Түүхэн дэх хамгийн аварга тулаанчийг дурсахуй

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Эммануэл Ярбро бол дэлхийн спортын түүхэн дэх хамгийн аварга биетэй тамирчин. Энэ хорвоод 51-хэн наслахдаа тэрээр холимог тулаан, жүдо, сүмо гээд олон төрөлд мөрөө гүнзгий гэгч нь үлдээж чадсан юм. Цагтаа 400 кг жинтэй байсан түүнийг “махан бөмбөг”, “өөхөн уул” гэх зэргээр тохуурхан нэрлэж байсан ч тэр жинхэнэ тамирчин байсан. 2015 онд тэрээр нас барахаасаа өмнө өгсөн нэгэн ярилцлагыг эргэн сөхөж үзье.

Холимог тулаанд тэр гуравхан тулалдсан ч домог болж чадсан юм. Түүний хамгийн анхны тулаан нь 1994 оны есдүгээр сарын 9-нд АНУ-ын Хойд Каролинагийн Шарлотт хотод болсон “UFC 3” тэмцээн. Ярбро жин үзэлт дээр 201 см өндөр, 279 кг жин татав. Түүний өрсөлдөгч нь каратэгийн Кит Хэкни байсан бөгөөд Ярбро хоёр дахь минутад хүнд цохилтоор ялагдсан юм.

 
Дөрвөн жилийн дараа Ярбро эргэн ирлээ. Энэ удаад тун амжилттай гэж хэлж болно. Японы Shooto промоушены шоун дээр тэр Тацүо Наканог маш өвөрмөц мэхээр ялсан. 264 кг болтол турсан байсан Ярбро өрсөлдөгчийнхөө дээр нь зүгээр л хэвтсэн. Накано амьсгалж чадахгүй, бүтээд бараг “үхсэн” билээ.
 
Хоёр сарын дараа Ярбро холимог тулаанд гурав дахь буюу сүүлийн тулаанаа хийлээ. “Pride 3” тэмцээний дэвжээн дээр тэр Дайцү Такасэтэй тулалдав. Наканог ялсан дээр нь хэвтэх мэхээ хийх гэж оролдсон ч чадсангүй. Дайцү гялс бултаад босож, хэвтэж байгаа Ярброгийн толгойг хөлбөмбөгийн бөмбөг шиг өшиглөж эхэллээ. Ярбро өндийх гэж оролдоод ч биеэ даасангүй, бууж өгсөн юм.

Ярбро 2015 оны аравдугаар сард “Fight Network”  сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Ямар стилиэр хичээллэж байснаас тулаан хамаардаг. Би жүдо, сүмо барилдаж байсан хүн. Тэгэхээр бокс, каратэгийн тамирчидтай тулалдахдаа бөхөө ашиглаж чадах эсэх нь их сонирхолтой байдаг. Дэвжээнд гарахдаа л бөхийн мэх хийхээр шийдсэн байдаг байлаа. Хүнд жинтэй болохоор удаан тулалдаж чадахгүй гэдгээ мэддэг байсан. Харин бөх барилдаад зуураад авбал жингээ ашиглаж болно” гэж ярьж байв.

Ярброгийн үндсэн спортын төрөл нь сүмо. Гэхдээ мэргэжлийн биш сонирхогчдын сүмо. 1995 онд тэр дэлхийн аварга болж байсан. Барилдаж байх үедээ түүний дээд жин нь 319 кг байсан бөгөөд мэргэжлийн сүмод ийм хүнд бөх хэзээ ч байгаагүй юм. Мэргэжилд орсон бол ёкозүна болж чадах байсан эсэх нь ч эргэлзээтэй. Манай Б.Бат-Эрдэнэ аварга 1994 оны сонирхогчдын сүмогийн ДАШТ-д түүнийг ялчихаад “Газар газрын аварга биетнүүдтэй ноцолдож байж, дэлхийн аварга боллоо” гэж ярьж байсан удаатай.
Ярбро мөн мэргэжлийн бөхийн реслинг-шоунд оролцож, зар сурталчилгаанд тоглон, Болливудын “Мистер, миссис Хилади” кинонд дүр бүтээж байсан хүн.
 
2007 онд Ярбро 370 кг жинтэй болоод байхдаа анх зүрхний дутагдал оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ. 2015 оны 12 дугаар сард тэр зүрхний өвчнөөр энэ хорьоог орхисон.
Түүний менежерийн хэлснээр Ярбро бүх амьдралынхаа турш хоолны хамаарлаас гарахаар тэмцэж, “Би өөрийнхөө биеийн боол” гэж ярьдаг байсан гэнэ. Хэчнээн хүнд хэцүү байсан ч тэр амьдралд их өөдрөг хүн байлаа. Ингээд түүний ярилцлагаас хамгийн сонирхолтой хэсгүүдийг толилуулья.

 

Спортын замналынхаа тухай

 

“Би Нью-Жерсид төрж өссөн. Бүр тодорхой хэлэх юм бол Манхэттенаас 30 минут явах зайтай Рауэй гэдэг хот. Том бүдүүн биетэй ч би бүх амьдралдаа тамирчин байсан. Есөн настайгаасаа америк хөлбөмбөгийн тэмцээнд оролцож, дараа нь бейсболыг сонголоо. Дунд сургуульд байхдаа барилддаг болсон. NCAA All-American шганалыг америк хөлбөмбөг, чөлөөт бөхөөр хүртэж явлаа. Чөлөөт бөхөөс жүдод шилжсэн шалтгаан нь би шидэх мэхийг гаргуун хийдэгт байлаа. Цагаан бүсний эзэн болж, АНУ-ын олимпын багт сонгогдож, дэлхийн аваргын тэмцээний сонгон шалгаруулалтад өрсөлдөж явсан гээд бод. Жүдогоор хичээллээд удаагүй байж шигшээ багийн сонгон шалгаруулалтад гуравдугаар байр эзэлж байлаа”

 

Жингийнхээ талаар

“Би Гиннесийн номонд хамгийн хүнд тамирчин гэж бүртгэгдсэн. Тэр үед 319 кг байлаа. Нэг мэдэхэд л 371 кг хүрсэн байсан. Жингийн илүүдлээс болж эрүүл мэнд муудсан тул жингээ хасаж эхэлсэн. Хэт таргалснаас жирийн зүйлийг ч хийж чадахгүй болж ирсэн юм. Ингээд эрүүл мэнддээ анхаарч эхэлсэн. Жүдо барилдаж байхад 238 кг байлаа. Би үргэлж л аварга том биетэй байсан. Дунд сургуульд хөлбөмбөг тоглодог байхдаа л 172 кг байсан. 14 настай байхад эмч нар надад чиний төгс жин бол 145 кг гэж хэлж байлаа. Манай ах хамгийн хүнддээ 120 кг байсан болохоор миний хувьд тэр хөнгөн жингийн бөх байв. Одоо би турахаар хичээж байна. Яагаад гэвэл 300 кг-аас дээш жинтэй хүмүүс дунд жараас дээш насалсан хүн байхгүй. Би урт насалмаар байна. Хагалгаа хийлгээд тур гэж зөвлөх хүн байгаа ч би спортын дасгал хийж, хоолны дэглэм барьж турах төлөвлөгөөтэй байгаа. Мэс засал хийлгэхгүй. Жингээ сайхан хасчихаад сонирхогчдын сүмогийн ДАШТ-д сүүлийн удаа оролцох хүсэлтэй. Жүдод эргэн ирэлт хийсэн ч болж байна”     

 

Амьдралынхаа талаар

 

“Хэт тарган ч хүмүүст санагддаг шиг хүнд хэцүү зүйл ахуй амьдралд байхгүй. Нью-Йорк, Японд такси барихад хүндрэл гардаг ч ер нь бол зовоод байгаа зүйл үгүй. Лондонд том такситай болохоор асуудал байхгүй. Харин Энэтхэгт машины кабинд нь багтахгүй юм билээ. Онгоцоор нисэхдээ хоёр суудал захиална. Багтчихдаг л юм. Харин 2012 онд АНУ-ын Delta компанийн онгоц гурван суудал аваад байхад намайг оруулаагүй.

 

Сүмо бөхийн талаар

 

Япончууд сүмогоо олимпын хөтөлбөрт оруулах гээд олон улсын тавцанд их лобби хийдэг байлаа. 1992 онд Японд болсон сонирхогчдын сүмогийн ДАШТ-д мөнгөн медаль авснаасаа хойш би сүмод дурласан. Бие хаа том гээд спортод дандаа ялаад байдаггүй. Би өөрөөсөө жижигхэн өрсөлдөгчид зөндөө ялагдаж байсан. Хамгийн гол нь ялах хүсэл, зүрхэн доторх гал. Яг л амьдрал шиг. Барилдаан болгон амьдралын нэгэн хэсгийг санагдуулдаг. Миний хамгийн удаан барилдаан бол 1994 оны ДАШТ дээр нэг минут, 47 секунд үргэлжилсэн барилдаан. Маш хүнд барилдаан болсон, өрсөлдөгч минь Монголын Б.Бат-Эрдэнэ байв. Тэр барилдааны дараа би 20 минут орчим хэвтэж байж, сэхсэн юм. Сүмод амжилт гаргаснаа аз гэж боддог. Сүмогийн ачаар би Энэтхэг, Шинэ Зеланд зэрэг 14 оронд очиж үзсэн. Тийм болохоор би азтай хүн шүү.

 

 

Ялан дийлэх хүслийн талаар

 

“Би хүмүүсийг хийх зүйлгүй зүгээр хэвтэлгүй, ямар нэг зүйл оролдож, зорилгынхоо төлөө зүтгээсэй гэж хүсдэг. 300 кг жинтэй би юм хийж чадаж байхад та өлхөн чадна. 300 кг ч байсан чадна, гол нь юм хийж эхлэ. Жишээ нь, гараа өдөрт арван удаа дээш өргөх дасгал хий. Тэгээд л тоог нь нэмээд явах юм. Ямар ч хүнд үе байсан өөртөө итгэх итгэлээ бүү алд. Бүх юм миний эсрэг мэт санагдах үе надад байсан. Харин би бууж өгөөгүй, хөдөлж байгаа цагт амжилт хэзээ нэгэн цагт ирнэ гэж итгэж байлаа. Тиймээс өмнөө зорилго тавь, биелүүлэх гэж хичээ. Би туршлагаасаа хуваалцаж байна.  350 кг жинтэй болчихоод орноосоо арай ядан босдог байхдаа би хөлөө дээш өргөх дасгалаас эхэлсэн. Дасгалаа хийсээр байгаад босож чадсан. Өөдрөг байгаарай гэж би зөвлөмөөр байна. өөдрөг зүйлээс өөдрөг үр дүн гардаг гэдгийг битгий мартаарай. Сэтгэлээр хэзээ ч бүү уна”.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tom (66.181.161.38) 2023 оны 06 сарын 30

Нүсэр эр байжээ\n

8  |  0
Top