Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ сарын дараа эхэлнэ

Админ | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Энэ жилийн спортын ертөнцийн томоохон үйл явдлын нэг болох эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд яг нэг сарын хугацаа үлдлээ.

2023 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг дуустал бүтэн сар үргэлжлэх эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 9 дэх удаагийн тэмцээн Австрали, Шинэ Зеландын 9 хотын 10 цэнгэлдэхэд явагдах юм.

Дөрвөн жил зохиогддог эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ улам л сонирхолтой, үзүүштэй болоод зогсохгүй, санхүү эдийн засгийн хувьд ч бэхжиж байгаа билээ. Энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулахын төлөө 10 орон урьдчилсан мэдүүлгээ өгч байсныг дурьдахад л хангалттай. Гэтэл одоо цагт хүн төрөлхтний их баяр цэнгэл Олимпийн (ялангуяа өвлийн олимпыг) зохион явуулах улс орон бараг олдохгүй болж байгаа шүү дээ.

"Австрали-Шинэ Зеланд 2023" ДАШТ олон олон онцлоготой, содон сонин зүйл ихтэй болно.

Тухайлбал эмэгтэйчүүдийн ДАШТ-д анх удаагаа 32 орны шигшээ баг оролцоно. Мөн бөмбөрцгийн өмнөд хэсэгт болж буй эмэгтэйчүүдийн анхны ДАШТ. Зохион байгуулагч хоёр орон өөр өөр бүсийн холбоонд (Австрали Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн, харин Шинэ Зеланд Далайн орнуудын) хөлбөмбөгийн холбоонд харьяалагддаг.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ 1991 оноос эхлэн ФИФА-ийн албан ёсны тэмцээн болон зохиогдож эхэлсэн бөгөөд найман удаагийн ДАШТ-д дөрвөн улсын баг аварга хэмээх хүндтэй алдрыг хүртэж байсан юм. Тухайлбал, АНУ-ын баг 4 удаа (1991,1999, 2015,2019 онд), Германы баг хоёр удаа (2003,2007 онд), Норвеги (1995), Япон (2011) нэг удаа дэлхийн аварга болж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top