Өнгөрсөн Зуны тэмцээний үеэр зодог тайлсан озэки асан Точиношин буюу Гүржийн Леван Горгадзегийн зодог тайлах ёслолын тов гарчээ. Цагтаа бяр хүчээрээ гайхагдаж байсан түүнтэй Никкан Спортс сонины сурвалжлагч уулзан ярилцжээ.
-Зодог тайлах ёслол хэзээ болох вэ?
-Ирэх жилийн хоёрдугаар сарын 4-нд Кокүгикан ордонд болно. Цолтой бөхчүүдийн барилдаан мөн хийнэ. Одооноос эхлэн маш олон газар очиж, хүмүүстэй уулзаж ярилцах гээд зав зай муу боллоо.
-Дэвжээндээ очиж байгаа юу?
-Зав зай байвал долоо хоногтоо таван өдөр нь дэвжээндээ ирж байна. Бөхчүүдтэй бэлтгэл хийгээд л. Тойргийн барилдаанд хамт явсан, ирэх сар Нагоя башёд ч очно. Зодог тайлсан ч бараг сүмо бөх шиг л амьдарч байна.
-Цаашдаа ямар ажил хийх вэ?
-Худалдаа наймааны ажил. Гүржийн дарс, зөгийн бал зэрэг эко бүтээгдэхүүнийг Японд борлуулна. Манай дарс эртнээс ямар нэг нэмэлт бодис холилгүй хийдэг аргатай. Би найзтайгаа хамт Токиод “Royal Georgia” гэдэг компани байгуулсан. Гэхдээ би захирал нь биш, жирийн ажилтан.
-Япон, Гүржийн хооронд ирж, очин амьдрах нь дээ.
-Үгүй, Япондоо амьдарна. Гүржид хааяа л очно.
-Зодог тайлах ёслол дээр барилдаантай. Тэгэхээр бас бэлтгэлтэй байхгүй болохгүй нь.
-Хэдийнэ 30 кг турчихсан. Мэдэгдэж байгаа биз дээ?
-Магадгүй. Харин цагаан үс нэмэгдсэн байх чинь.
-Харин тийм. Өмнө нь сахлаа долоо хоногт нэг удаа хусдаг байсан бол одоо 3,4 хоногт хусна. Тэгэхгүй бол тэр чигээрээ цагаан буурал сахалтай болчихоод байгаа.
- Магэ үсээ авхуулах сан гэж яарч байна уу?
-17 жил магэтэй явсан болохоор харамсах сэтгэл бага зэрэг төрж байгаа ч нөгөө талаар угаахад амар хөнгөхөн болно гэж баярлах юм.
-Ирэх башёд гурван залуу заан озэки цолны төлөө барилдах гэж байна. Озэки байсан хүний хувьд дүгнээд хэлэхэд?
-Эхний хэдэн өдрийн барилдаан их чухал. Эхний хэд хоног ялахад сэтгэл санаа ч сайхан болоод явчихна. Мөн озэки болно гэж бодохгүй байх хэрэгтэй. Гол нь сэтгэл зүй. Хоошёорюү, Дайэйшёо, Вакамотохарү нар гурвуулаа үнэхээр хүчтэй. Дайэйшёо, Вакамотохарү хоёр өөрийн гэсэн тогтсон барилдаантай бол Хоошёорюү юу ч хийж мэдэх бөх. Үзэгчдийн 70-80 хувь нь тийм сонирхолтой барилдааныг л хүсэж, ордонд ирдэг. Ах Асашёорюү нь маш хүчтэй бөх байсныг бүгд мэднэ. Хоошёорюүг хурдан ёкозүна болоосой гэж боддог.
Сэтгэгдэл ( 5 )
Дүрээрээ аса аварга шдээ
Dagvaatai adilhan tsaraitai shde. bor l bolohoos
Ах нь л гээд байхын яг аав нь Дагваагын төрсөн ах нь мөн үү. Эцэг өар гэдэг юм билээ
Дэмжиж байсан юмсан. Гэхдээ амжилт гаргавал Давгаа шигээ сагсуурах шинжтэй юм бна!
Ok