Украины дайны улмаас олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан ОХУ, Беларусын жүдочдын хувьд энэ хавар сайхан мэдээтэй байлаа. Тавдугаар сарын эхээр Олон улсын жүдо бөхийн холбооноос тэднийг тэмцээнд орох эрхийг нь сэргээсэн юм. Беларусын хоёр жүдоч Катарын Дохад болсон ДАШТ-д оролцсон бол дараа нь Тажикстаны Гран При, Киргизэд болсон Азийн нээлттэй тэмцээнд оролцсон. Беларусын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Владимирович Котловский цаашдын төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Үндсэн шигшээ багаас гадна 321, 23 насны шигшээ багийн 60 гишүүн хамтдаа цугларалтад гараад байна. Астанад болох Их Дуулга тэмцээний дараа бид Монголын Их Дуулгад оролцох шигшээ багийг тодруулна. Улаанбаатар Их Дуулгаас Парисын олимпын эрхийн чансааны оноо бүрэн өгч эхлэх тул тун хариуцлагатай тэмцээн байгаа юм. Монголд очихоосоо өмнө Оросын Санкт-Петербургт болох багийн тэмцээнд оролцоно. Дохагийн ДАШТ-д оролцож чадах болсноо бид тэмцээнээс долоо хоногийн өмнө л мэдсэн болохоор бэлтгэл хийж чадаагүй. Гол нь тэмцээн болгонд оролцож, барилдаан, тэмцээний мэдрэмжээ сэргээх чухал байгаа. Монголд эрэгтэй 5, эмэгтэй 2 жүдоч илгээнэ” гэж ярилаа.
УБ Их Дуулгад оролцох Беларусын шигшээ баг
Эрэгтэй
73 кг - ГОЛОВАЧОВ Руслан
90 кг - Егор ВОРОПАЕВ, Александр СИДОРИК
100 кг - Даниэл МУКЕТЕ
+100 кг - КУХАРЕНКО Егор
Эмэгтэй
52 кг - Ксения ДАНИЛОВИЧ
78 кг - Дарья КОНЦЕВАЯ
Сэтгэгдэл ( 0 )