Монгол-Японы байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх 15 дугаар уулзалт болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

2023 онд Монгол-Японы Хамтарсан кредит олгох механизмын 10 жилийн ой тохиож байгаа. Иймд энэ удаагийн Монгол-Японы Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх 15 дугаар уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны олон амжилт, цаашдын хамтын ажиллагаа болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалтад Япон Улсын Байгаль орчны Дэд сайд Исато Кунисада, Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байна.

“Монгол Улс, Япон Улстай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай орны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр улсын харилцаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ирсэн. Үүний нэг илрэл нь “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж байгаа харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” гэх шинэ шат руу ахисныг хэлж болно. Энэ онд Монгол-Японы хамтарсан кредит олгох механизмын 10 жилийн ой тохиож байна. Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүд нь Япон Улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх болон үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Үргэлжлүүлэн дараах асуудлыг хэлэлцэж байна. Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.

  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамтын ажиллагаа
  • Монгол Улсын агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагаа,
  • Шар шороон шуурга, Улаанбаатар хот дахь агаарын бохирдлын хяналт,
  • Фторт нүүрстөрөгчийн ялгарлын хяналтын явц,
  • Биологийн олон янз байдлын хамгааллын бодлого, хамтын ажиллагаа
  • Кунмин-Монреалын Даян дэлхийн биологийн олон янз байдлын баримт бичиг, Сатояма санаачилга,
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, санал солилцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top