Сагсан бөмбөгийн ДАШТ-1998

Админ | Zindaa.mn
2023 оны 06 сарын 11

Тамир Амарбаясгалан

1998 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек улсад зохиогдсон юм. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Югославын шигшээ баг 4 дэх удаагаа дэлхийн аварга болсон билээ. Оросын шигшээ баг 2-р байр, АНУ-ын шигшээ баг 3-р байранд орсон юм. Югославын шигшээ багийн гол тоглогчид болох Деян Бодирога болон Зелько Ребрача нар багаа хөтлөн дэлхийн аваргын титмийг хүртсэн юм. Оросын шигшээ баг 2 дараалан дэлхийн аваргын финалд хожигдсон тохиолдол болсон бөгөөд тэр жилд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогчид ажил хаялт зарласан байсан тул АНУ-ын шигшээ багт шилдэг тоглогчид нь оролцоогүй ч хүрэл медаль хүртсэн юм.

 

 

Хоёр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Европ тивд ийнхүү зохион байгуулагдсан бөгөөд бүх тоглолтууд нь Грекийн нийслэл Афин хотод зохиогдсон юм. Нийт 16 баг өрсөлдсөн бөгөөд зохион байгуулагч орон Грекийн шигшээ баг, Олимпийн аварга АНУ-ын шигшээ баг, Европын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 5 баг болох Югослав, Итали, Орос, Испани болон Литвийн шигшээ багууд, Америк тивээс шалгарсан шилдэг 4 баг болох Пуэрто-Рико, Бразил, Аргентин болон Канадын шигшээ багууд Ази тивээс шалгарсан шилдэг 2 баг болох Солонгос болон Японы шигшээ багууд, Африкаас Сенегал болон Нигерийн шигшээ багууд, Далайн орнуудаас Австралийн шигшээ багууд тус тус авхаалж самбаагаа сорьсон юм.

 

 

16 багууд 4 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг дотроо тойргоор тоглосон юм. Хэсгээсээ шилдэг 3 баг нь дараагийн шатанд шалгарч байсан бөгөөд шалгарсан 12 багууд нь 6 багаар 2 хэсэг болон хуваагдаж байсан юм. Өмнөх тойргийн тоглолтын үр дүнгээ авч явж хэсэг тус бүрээс шилдэг 4 баг нь хасагдах шатанд буюу шөвгийн 8-д шалгаран хасагдах шатны хосыг бий болгосон билээ.

Эхний шатны хэсгийн тоглолтуудад Грек, Югослав, Литва болон Испанийн шигшээ багууд 3:0 үзүүлэлттэй хэсгээсээ нэгээр шалгарсан байсан юм. Югославын шигшээ баг Оросын шигшээ багтай нэг хэсэгт орсон байсан бөгөөд нэмэлт цагт 82:74 харьцаатай хожиж хэсгийн аварга болж байсан бол Литвийн шигшээ баг АНУ-ын шигшээ багийг 84:82 харьцаатай хожиж мөн өөрийн хэсгийн аварга болж байсан юм.

Хоёрдугаар шатанд дахь хэсгийн тоглолтуудыг тоймловол: Италийн шигшээ баг Югославын шигшээ багийг 61:60 харьцаатай хожиж байсан бол АНУ-ын шигшээ баг Испанийн шигшээ багтай хийсэн тоглолтын эхний үед 11 оноогоор хожигдож байсан ч эцсийн дүндээ 75:73 харьцаатай хожил байгуулсан сонирхолтой тоглолт гарч байсан.

За ингээд хагас шигшээд Оросын шигшээ баг АНУ-ын шигшээ багтай тулсан ба тоглолт дуусахад 3-хан минут дутуу байхад 10 оноогоор хожигдож байсан Оросын шигшээ баг Пановын хожлын гоолын ачаар 66:64 ялалт байгуулсан бол нөгөө хос нь Югославын шигшээ баг Грекийн шигшээ багийг нэмэлт цагт 78:73 харьцаатай хожиж финалд шалгарлаа. Тус тоглолтонд Югославын шигшээ багийн тоглогч Деян Бодирога 31 оноо авсан бол Ребрача 20 оноо 13 самбараас бөмбөг авалт хийж багаа тэргүүлсэн байна.

 

 

Хүрэл медалийн төлөөх тоглолтонд талбай эзэн Грекийн шигшээ баг АНУ-ын шигшээ багийн эсрэг юу ч хийж чадалгүй 84:61 харьцаатай хожигдож 4-р байранд үлдсэн бол АНУ-ын шигшээ баг хүрэл медалийн болзлыг хангасан билээ.

Финалын тоглолт нь мөн л маш өрсөлдөөнтэй сонирхолтой болж өнгөрсөн юм. Тоглолтын турш 2 баг маш тэнцүү өрсөлдсөн бөгөөд хамгийн дээд тал нь 7 онооны зөрүүтэй Оросын баг тэргүүлж байсан удаатай. Тоглолт дуусахаас 2 минут дутуу байхад Югославын шигшээ багийн лидер Бодирога хувийн алдаа 5 болж талбайгаас гарсан боловч нөгөө лидер болох Ребрача багаа удирдан залсаар тоглолтын төгсгөлд онооны харьцааг өөртөө ашигтайгаар эргүүлж цаг дуусахад 64:62 харьцаатай ялалт байгуулж дэлхийн аваргын титмийг 4 дэх удаагаа хүртсэн юм. Уг тоглолтонд Югославын шигшээ багийн Ребрача 16 оноо, 11 самбар, Бодирога 11 оноо авсан бол Оросын шигшээ багаас Панов болон Куделин нар адилхан 14 оноо авч байсан юм.

Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчдоор нэрлэгдсэн дараах тамирчид бэлэгдлийн шигшээ багт орсон юм: Деян Бодирога, Зелько Ребрача (хоёулаа Югослав) Василий Карасев (ОХУ), Альберто Эррерос (Испани), Грегор Фучка (Итали)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top