Какүрюү: Сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 03

Өнөөдөр Токио хотын бөхийн өргөө Кокүгикан ордонд ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслол болно. Хэйсэй эринд төрсөн 10 ёкозүнагийн дотор Какүрюүгээс бусад нь бүгд зодог тайлах ёслолоо хийсэн. Зодог тайлснаасаа хойш хоёр жилийн дараа ийнхүү түүний зодог тайлах ёслол болж байгаа нь энэ юм. Ёслолын өмнө тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хоёр жилийн дараа зодог тайлах ёслолоо хийх нь.

-Хэт урт хугацаа өнгөрлөө. Одоо сүмо бөхийн магэ үс минь саадтай, тээртэй санагдаад байдаг болсон. Гэхдээ үсээ авхуулах мөч ирэхээр харамсах байх.

-Магэ үстэй хэдэн жил болов?

-Сүмод 16 настайдаа орсон. 17 настайгаасаа магэтэй болсон гэхээр 21 жил тасралтгүй хамт байгаа гэсэн үг. Халуун зун ирэхээс өмнө авхуулах болохоор цаашдаа хөлс гарах болгонд шууд л толгойгоо угааж чадах тул баяртай байна.

-Зодог тайлах ёслолынхаа талаар?

-Зургаан нас хүрсэн хүүтэйгээ барилдахаар бэлтгэл хийж байгаа. Маш том ёслол тул ганцаараа биш маш олон хүний дэмжлэгтэйгээр хийх болно.

-Бөхчүүдтэй цуг мавашитай бэлтгэл хийж байгаа гэсэн.

-Ёслол дээр муухай харагдахгүйн тулд бэлтгэл хийхгүй бол болохгүй. Хүчний бэлтгэл ч хийж байгаа. Хөл өргөж дэвслэх шико дасгал хийхэд бие үнэхээр өөр болдог.

-Бөхчүүдтэйгээ барилдаж үзье гэсэн хүсэл төрж байна уу?

-Үгүй. Бэлтгэл дээр үг хэлснээс илүү өөрөө хийж үзүүлбэл амар гэж заримдаа боддог ч барилдах хүсэл төрдөггүй. Бэлтгэл хангах, дасгал хийлгэх хүн огт байхгүй бол яах вэ хийж болох юм. Би хангалттай барилдсан, бэлтгэл хийсэн. Өөртөө байсан бүхнийг гаргасан, харамсах зүйлгүй замнал байсан болохоор сэтгэл хангалуун байдаг.

-Зодог тайлах ёслолын дараах төлөвлөгөө?

-Юуны өмнө турж, жингээ хасна. Одоо 148 кг байгаа, 120 болтол багасгах хүсэлтэй байна. Гэдэс урагш гараад ядаргаатай, хувцас худалдаж авах гэхэд ч тохирох хэмжээ олдохгүй юм. Байнга гадаадаас захиж авчруулж болохгүй. Одоо 4L багадаад 5L размер өмсөж байна. Дуртай хувцсаа өмсөхийн тулд турмаар байгаа.

-Сүмо барилдах хүүхдүүдийн тоо цөөрч байна. Ояката таны бодол?

-Хүүхдээ сүмод явуулах гэж байгаа эцэг эхчүүдийн оронд өөрийгөө тавиад бодож үзэх хэрэгтэй. Яах бол гэж санаа зовоод л байдаг. Энэ санаа зовдог, айдаг зүйлийг алга болгох ёстой. Сүмоч болгон цолонд хүрэх албагүй, болдоггүй. Сүмод амжилт олоогүй бол зодог тайлсных нь дараах ажлыг нь олж өгдөг ч юм уу. Сонирхогчдын сүмотой нягт хамтран ажиллах хэрэгтэй. Жишээ нь, залуу бөхчүүдийг мэргэжилд оруулдаг драфтын систем гаргаж болох юм. Үүнийг ганц би биш бусад багш нар ч  хэлдэг юм.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top