Шинэ арслан Киришима Япон буцлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Өнгөрсөн Зуны тэмцээний дараа озэки цол хүртсэн мэргэжлийн сүмогийн шинэ арслан Киришима хэмээх Б.Лхагвасүрэн цолны найраа төрсөн нутаг Дорнод аймгийн Сэргэлэн суманд тэмдэглээд суугуул нутаг Япондоо харилаа. Киришима дөрвөн жилийн дараа Монголдоо харьсан бөгөөд арав хоног амарчээ. Сэргэлэн сумынхан нутгийнхаа сүмочийн цолны наадмыг энэ сарын 9-нд хийсэн. Наадамд хүчит бөх барилдаж, хоёр насны морь уралдан, харваачид цэц мэргээ сорьжээ.

Японы Нарита олон улсын нисэх буудал дээр шинэ арсланг сэтгүүлч нар тосон зогсож байлаа. Киришима “Олон жилийн дараа харьсан болохоор их баяртай сайхан байлаа. Ах дүү, хамаатан садан, найзуудтайгаа уулзаж, нэг л мэдэхэд арав хоног өнгөрсөн байлаа. Төрсөн нутгийнхаа хээр талаар морь унан давхиж, сэтгэл сэргэлээ. Аварга цолны төлөө зүтгэх хүч чадлыг Дорнод нутгаасаа олж авлаа. Хүн бүхэн баяр хүргээд л, зон олныхоо баяр хөөрийг хараад ёкозүна болох хүсэл минь улам ихэслээ” гэж ярьсан байна. Ирэх долоодугаар сарын 9-нд эхлэх Нагоя башёд тэр анх удаагаа озэки цолтой барилдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.228) 2023 оны 06 сарын 17

Амжилт хүсье.Ёкозуна болноо болно.

2  |  0
Top