Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг хэрхэн тодруулах асуудал чөлөөтийнхний хувьд маргааны суурь болоод байна. Маргааны гол үндэс нь гуравдугаар сард болсон УАШТ-д түрүүлсэн бөхчүүд ДАШТ-д явах уу, сорилт барилдаан хийж, хэн ялсан нь явах уу гэдэг дээр тамирчдын санал зөрөлдөөд байгаа. Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан. Үүнийг эсэргүүцсэн бөхчүүд энэ сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, гэнэт сорилт барилдаан зарласныг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлснийг бид мэдээлсэн. Харин өнөөдөр сорилт барилдааныг дэмжиж байгаа бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, чухам ямар үндэслэлээр сорилт хийхийг дэмжиж байгаагаа тайлбарлалаа. Ингээд тамирчдын байр суурийг танилцуулж байна.
Эмэгтэй шигшээ багийн ахлагч, ОУХМ Э.Даваачимэг “2013, 2014 онд би улсын аваргын тэмцээнд түрүүлээд ДАШТ-д явах байсан. Тэр үед сорилт гэдэг зүйл байдаггүй байлаа. Холбооны Удирдах зөвлөл, багш нар “Намайг бага залуу байна” гээд өмнөх жил нь ДАШТ-ээс мөнгөн медаль авсан эгчийг явуулж байсан. Үүнээс болоод надад сэтгэл зүйн их хүндрэл учирч байсан. Харин 2017 онд сорилт барилдаан бий болсноор бүх тамирчдад нээлттэй, шударга зүйл болсон гэж хэлмээр байна. Манай эмэгтэй багийн дасгалжуулагч нар “Бүх арван жиндээ сорилго хийхгүй, 3-4 жинд л сорилт хийнэ” гэж ярьж байгаа. Харин тамирчид бид энэ сорилт хийх эрхийг багш нарт өгмөөргүй байна. Яагаад гэвэл багш нар жингээ хуваагаад хоорондоо наймаалцах магадлал маш өндөр байгаа. Бид хардах эрхтэй. Эмэгтэй тамирчдаас суурь бэлтгэл, дээр нь биеийн байдал, эм зүйн шинж, гэмтэл бэртэл гээд олон зүйл харж сонгоно гэж байгаа. Багш нарын шийдвэрээр л хэн ДАШТ-д, хэн Азийн наадамд явахыг шийдмээргүй байна” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 3 )
Зөв
Япон шиг бай л да. Бүх Японы аварга шалгаруулах, нэг том цомын төлөөх тэмцээнд түрүүлсэн бол ДАШТ явна. Аль нэгэнд түрүүлбэл сорилт барилдаанд түрүүлсэнтэй барилдана. Ингээд л асуудал шийдэгдэнэ. Хэхэ
Zuv shuu dee . Hen iluu ni yvah uostoi.