Дагестанд болж байгаа ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 57 кг-ын жинд олимпын аварга Заур Угуев түрүүлж, УАШТ-ий зургаа дахь алтан медалиа зүүлээ. Түүнээс олон удаа улсын аварга болсон бөх Орост долоо түрүүлсэн Курамагомед Курамагомедов, найм тэргүүлсэн Хажимурат Гацалов хоёр л үлджээ. Заур Угуевтай Дагестаны сэтгүүлчид уулзан ярилцсан байна.
-Баяр хүргэе.
-Төрөлх Дагестандаа түрүүлээд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон түрүүлсэн гурван бөхийн нэг болно гэдгээ мэдээгүй байлаа. Мэдээж баяртай байна. Рашид бид хоёр тав, тав түрүүлсэн гэдгийг мэдэж байсан.
-Долоо түрүүлсэн Курамагомед Курамагомедов танд Оросын арван удаагийн аварга болохыг хүсэн ерөөж байсан.
-Би их баярласан. Эрүүл энх байгаа цагтаа барилдсаар байх болно.
-Нутагтаа хэдэн тэмцээнд оролцож байв?
-Хамгийн дурсгалтай нь Каспийскт болсон Европын АШТ. Даанч түрүүлж чадаагүй. Алиевын нэрэмжит тэмцээнд хоёр удаа оролцож, нэг түрүүлж байсан ч энд Оросын аварга болсон нь илүү баяртай байна. Оноо авах болгонд үзэгчид хашгаран дэмжээд ёстой сайхан байлаа.
-Оролцогчдын дунд ганцхан олимпын аварга байсан нь та. Заавал түрүүлэх ёстой гэсэн дарамт мэдрэв үү?
-Харин ч эсрэгээрээ барилддаад ялаад байх хүсэл төрүүлсэн. Манай Дагестанд ийм том тэмцээн олон болж байвал сайн байна.
-Манай бөхчүүд олон улсын тавцанд эргэн ирж байна.
-ДАШТ-д оролцох асар их хүсэл байна. Олимпын эрх олгох тэмцээн шүү дээ. Гэхдээ биднээс хамаарах зүйл маш бага. Орос бөхчүүдийг ДАШТ-д оролцуулах эсэх нь тодорхойгүй хэвээр. Гэхдээ би бэлэн байх болно.
-Та АНУ-ын дэлхийн аварга, олимпын медальт Томас Гилмантай барилдмаар байна гэж байсан. Харамсалтай нь тэр шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялагдчихсан. Түүнтэй барилдах хүсэл чинь хэвээр байгаа юу?
-Тэр олон жил Америкийн багийн лидер байсан бөх. Үнэнийг хэлэхэд ДАШТ-д оролцож л байвал америк бөхчүүдийн хэнтэй нь ч барилдсан яах вэ. PWL мэргэжлийн лигт Гилмантай барилдвал хоёр улсын үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Сарын дараа болох лигийн барилдаанд ороход бэлэн. Урилга хүлээж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яг ориг иван бех гэж байдаг юм уу, дандаа л нэг бага ястан байх юм, челеет орост ер нь бага ястаны спорт болчихсон юм биш уу