ОХУ-ын Дагестанд чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн болж өнгөрлөө. Эрэгтэй 65 кг-ын жинд Шамиль Мамедов анх удаагаа түрүүллээ. Гэхдээ Шамиль энэ жингийн гол бөхөөр нэрлэгдэж байсан. Тэрээр Ярыгиний хоёр алт, "Яшар Догу - 2022" чансааны тэмцээнд түрүүлснээс гадна мэргэжлийн PWL-4 лигийн тэмцээнд Азербайжаны Хажи Алиевыг итгэл төгс ялсан билээ. Түүнтэй Дагестаны сэтгүүлч Тигран Аванян уулзан ярилцсан байна.
-Та УАШТ-ий өмнө хуримаа хийсэн гэсэн.
-УАШТ уг нь зургаадугаар сарын 14-нд болох байлаа. Тэгээд би 17-нд хуримаа хийхээр төлөвлөөд байлаа. Гэтэл тэмцээнийг долоо хоног хойшлуулдаг юм байна. Харин би хуримаа хойшлуулахыг хүсээгүй. Хуримаа хийлээ, тэмцээнд орлоо, түрүүллээ, ийм л байна.
-Хуримын өмнө жин хэд байв?
-67-68 кг. Бараг жиндээ орж байсан гэхэд болно.
-Хуримын үеэр тэмцээн санаанд орж ирээд хэцүү байгаагүй юу?
-Үгүй дээ, бөхийг энэ өдөр толгойноосоо бүр мөсөн гаргасан байсан. Дашрамд дурдахад өнөөдөр надтай финалд барилдсан Ибрагим Ибрагимов хуримын зочдын маань нэг шүү дээ.
-Та хоёр дотно найзууд уу?
-Нөхөрлөөд таван жил болж байна. Өдөр бүр хамт бэлтгэл хийгээд, цугларалтад гарахдаа нэг өрөөнд амьдарна. Жил ирэх тусам улам зузаан найзууд болж байгаа.
-Хоорондын барилдааны харьцаа?
-4:0.
-Цаашдын төлөвлөгөө?
-Есдүгээр сард дэлхийн аваргатай. ДАШТ-д барилдахыг хамгийн их хүсэж байна. Мөн мэргэжлийн лигийн PWL-5 тэмцээн удахгүй болно. Сайн өрсөлдөгч олж өгвөл би дуртайяа барилдах болно. Японы олимпын аварга Такүто Отогүро, Ираны дэлхийн аварга Разман Амузадхалили хоёрын аль нэгтэй тохиролцож чадвал сайн байна. Тэр хоёрын хэн нэгтэй нь ДАШТ-ий өмнө халз барилдаж, өөрийгөө сорих хүсэлтэй байгаа.
-Хэрэв орос бөхчүүдийг ДАШТ-д оролцуулбал 65 кг-д таныг түрүүлнэ гэж шинжээч нар үзэж байна.
-Би дэлхийн аваргын тэмцээн, Европын АШТ-д барилдаагүй ч Яшар Догу, мэргэжлийн лигийн PWL тэмцээнд барилдлаа. Тэмцээнд оролцоогүй удсан ч бид дэлхийн шилдгүүдээс юугаараа ч хоцроогүй байна. ОХУ-д 65 кг-ын жингийн өрсөлдөөн дэлхийн өрсөлдөөнөөс илүү хүчтэй. ДАШТ-д оролцож, үүнийгээ баталмаар байна.
Сэтгэгдэл ( 2 )
65кг-д тэр үнэхээр шилдэг нь үү, дэлхийн аваргаар харж л байя .
Аваргын сэтгэл зүй гэж энэ дээ. Орос залуу дэлхийн шилдгүүдтэй дэлхийн аваргын өмнө барилдмаар байна гэж байхад манай шилдгүүд дотоодын бөхчүүдээсээ хулчийж сорилго барилдаан хийхгүй гэж хэвлэлээр гонгинож суух юм.