Э.Гуамарал
Денвер, Колорадо. 2023 оны зургаадугаар сарын 3-4.
Мэргэжлийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг NBA (National Basketball Association)-ийн 77 дахь удаагийн аваргын төлөөх цувралын 2 дахь тоглолтын гэрч болох гайхалтай боломж олдсон билээ.
Уг цувралыг Монголын үзэгчид, сагсан бөмбөг, спортын хорхойтнууд маань чадварлаг тайлбарлагч, аналистуудын тайлбартайгаар шууд хүлээн аван үзэж буй тул дэлгэцээр тэр болгон харах боломжгүй ордны уур амьсгал хийгээд сонирхолтой санагдсан зүйлсээ энд хуваалцахаар шийдлээ.
Хөгжөөн дэмжигчид ба "Ball Arenа" -гийн уур амьсгал
Тоглолтын турш "Денвер наггетс"-ийн "гэр" болох "Ball arena"-д цугласан 19000 гаруй үзэгчдийн уухай, нүргээн ордонг ёстой л донсолгож байлаа. НБА-ийн нилээд олон багийн тоглолтыг үзэж байсан хэдий ч "Nuggets"-хөгжөөн дэмжигчид шиг бүхэл бүтэн 3,4 цагийн турш эцэж цуцалгүй багаа уухайлан дэмжиж, алдахад нь уулга алдаж байсантай таарсан нь ховор билээ. Зөвхөн тоглолтын үеэр ч биш Дэнвэрчүүд ер нь тэр аяараа багаа анх удаа финалд үлдсэнд туйлын баяртай байгааг орсон үйлчилгээний газрууд, таксины жолоочид бүгд л сэтгэл догдлон ярих ярианаас мэдэж болохоор байлаа. Зарим дэлгүүр бүр тоглолтын өдөр гээд бүх бараандаа онцгой хямдрал зарласан байхтай ч таарав. Арга ч үгүй биз, 47 улирал тоглохдоо анх удаа үзүүр түрүүнд үлдээд байгаа юм чинь. "Miami Heat" тоглолтыг хошуучилж эхэлсэн 4-р үеийн эхнээс үзэгчдийн сэтгэл хөдлөл бага зэрэг намжсан ч эцсийн мөч хүртэл хожно гэсэн найдвар тасраагүй. Сүүлийн хоёрхон секундэд 3 оноо авах боломжийг алдаснаар үнэнч хөгжөөн дэмжигчид маань гэрийн зүг урамгүйхэн харьж буй нь харагдсан. Гэхдээ миний хувьд энэ тоглолтын MVP нь "Nuggets"- хөгжөөн дэмжигчид байлаа.
Бэлгэдэл сахиус
"Наггетс"-ийн mascot буюу бэлгэдэл сахиус болох уулын арслан Rocky өөрт оногдсон үүрэг болох цугласан олныг хөгжөөх,байлдан дагуулах ажлаа тоглолтын турш тултал хийсэн юм. Үсэрч харайж, ордны дээврээр агаарын нислэг хийж байгааг нь харахад уг багны ард байгаа хүн баттай циркийн жүжигчин болов уу гэсэн бодол төрсөн. Өнгөрсөн улиралд түүний 6 метрийн урттай шатан дээр зогсонгоо арагшаа харан шидэлт гүйцэтгэж буй үзүүлбэр нь цахим орчимд шуугиан тариад амжсан билээ. Bleacher report, Sports Illusrated-д дурьдсанаар Rocky нь NBA-ийн багууд дотроос хамгийн өндөр цалинтай маскот бөгөөд жилдээ 625,000 ам.доллар буюу ойролцоогоор 2 тэрбум орчим төгрөгийн орлоготой. Энэ нь АНУ-ын иргэдийн дундаж цалингаас 10 дахин илүү гэсэн үг юм.
Тасалбар
Энэ жилийн финалын цувралын тасалбар өмнөх улирлын аваргын төлөө өрсөлдсөн буюу "Голден стэйт уорриорз"-"Бостон селтикс" багуудын цувjалтай харьцуулахад хямд байгаа бөгөөд дундаж үнэ нь 1000 орчим ам.доллар. Харин хоёр дахь тоглолтын хамгийн үнэтэй тасалбар 45000 ам.доллар байсан бол хамгийн хямд нь 681 ам.доллараар зарагдсан аж. Энэ улиралд НБА-г үзсэн нийт үзэгчдийн тоо 22 сая давсан нь түүхэн амжилтаар бичигдээд байна.
Энэ улиралд финалд тоглож буй хоёр багийн өөрийн талбайд хийсэн тоглолтын үзэгчдийн хувь, дундаж тоог сонирхуулбал:
"Денвер наггетс": 99.5% -19235
"Майами хит": 100% -19687
Харин цэнхэр дэлгэцээр дэлхийн өнцөг булан бүрээс уг тоглолтыг дунджаар 11.9 сая хүн, харин тоглолтын 4-р үе буюу өрсөлдөөн хамгийн ширүүсэх мөчид уг тоо 15.2 саяд хүрсэн тухай Nielsen мэдээлсэн юм.
"Жокер"
За тэгээд ордонд цугласан 19000 гаруй үзэгчдийн бараг 99 хувь нь "Nuggets"-ийн сүпер од, "Жокер"хэмээх хочоороо алдаршсан Йокичийн өмсгөлөөр гоёсон, тэр бүү хэл ДС Комиксийн Жокерийн дүрд хувирсан байсан нь Йокичийг аргагүй л энэ багийн нэрийн хуудас болсон тоглогч гэдгийг нь илтгэнэ. Сүүлийн хэдэн улиралд урамтай сайхан тоглолт үзүүлж, Колорадогийн шүтээн болоод буй энэхүү серби үлэмж биетэн маань яаж яваад Жокер гэх хоч авсныг түүний хөгжөөн дэмжигчид тэр бүр мэддэггүй аж. Хэдэн жилийн өмнө хамт тоглож байсан Майк Миллер түүний нэрийг дуудаж чадахгүй байсан тул анх Жокер гэж дуудаж эхэлсэн гэнэ. Түүний талбайд гаргадаг "серьёзный" царай ч уг нэртэй нь тун тохирдог гэх. Плей-офф эхэлснээс хойш Йокич НБА-ийн цахим сүлжээнд хамгийн их хандалт авч буй бөгөөд сүүлийн 1 сар гаруй хугацаанд түүнтэй холбоотой видео контентийн үзэлт 316 саяд хүрсэн тухай НБА өнөөдөр албан ёсоор мэдээлсэн юм. Мөн төрөлх нутаг Сербид нь цуврал эхэлснээс хойш НБА-ийн үзэлт улирлын тоглолтуудтай той харьцуулахад 66 хувиар өсчээ.
"Өндрийн өвчнөөс болгоомжил!"
Колорадо мужийн Дэнвэр хотыг далайн төвшнөөс 5820 фут буюу 1 миль өндөрт оршдог учир The Mile High City хэмээдэг. Энэ нь АНУ-ын дунджаас 2 дахин илүү гэсэн үг юм. Тиймдээ ч тус хотынхон өрсөлдөгч багуудаа “өндрийн өвчнөөс болгоомжил" хэмээн сэрэмжлүүлдэг. "Ball Arena"-гийн эргэн тойронд, тоглолтын талбай дээр ч ийн анхааруулсныг олонтаа харж болно. АНУ-ын томоохон спортын хэвлэлүүд ч газар зүйн энэхүү онцлог нь "Nuggets"-ийнхний хувьд давуу тал болж буйг плэй-офф эхэлснээс хойш энэ талаар нийтэлсээр байгаа.
Спортын дата шинжилгээ хариуцсан доктор, профессор Майкл Лопес спортын дата шинжилгээний хэд хэдэн судлаачидтай хамтран хийсэн судалгаандаа Denver Nuggets, Utah Jazz багууд NBA-гийн бусад багуудтай харьцуулахад өндөрлөг газар байрладаг нь давуу тал болдог тухай бичсэн байдаг.
Леброн Жэймс "Nuggets"-ийн талбайд ялагдал хүлээснийхээ дараа өгсөн ярилцлагадаа Дэнвэрт хийсэн тоглолтуудад илүү хурдан ядардаг тухайгаа мөн л дурдаад амжсан.
Харин энэ улирлын аваргын цувралын эхний тоглолтын өмнө "Майами хит"-ийн дасгалжуулагч Erik Spoelstra-Эрик Споэлстрагаас сэтгүүлчид энэ тухай асуухад “Манай залуус ямар ч нөхцөлд тоглоход бэлэн. Эверестийн оргил дээр байсан ч тэдэнд ухрах зам байхгүй” хэмээн хариулжээ. Үнэхээр ч Miami Heat өндрийн өвчнийг үл ажран ялалт байгуулснаар цувралын харьцааг тэнцүүлж 1-1 болгосон билээ. Харин "Denver Nuggets" Майамигийн халууныг тэсч гарч чадах болов уу?
Сэтгэгдэл ( 0 )