Гэрэл зургийг Д.Амаржаргал
Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Улаанбаатар хотод хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Улаанбаатар Их Дуулга тэмцээнд 44 орны 345 жүдоч оролцож байна. Манай нийслэл хот 2009-2012 онд жүдо бөхийн Чингис хаан дэлхийн цомын тэмцээн, 2013-2016 онд Гран При тэмцээнийг амжилттай зохион байгуулж ирсэн туршлагатай. Харин 2022 оноос зэрэг ахиулан Их Дуулга тэмцээнийг хүлээн авч, эхэлсэн. Анхны Их Дуулга тэмцээнд 30 орны 279 тамирчин өрсөлдөж байсан бол энэ жил оролцогчдын тоо нэмэгджээ.
Учир нь ирэх жил Парист болох олимпын наадмын эрхийн оноог энэ тэмцээнээс олгож эхлэх юм. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг жүдочдын Парисын олимпын өрсөлдөөн өнөөдөр Монголын нийслэлд эхэлж байна гэж хэлж болно.
Өчигдөр тэмцээний эхний өдөр хөнгөн таван жингийн барилдаан боллоо. Зохион байгуулагч орны хувьд манайх жин болгонд дөрвөн бөх сойсон тул эхний өдрөөс медаль авах нь тодорхой байлаа. Ингээд манай 20 бөх УБ Их Дуулгын эхний өдөр татамид гарч, хоёр медаль авлаа.
"Хилчин" спорт хороо, "Жем" интернэшнл, "Улаанбаатар менежмент" компанийн тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү АЛТАН МЕДАЛЬ авч, энэ Их Дуулгын манай алтан медалийн эхлэлийг тавьлаа. Тэрээр өнгөрсөн жил энэ тэмцээнд хүрэл медаль хүртэж байлаа. Энэ жинд мөн Алдар спорт хороо, Хангай канстракшны тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медаль хүртсэн юм.
Эрэгтэй 66 кг
1. Ё.Басхүү (MGL)
2. DZHEBOV Obid (TJK)
3. NAJAFOV Yashar (AZE)
3. Б.Эрхэмбаяр (MGL)
5. BAYANMUNKH Narmandakh (UAE)
5. FUJISAKA Taikoh (JPN)
7. GOBERT Maxime (FRA)
7. GUNJINLKHAM Sod-Erdene (MGL)
Сэтгэгдэл ( 0 )