсан хорооны хуралдаан өнөөдөр өглөө болж, ирэх Нагоя башёд жюүрёод дэвшин барилдах бөхчүүдийн нэрсийг зарлалаа. Нийт гурван бөх анх удаа, 2 бөх дахин жюүрёод барилдах болсны дотор Ирүмагава дэвжээний Шиши буюу Сергей Соколовский байлаа. Шиши Украинаас төрсөн анхны сэкитори буюу цолтой бөх болж байгаа юм. Тэрээр өнгөрсөн Зуны тэмцээнд макүшитагийн барууны 2-оос барилдан, 6 давсан юм.

2020 оны Нэгдүгээр сарын тэмцээнд шинэ бөхийн шалгалтад орж, Нагоя башёд анх барилдаж эхэлсэн. 192 см өндөр, 174 кг жинтэй. Мелитополь хотын уугуул. Сонирхогчдын сүмо бөхийн 2017 оны Европын аварга. ДАШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай. 26 настай. 6 настайгаасаа чөлөөт бөх барилдаж, 15 настайдаа жүдод орж, тивийн аваргаас медаль хүртэж байжээ.

2018 оны арваннэгдүгээр сард Японд ирж, бүтэн жил дадлага хийсний эцэст мэргэжлийн бөх болжээ. Ирүмагава ояката “Сонирхогчдын сүмогоор ДАШТ-д оролцож байсан залуу. Маш чадалтай. Ер нь бол “Жижиг Барүто” гэсэн үг. Барүтогоос ялгаатай нь манай бөх толгойгоороо мөргөлдөхөөс огт эмээдэггүй. Макүшита хүртэл ямар ч асуудалгүй дэвшиж чадна” гэж ярьсан бол Сергей Соколовский өөрөө “Точиношиний барилдаан таалагддаг. Ёкозүна болох зорилготой” гэж хэлж байлаа. Ирүмагава дэвжээ өмнө нь Эстониос Отт хэмээх сонирхогчдын сүмо бөхийн элит залууг элсүүлж, Китаожи нэрээр барилдуулсан түүхтэй. Отт жонокүчид 5 давж, 2 унан, жониданд дэвшсэн ч сүмо бөхөд дасалгүй, гэрээ санаад ганц тэмцээний дараа зодог тайлж байв. Харин Оттой хамт ирсэн Барүто озэки болж байлаа. Тийм болохоор энэ удаад шинэ европ бөхөө бүтэн жил дадлагажуулсны эцэст албан ёсоор элсүүлсэн юм.

Тавдугаар сарын 20-нд Украины Ерөнхийлөгч Зеленский Японд айлчилсан. Тэр үед Шиши сэтгүүлчдийн улс төрийн шинжтэй асуултад хариулаагүй ч “Япончууд Украины бөх гээд намайг байнга дэмжиж байгаад баярлаж байдаг” гэж хэлж байлаа.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top