Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын шигшээ багийг ирэх есдүгээр сард Сербид болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох болсныг албн ёсоор баталлаа. Энэхүү тэмцээнд олимпын жин тус бүрт олимпын 5 эрх олгох юм.
ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацалов сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ДАШТ-ий бэлтгэлдээ гарсан уу?
-ДАШТ болтол гурван цугларалттай. Долоодугаар сарын 13-наас Кисловодск, намйдугаар сарын 10-наас Сочи, ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ Парамоновт хийнэ.
-Эхний цугларалтад хэдэн тамирчин оролцох вэ?
-Жин тус бүрт 4 тамирчин дуудсан. Саяхан болсон УАШТ-ий бүх медальтан оролцоно. Дээр нь УАШТ-д хагалгааны улмаас ороогүй Абдулрашид Садулаев (97 кг), өвчний учир оролцоогүй Заурбек Сидаков (74 кг) хоёр нэмэгдэж байгаа. Энэ хоёр жинд долоодугаар сарын сүүлээр болох “Кубок Содружества” тэмцээн дээр бид нэмэлт сонголт хийнэ. Тэдний жингийн энэ жилийн улсын аварга Алихан Жабраилов, Чермен Валиев хоёр ДАШТ-д орох эрхийн төлөө тэмцэх боломжтой байх ёстой.
-Тэд тэмцээн дээр хоорондоо таарахгүй бол яах вэ?
-Хэн илүү хол явсан нь илүү боломжтой болно.
-ДАШТ-д оролцох эцсийн бүрэлдэхүүн хэзээ тодорхой болох вэ?
-“Кубок Содружества” тэмцээний дараа. Учир нь ДАШТ эхлэхээс сарын өмнө мэдүүлгээ өгсөн байх ёстой.
-Тамирчдын бэлтгэлд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Хангалуун байна. Залуу баг бүрдсэн. Гол нь тэмцээн уралдаан дутагдаж байна. Нэг талаас Заур Угуев (57 кг), Абасгажи Магомедов (61 кг) хоёр жиндээ тэргүүлсэн хэвээр байгаа бол нөгөө талаас залуучууд гарч ирлээ. 86 кг-д 23 настай Арслан Багаев гэж шинэ од төрсөн. Ярыгинд түрүүлээд сая улсын аваргад итгэл төгс ялсан. 65 кг-ын 22 настай Шамиль Мамедов, 125 кг-ын 21 настай Абдулла Курбанов байна. 57 кг-ын 19 настай Артём Гобаев финалд Угуевд л ялагдсан залуу бас байгаа.
Сэтгэгдэл ( 0 )