ЗГ | 2023 оны төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэвэр нэмнэ

2023 оны 05 сарын 31

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.31/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна.

Засгийн газраас 2023 оны төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсөвт тодотгол хийх асуудлыг шийдэж, УИХ-д өргөн барихаар болж байна.

2020 онд Монгол Улсын эдийн засаг 4,6%  хүрч уналтад орж байсан. Энэ нь 1992 оноос хойш анх удаагаа Монгол Улсын эдийн засагт бий болсон үзэгдэл байсан.

Энэ цаг үеэс хойш Засгийн газар эдийн засгийн зарим арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлж ирсний үндсэн дээр 2022 онд +4,8хувь болж эдийн засаг өссөн байгаа.

Энэ хэмжээгээр нь тооцоод үзвэл өмнөх оноос 10 орчим хувийн өсөлтийг бодитой бий болгожээ.

2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын төсвийн орлогын биелэлт давж байгаа дүр зурагтай болсон. Эдийн засгийн өсөлт эхний дөрвөн сарын байдлаар тооцоод үзэхэд 7,9 хувийн өсөлттэй явж байна. Энэ өсөлт бол Азидаа тэргүүлэх өндөр хэмжээний өсөлт бий болж байна гэдэг дүн гарсан. Үүнтэй холбоотой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол бодитой бий болж эхэлсэн.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнгээр төсвийн орлого даван биелж байгаа нөхцөл байдал бий болсон учраас сүүлийн 2 жил орчмын хугацаанд төрийн албан хаагчдын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамжийн хэсэг иргэддээ хүртээдэг халамжийг нэмэгдүүлэх боломжийг хараахан гаргаж чадаагүй байсан.

Тэгвэл энэ удаа энэ бодит боломж дээр үндэслэн тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг тодорхой хувиар нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид ковидын хоёр жилийн хүнд үеийн, геополитикийн нэг жил гээд  гурван жил дараалсан хүнд сорилтыг даван туулж ирлээ.

Эхний хоёр жилд бид төсөвт тодотгол хийж байсан. Гэхдээ тэр үед төсвийн орлого маш дутуу байсан тул төсвийн алдагдлыг нэмэгдүүлж ковидын хүнд үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн.

Гэсэн ч Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд экспортуудаа нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авсны үр дүнд өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтворжиж, 2023 оны нэгдүгээр улиралд энэ байдал хадгалагдаж байна." гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оспан(188.124.235.177) 2023 оны 05 сарын 31

Тэтгэвэр маш ихээр нэмэгдсэн байн би барахгүй та 76 миний нэмэгдэлийг хуваагаад ав харин улсад 41 жил ажиллаж шимгэл төлж тогтоолгосон мөнгийг минь авч болохгүй шүү дүү нар их баяртай байн тэтгэврийн бид

0  |  1
Top