Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө.
"Мөсөн өргөө"-нд долоон өдрийн турш тэмцээнийг хөтөлж, зарлаж байгаа нэгэн бүсгүйн дуу хоолой энэхүү тэмцээний чимэг болсон гэхэд болно.
Ингээд уншигч та бүхнийг түүнтэй уулзуулья.
-Долоо хоног Монголын үзэгчид таны дуу хоолойг энэ ордонд сонслоо. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Намайг Хонгорзул гэдэг. Физик судлалын ухааны мэргэжилтэн. Спортын, жюү жицүгийн тэмцээнийг 2019 оноос хойш хөтөлсөн. Оролцсон хамгийн том тэмцээн маань энэ дэлхийн аваргын тэмцээн байлаа. Би МУИС-ийн япон хэлний ангийг төгссөн. Англи, орос хэлний багш мэргэжлээр бас төгссөн. Англи, орос, япон, хятад хэлтэй.
-Яагаад спортын тэмцээн хөтлөх гэж шийдэв? Ямар тохиолдлоор 2019 онд жюү жицүтэй холбогдов?
-2019 онд Монголд дөрөв дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход зохион байгуулах багт орж ажилласан. Тэмцээн эхлэх үед англи хэлтэй, спортын хөтлөлт хийх хүн шаардлагатай болоод анх удаа хөтөлж үзсэн. Тэгэхээр спортын зарлах, хөтлөх маань жюү жицүгээс эхлэлтэй.
-Спортын орчуулга, хөтлөлт хийхэд жирийн орчуулга хийхээс хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Хүндрэлтэй зүйл нь бүх улс орнуудын нэр нь товчлолоороо, эсвэл тугаараа гарч ирдэг. Дэлгэцэн дээр шууд гарч ирэх үед таних ёстой байдаг. Бас нэг хэцүү зүйл бол тухайн хэлээр тамирчдын нэрийг яг яаж зөв дуудах вэ гэдэг нэлээд эргэлзээтэй байдаг.
-Тэгэхээр гадаад хэлнээс гадна хувь хүний кругозор мэдлэг бас шаардлагатай болох нь.
-Тиймээ, бас тухайн хэлээр үсгүүдийг хэрхэн зөв дуудах талаар мэдэх ёстой.
-Дэлхийн аваргын тэмцээнийг хөтлөхдөө юунд голчлон анхаарч бэлтгэв?
-Хамгийн гол нь зохион байгуулагч талтай, мөн Олон улсын холбоотойгоо маш нягт уялдан, хамтарч ажиллах шаардлагатай байдаг юм байна. Яагаад гэвэл тухайн дэвжээ, цаг мөчид өөрчлөгдөх зүйл гарч ирдэг. Ялангуяа шагнал гардуулах ёслолын үеэр гэнэтийн өөрчлөлт, шийдвэрүүд гардаг. Тэр болгонд дэлхийн холбоотойгоо холбогдож, шууд арга хэмжээ авч, шууд зарлах шаардлага гарна.
-Тэгэхээр жюү жицүгийнхээ дүрмийг сайн судлах шаардлага гарах нь?
-Тиймээ, ялангуяа техникийн алдаа, эсвэл шүүгчдийн санамсаргүй алдаанаас болж, ялагчийг буруу талд зарлаж, дэлгэц дээр буруу нэр гарах тохиолдол байдаг. Тэр үед зарлахгүйгээр залруулах шаардлага гардаг.
-Энэ удаагийн ДАШТ-ийг маш сайн зохион байгууллаа гэж мэргэжилтнүүд ярьж байна. Таны бодол?
-Миний хувьд ч маш сайн зохион байгуулалттай, ажиллахад ямар ч саад бэрхшээл байхгүйгаар хийж чадлаа гэж бодож байна. 2019 онд Азийн аваргын тэмцээнийг бид нутагтаа зохион байгуулахдаа туршлага их хуримтлуулсан байна, тэр үед гаргасан алдаагаа сайн засаж, бэлтгэл сайтай байлаа гэж дүгнэж байна. Олон улсын холбоо, шүүгчдийн зөвлөлийн сэтгэгдлээс харахад маш өндөр сэтгэгдэлтэй байгаа нь мэдэгдэж байсан. Өндөр санхүүжилттэй хийдэг улс орнуудаас илүү хүмүүст хүрч зохион байгууллаа гэсэн өндөр үнэлэлт авсан байсан.
-Та өөрөө ямар спортоор хичээллэдэг, үздэг, сонирхдог вэ?
-Би холимог тулаанаар нэг хэсэг хичээлэлдэг байсан ч завсарлаад удаж байгаа. Жюү жицү тайлбарлаж эхэлснээс хойш ширээний теннис зэрэг олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан. Спортын шууд хөтлөлтийг бол жюү жицүгээрээ дамжуулан олж авсан.
-Жюү жицүгээс өөр спортын төрөлд хөтөлж тайлбарлаад үзье гэсэн бодол байдаг уу?
-Олон улсын тэмцээнд шууд зарлаж, хөтлөх энэ ажлыг хийхэд спортын төрлүүд хоорондоо их ялгаатай байдаг. Маш их зүйл сурдаг юм гэдгийг харсан.
-Гадаадын спортын нэвтрүүлэг үзэж, хөтлөгч нарыг яаж ярьж байна гэх зэргээр сонирхож үздэг үү?
-Анх спортын тэмцээн хөтөлж эхэлснээсээ хойш олимп зэрэг тэмцээн дээр зарлаж байгаа хүмүүсийн дуу хоолойны өнгө, үг хэллэг зэргийг их анхаардаг болсон байна лээ.
-Танхимд хөтлөлт хийж байгаа хөтлөгч ямар чадвартай байх ёстой гэж боддог вэ?
-Маш анхааралтай байх ёстой. Ялангуяа жюү жицү дээр гурван дэвжээн дээр тэмцээн зэрэг явж байгаа учраас. Анхаарлаа хувааж, бүх цаг мөчийг сайн анзаарч байх ёстой. Ямар нэг сандрал, гэнэтийн зүйл гарсан үед тэрийг үзэгчдэд мэдэгдэхгүйгээр, хөтлөлтөө тасралтгүй үргэжлүүлж чаддаг байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 2 )
Гайхалтай байсан шүү
Үнэхээр чадварлаг бүсгүй шүү,эх орны минь дуу хоолой болж байдаг