Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно.
Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд СТО-нд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь энэ жилийн улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох нь гээд бэлтгэлдээ гараад байжээ. Тэд гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн. Харин өнөөдөр П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчидын төлөөлөл “Монгол ньюс” компани дээр хэвлэлийн бага хурал хийлгэж, тулгараад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сорилт барилдаанаас гадан Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа ярилаа. Нэг үгээр хэлэхэд чөлөөтийнхний тэсвэр алдарч, тэмцлийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ байв.
ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга энэ үеэр “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа 4 жилээр олимпын циклээр гардаг. Бүх юм нь тодорхой байдаг. Бидний Монголын чөлөөт бөхийн холбооноос хүсээд байгаа зүйл бол жил жилээр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргадаг, стратег төлөвлөгөөгөө тодорхойлдог байх. Даанч манай холбоо оны дундуур шинэ дүрэм журам гаргаад, гэнэт шийдвэрүүд гаргаад байдаг нь тамирчдад муугаар нөлөөлж байна. Тамирчдыг хоёр талцуулж байна. Шигшээ багт 40 тамирчны 20 нь улсын аварга болсон тамирчид, нөгөө талд нь ялагдсан тамирчид нь орчихож байгаа юм. Уг нь бид нэг дэвжээн дээр бие биенээ дэмжээд явах ёстой байтал хоёр хуваагдчихаж байгаа юм. Дэлхийн АШТ болон олимпод оролцох тамирчид доод тал нь хагас жил, нэг жилийн бэлтгэлээр оролцдог. Гэтэл сорилт барилдааныг наймдугаар сард хийнэ гэж байна. Есдүгээр сард нь ДАШТ болно. ДАШТ-д ганц сар бэлтгээд оролцдог түүх байхгүй. Яагаад ийм боломжгүй зүйлийг холбоо гаргаад байгаа юм бэ? Биднийг сорих боломж зөндөө байсан. Оны эхэнд УАШТ боллоо. Дараа нь чансааны хэд хэдэн тэмцээн байна. Зардал мөнгийг нь шийдээд хэд хэдэн тамирчнаа явуулж, сорих боломж байсаар байтал явуулаагүй байж, улс дотор нь ингээд хагаралдуулаад байж болохгүй. Эмчийн асуудал хурцадмал байна. Бүтэн сар гадаадад явахад эрүүл мэндийн өчнөөн асуудал гардаг Тэр болгонд бид нэг нэгэндээ дусал тариа хийгээд л өөрсдөө аргалдаг. Судас тариаг хүртэл хэд хэд цоолоод л нэгэндээ хийчихдэг. Тэмцээний зардал мөнгө ярихгүй бол болохгүй. Нэг тэмцээнд явах болохоороо л аж ахуйн нэгжүүдийн хаалга сахиад л суудаг. Уг нь бид бэлтгэлээ хийж байх ёстой. Уг нь холбоо улсаас өгсөн мөнгөн дээр багахан хэмжээний маркетинг хийгээд л хөрөнгө босгож, тамирчдаа тултал нь дэмжих ёстой шүү дээ. Чөлөөт бөхөд дэлхийд өрсөлдөж чадах маш олон тамирчин бий. Даанч зардалгүй гээд гадаадад явж чадахгүй байна. Холбооноос хүсэх зүйл бол дүрэм журам, төлөвлөгөөгөө оны өмнө гаргадаг байгаасай. Ингээд явбал маргалдах хүн байхгүй. Оны дундуур гэнэт шийдвэрүүд гаргаад, багш, тамирчдыг хооронд нь хагаралдуулаад байгааг бид эрс эсэргүүцэж байна”гэсэн байр суурь илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )