Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 9-нд хуралдаж, Японы шигшээ багийн жүдоги өмсгөлийн цээжний баруун хэсэгт тухайн тамирчны хувийн ивээн тэтгэгч, харьяалагддаг байгуулагын лого байрлуулахыг зөвшөөрлөө.
Өмнө нь холбооноос ивээн тэтгэгчдийн логог зөвшөөрдөггүй байсан ч тамирчдын зөвлөлөөс удаа дараа хүсэлт гаргасны эцэст ийнхүү тамирчид ивээн тэтгэгчээ олон улсын тавцанд сурталчилж чадах боллоо. Орлогыг тухайн жүдочид олгох юм.
Гэхдээ Японы жүдо бөхийн холбооны ивээн тэтгэгчидтэй өрсөлддөг компани, байгууллага, жүдо бөхийн нэр төрд муугаар нөлөөлөх компанийн зар сурталчилгааг хориглоно. Шигшээ багийн жүдоги өмсгөлийн цээжний зүүн хэсэгт Японы далбаа, жүдо бөхийн холбооны тэмдэг байх юм.
Сүүлийн үед жүдо бөхөөр хичээллэгсдийн тоо буурч байгаа тул тамирчдын тоог нэмэхэд энэ арга хэмжээ бас тустай гэж үзжээ. Өнгөрсөн жил Японд албан ёсны бүртгэлтэй жүдоч 124 мянга байсан нь ковидын өмнөх үеэс 15 хувь буурсан үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )