Жүдо бөхийн Их Дуулга тэмцээн Улаанбаатар хотод хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр хөнгөн таван жингийн барилдаан болж, эрэгтэй 66 кг-ын жинд Ё.Басхүү түрүүлсэн. Манай бөх Казахстаны Гумар Киргизбаяевыг торгуулиар, “А” хэсгийн аваргын төлөө Азербайжаны Яшар Нажаповыг цэвэр ялж, хагас шигшээд Японы тамирчин Тайко Фүжисакаг хансокүмакэ ялж, аваргын алтан медалийн төлөө Тажикстаны Обид Зхебовыг нэмэлт цагт гурван торгуулиар ялсан юм.
Түүнээс барилдааны дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос ярилцлага авлаа.
-Эх орондоо алтан медаль хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач.
-Маш сайхан сэтгэгдэл төрж байна. Нутагтаа болдог Их Дуулга тэмцээнд хоёр удаа оролцлоо. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн бол энэ жил түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг байнга дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Үнэхээр үзэгчид таныг уухайлан дэмжиж байлаа. Та түрүүлж, баатар болж чадлаа.
-Олон түмнийхээ итгэлийг алдалгүй, сайн барилдаж чадсандаа баяртай байна. Дахиад Монголын ард түмэндээ хайртай шүү, дэмжиж байдагт баярладаг шүү гэж хэлье.
-Танхим дүүрэн үзэгчид нэрийг чинь дуудан хашгарч байхад юу мэдрэгдэж байв?
-Үнэхээр гоё мэдрэмж байлаа. Энэ завшааныг ашиглаад Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга танд нутагтаа ийм том тэмцээн зохион байгуулах эрх авч, тамирчин бидэнд ийм том боломж олгосонд маш их баярлалаа гэж хэлье.
-Улаанбаатарын Их Дуулгаас Парисын олимпын эрхийн оноог 100 хувь олгож эхэлж байгаа. Энэ утгаараа таны хувьд хэр ач холбогдолтой тэмцээн болсон бэ?
-Манай шигшээ багийн бүх тамирчдын хувьд маш чухал тэмцээн байлаа. Бид ДАШТ-д оролцож ирээд УБ ИХ Дуулга тэмцээндээ оролцохоор бэлтгэсэн. Манай жүдо бөхийн холбооноос тамирчдаа дэмжих, алдаан дээрээ ажиллах гэж энэ Их Дуулга тэмцээнийг авсан байх гэж бодож байна.
-Алтан медалиа яаж угаах талаар бодсон уу?
-Бодсон юм байхгүй, гэртээ харьж гэрбүлтэйгээ баяраа хуваалцана даа. Дараа дараагийн тэмцээн байгаа болохоор тэмдэглэнэ гэсэн зүйл бодоогүй байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
Басхүүдээ баяр хүрэгье. Чамаас хойш гарах том дуугарах тамирчин мөддөө харагдахгүй байгаа нь л гачлантай байна даа...