Тэрүнофүжи: Намайг нэг л хүн дэмжиж байхад тэр нэг хүний төлөө би барилдах ёстой

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эх орондоо ирээд байна. Аварга амрахаас гадна шинэ номынхоо нээлтийг хийхээр иржээ.

“Ангалын ёроолоос өгсөх маргааш” нэртэй түүний номын нээлт өчигдөр “Интерном” дэлгүүрт боллоо. Энэ ном хоёр жилийн өмнө Японд гарч, бестселлер болсон бөгөөд монгол хэл дээр орчуулагдан гарч байгаа нь энэ юм. Номыг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг орчуулж,  Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх ариутган шүүжээ. Гэмтэл бэртэл, өвчин зовлон гээд олон бэрхшээлтэй тулгарч, озкэи цолоо алдан, жонидан зиндаа хүртэл унасан ч шантрашгүй зан, шаргуу хөдөлмөрийнхөө ачаар дахин өгсөж, сүмогийн оргил болсон ёкозүна цол хүртсэн Тэрүнофүжигийн түүх, замнал маш олон хүнд амьдрах итгэл, хичээн зүтгэх сэтгэлийн хүч хайрлажээ.

Номын нээлтийн дараа Тэрүнофүжи аваргын гэрт зочлон, ярилцсанаа уншигч олондоо хүргэе.  

-Юуны өмнө шинэ ном гаргасанд баяр хүргэе. Номын нээлт сайхан боллоо. Маш олон хүн ирлээ. Ном бичих санаа хэзээ төрөв? Хэр хугацаанд бичиж дуусгав?

-Дээд зиндаанд буцаж гараад, түрүүлсний дараа олон хүнээс ном бичээч гэсэн санал ирсэн. Ном уншихаар өөрийгөө магтаад байгаа юм шиг байдаг болохоор би анх ичих ч шиг, нэг л санаа зовоод байсан юм. Ер нь бол олон хүний шахалтаар анх эхэлсэн. Бичээд эхэлтэл дундаас нь хүмүүст урам зориг өгч болохоор юм байна, өөрийнхөө туулж ирсэн амьдралаа бас хүмүүст мэдрүүлэх ёстой юм байна гэсэн зүйлүүд толгойд орж ирэн, бичсээр байгаад хоёр жилийн өмнө ном маань бэлэн болсон.  
 


-Мэргэжлийн сүмогийн түүхэнд тань шиг намтар, түүхтэй бөх үгүй. Номын гарчиг ч  “Ангалын ёроолоос өгсөх маргааш”. Гарчгаа хэрхэн бодож олов? Надад их гоё гарчиг санагдаад байгаа юм?

-Янз бүрийн санаа байсан. Би озэки, сэкивакэ, комүсүби, маэгашира, макүшита, санданмэ, жонидан гээд яг долоон зиндаа доош буусан. Буцаад дээш найман зиндаа өгсөхөд ёкозүна цолонд хүрж байгаа юм. Ёстой “Долоо дордож, найм сэхнэ” гэдэг нь болсон. Гэхдээ уншсан хүнд сэтгэгдэл үлдээхээр гарчиг дээр юм гэж бодоод энэ нэрээ өгсөн.  

-Та бол манай олон бөхчүүдийн адил Тоттори Жоёхокү сургуулиар дамжин мэргэжилд орсон. Монголд байхдаа Ц.Шийрэв багш дээр жүдогоор хичээллэж байсан?

-Хакүхо аваргын аав Ж.Мөнхбат аварга намайг анх бөхийн замд хөтөлж оруулсан хүн. Хамаатны маань ах, бөх тайлбарлагч А.Ганбаатар ахын дүү Төмөрөө ах маань Ж.Мөнхбат аваргад намайг бөх болох хүүхэд гэж хэлсэн гэсэн. Би бөхөд сонирхол бага байлаа. Аав алтны уурхай ажиллуулдаг байсан. Тэр чиглэлээр нь явна гэж боддог, математик, физикийн олимпиад, уралдаанд ордог хүүхэд байлаа. Харин Ж.Мөнхбат аварга Ц.Шийрэв багшид шавь оруулснаар бөх болох зам эхэлсэн дээ.  
 


-Ц.Шийрэв багш дээр ямар тамирчидтай хамт хичээллэж байв?

-Жүдогийн Д.Төмөрхүлэг, Л.Отгонбаатар, Д.Анар, Б.Серик бид хэд хамт байсан.

-Та мэргэжилд ороод жонокүчи, жонидан, санданмэ доод гурван зиндааг тус бүр нэг башё барилдаад макүшитад гарсан?

-Тийм ээ, би озэки болох хүртэлх бүх даваа, унаагаа цээжээр мэддэг. Озэки болтлоо би гурван удаа 50 хувийн амжилт үзүүлээгүй байдаг. Макүшитагийн 10 дээр очоод манай дэвжээ татан буугдсан. “Магаки” дэвжээ бол хоёр дахь Ваканохана аваргын дэвжээ байсан. Багш маань цус харваж, бие нь дийлэхээ болиод, бөхчүүд нь “Исэгахама” дэвжээнд шилжсэн. Манайх гурван бөхтэй байсан бол “Исэгахама” дэвжээ Харүмафүжи аварга, Аминишики, Такарафүжи, Хомарэфүжи гээд цолтон олонтой бужигнуулдаг дэвжээ байлаа. 
 


-Японы дээд сургуульд ороод оюутны ёкозүна болсон хойноо мэргэжилд орох бодол байгаагүй юу? Макүшитагаас шууд ороход амар биш үү?

-Тийм боломж байгаагүй. Нэг дэвжээнд ганц гадаад бөх байна гэсэн дүрэмтэй тул дэвжээ олдсон дээр нь орох ёстой.

-Та Вакамишёо нэртэй сүмод орж байсныг санаж байна. 2011 оны есдүгээр сард жониданд байхдаа бэлтгэл дээр дээд зиндааны Дайдог 4 дараалан ялж, шуугиан тарьсан байдаг. Тэр үед л цолтонгуудтай барилдах хэмжээнд хүрсэн байсан уу?

-Ер нь бэлтгэл дээр барилдах, башё хоёр өөр л дөө. Дээд зиндаанд барилдах хэмжээнд хүрээгүй байсан.  Азаар л давсан хэрэг.

-2013 оны долоодугаар сард та сэкитори болсон. Их баярласан байх даа? Цолтой бөх болж, цалинд хүрээд?

-Сэкитори болоход санхүүгийн хувьд өмнөхөөсөө гайгүй болно, өөртөө гаргах чөлөөт цаг гарч ирнэ. Ийм тал дээр таатай болсон ч сэтгэл зүйн хувьд нэг их өөрчлөлт байгаагүй. Анхнаасаа том цолыг зорилгоо болгосон байсан болохоор жюүрёог туулаад өнгөрөх хэсэг гэж боддог байсан.  
 


-Жюүрёод анхны башёдоо шууд түрүүлсэн. Тэр үед энэ бөх шиг болох сон гэж зорилго болгож байсан сүмоч байв уу?

-Намайг анх сүмо үздэг байхад Монголд телевиз болгоноор шахуу сүмо гардаг байсан. Тэр үед Кайо арслангийн фэн болж, сүмод сонирхолтой болж байсан. Байгаа байдал нь тэр чигтээ эр хүн. Төлөв даруу, гүндүүгүй, хүч чадалтай.

-Жюүрёог удалгүй давсан, дээд зиндаанд орсон. Ингээд л дээд зиндааг бужигнуулж, авах ёстой бүх шагналыг авсан. Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үе байжээ. Тэр үеэ эргэн дурсахад?

-Өдөр өдрөөр сайжирч байгаагаа өөрөө мэдэрч байлаа. Өнөөдөр чадахгүй байсан юмаа маргааш нь чадаад л. Үүнтэй зэрэгцээд хамраа сөхөх үе ч нэлээд байсан. Угаасаа би уусан ч давах юм чинь гэж бодоод л. Башё дээр очоод ууж байгаад барилдчихдаг тийм тэнэг юм залуудаа их хийдэг байжээ.
 


-2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авсан. Озэки боллоо. Таны сая ярьсанчлан нэлээд өөртөө итгэлтэй, аархуу арслан гарч ирсэн шүү. “Ямар озэки болмоор байна” гэж сэтгүүлч асуухад “Озэкигоос дээш дэвших бодолтой” гэж хариулж байсан?

-Бэлтгэлийн үед аварга, арслангуудтай барилдахад илүүрхдэг болсон байсныг хэлэх үү, озэкигоос дээш зүтгэнэ л гэсэн зорилготой байсан.

-Бэлтгэлийг бол сайн хийх үү?

-Бэлтгэлийг тултал хийдэг байсан. Манай дэвжээний бэлтгэлийн оргил үе нь зургаадугаар сар байдаг. Нэг өдөр доод тал нь зуун барилдаан хийнэ гэсэн дүрэмтэй. Зуу барилдсаны дараа Харүмафүжи аварга, эсвэл Аминишики ах хоёр ээлжилж, цээжээ өгч, 30 минут түрүүлэх бэлтгэл хийлгэнэ. Харүмафүжи аварга, Аминишики, Такарафүжи, Хомарэфүжи гээд барилдааны стиль өөр өөр бөхчүүд манай дэвжээнд байдаг байсан болохоор бэлтгэл хийх нөхцөл сайн бүрдсэн байсан. Манай багш 63 дахь аварга Асахифүжи гээд бэлтгэл дээр ч чанга хатуу багш.
 


-Харамсалтай нь, 2016 оны нэгдүгээр сараас башё өнжиж, эсвэл 50 хувиа хийж чадахгүй болж эхэлсэн. Тэр үед яг юу тохиолдсон бэ? Үзэгчид гэмтлээ л гэж байснаас нарийн зүйлийг мэдэхгүй?

-Би 2015 оны тавдугаар сарын башёд түрүүлээд, долоодугаар сарын башёд арслан болж байсан. Долоодугаар сарын тэмцээнд үзүүрлэж, Намрын тэмцээнд уналгүй явж байгаад Кисэносато озэкитой барилдаж байхдаа баруун өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалсан. Маргаашаас нь унаад, Какүрюү аваргатай үзүүр түрүү булаалдаж, би үзүүрлэсэн. Хоёр башё дараалан үзүүрлэж байгаа юм. Тэр үед баруун өвдөгний чагтан холбоос тасарсан ч гэсэн хагалгаа хийлгэх юм бол хагас жилээс бүтэн жилийн хугацаанд барилдаж чадахгүй болоод байдаг. Цолоо алдана, доош унана. Өөрөө өөртөө итгэлтэй байсныг ч хэлэх үү, ийм байдалтай ч давчихна гэсэн бодолтой байсан болохоор үргэлжлүүлээд барилдаад байсан. Арваннэгдүгээр сарын башёд зүүн өвдөгнийхөө зөөлөн эдийг бяцалсан. Дараагийн тэмцээнд нь хоёр өвдгөө боож барилдаад, эгэмнийхээ ясыг хугалсан. Тэгээд л амжилт буураад эхэлсэн. Нэг газраа гэмтчихээр тэрийгээ хамгаалж, өөр булчингаа ашиглаж барилдаад, гэмтээд явчихаж байгаа юм.

-Тэр үед жил ч хамаагүй өнжөөд хагалгаа хийлгэдэг байж гэж харамсдаг уу?

-Би одоо бол харамсдаггүй. Яагаад гэхээр тэр үед өвдсөн болоод одоо би ингээд байж байгаа гэж боддог. Намайг гэмтэл бэртлээс болж доош унасан гэж боддог хүн их байдаг. Миний хувьд гэмтэл бэртэл гэхээсээ илүү яг доош унах болсон шалтгаан маань юу вэ гэхээр сахар, элэгний С вирус, бөөрний чулуужилт гээд гурван өвчин давхар гарч ирсэнтэй холбоотой. Миний амьралын буруу хэв маягаас шалтгаалсан л даа. Хэчнээн хичээсэн ч булчин унаад бяр гарахгүй болсон байсан. Бүх бие хаван үүсээд хөөнө. Үүнээс болоод л барилдаж чадахгүй болж, унасан.
 


-Барилдахаа зогсооё, зодог тайлъя гэсэн бодол орж ирсэн үү?

-Озэкигоос унаад л “Би энэнээс цааш сүмо барилдаж чадахгүй юм байна, болъё” гэж багшдаа хэлж байсан. 25 настай байлаа. Манай багш тэр үед “Больсон болиогүй хамаа байхгүй, чиний амьдралд энэ өвчин чинь саад болно. Тийм болохоор эхлээд өвчнөө эдгээ. Тэрний дараа хоёулаа ярилцья” гэж хэлж байсан. Би доош унаж байхдаа нийт таван удаа багшдаа зодог тайлья гэж хэлж байсан. Багш тэр болгонд ганцхан хариулт өгөөд, намайг буцааж байсан. Унаж байхдаа би угаасаа болино гэж бодож байсан болохоор хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Сахар, элэгний С вирусний эмчилгээндээ орсон. Гучин хэдэн кг жин хасаад, өвчнөө эмчлээд явсан.

-Энэ хооронд банцүкэ тань жонидан хүртэл унасан. Озэки байсан хүн жониданд барилдах болно гэхээр бас нэр төр гээд бодох юм гарна даа?

-Мэдээж нэр төр гээд бодох юм байлгүй яах вэ. Дэвжээн дээр гарахаас ичээд байсан. Үндэсний бөхөөр ярих юм бол арслан хүн цолоо хураалгачихаад, сумын начин болж байна гэсэн үг. Тэгээд наадамд гараад Сумын начин цол дуудуулж барилдахад бас хэцүү шүү дээ. Тэрэнтэй ялгаагүй зүйл байлаа. Тэр үед нэг хүн надад “Чиний дахиад барилдахыг чинь бид хармаар байна. Чи өөрөө хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж бүү бод. Дэмжиж байгаа бид нар байхад барилд. Хүмүүс чамайг чиний бодож байгаа шиг сүртэй бодохгүй байгаа. Чамайг буцаад барилдахад Тэрүнофүжи хичээж байна даа гэж бодохоос биш энэ яасан ичдэггүй юм гэж хэн ч бодохгүй” гэж хэлсэн. Энэ үг миний сэтгэлд их гүнзгий тусаж, ер нь барилдаад үздэг ч юм уу гэсэн бодол төрүүлсэн. Тэр үед өвчин бас гайгүй болсон, хагалгаа хийлгээд, алхаж чаддаг болсон байсан үе. Тэгээд нэг орой гэрээсээ гарч, ганцаараа уулаа. Буудалд орж, нэг хайрцаг тамхи, баахан архи аваад, хоёр хоног ууж, өөрөө өөртэйгөө ярилаа. Хүн чинь бусад хүнтэй хамт байхаараа өөрийн сул талыг харуулахгүй, нэг л худлаа байдаг, одоо ямар байдалд байгаа вэ гэдэг рүүгээ төвлөрч чаддаггүй. Тэрийгээ нуух гээд хүчтэй юм шиг харагдах гэж хичээгээд байдаг. Тийм болохоор яг өөрөө өөртэйгөө шулуун ярихгүй бол болохгүй юм байна гэж бодсон.

-Тэгээд ямар шийдэлд хүрэв?

-Барилдах юм уу, барилдахгүй юм уу гэсэн хоёр сонголт байгаа шүү дээ. Барилдахгүй гэхээр манай багш нэгдүгээрт болиулахгүй. Хоёрдугаарт, озэки байсан хүн ёслолоо хийж, зодог тайлж чадахгүй, зугтаад больсонтой ялгаагүй болчихно. Угаасаа барилдахгүй гэсэн сонголт байхгүй юм байна гээд толгойноосоо авч хаялаа. Ер нь бодлоо цэгцлээд явсан. За ингээд барилдах боллоо. Тэгвэл барилдлаа гэхэд ингээд урсгалаараа явах юм уу, үхэх сэхэхээ үзэж барилдах юм уу гэсэн хоёр сонголт байна. Ойлгомжтой... Нэг шийдсэнийх тултал нь хийх ёстой. Бодлоо хоёр хоног цэгцэлж байгаад гэртээ харьж, Монголоос хүчний бэлтгэлийн гурван багш Японд сар сараар авчраад, жил хагас хүчний бэлтгэлээр хичээллэсэн.
 


-Ийм хүнд үед ёстой л зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр багш, гэр бүлийнхэн, дэвжээний бөхчүүдийн дэмжлэг их байхсан байх. Бас яваад өгчих хүн ч байсан байлгүй?

-Явах хүн байхад үлдэх хүн байдаг. Тэр үед манай багш надад нэг үг хэлсэн. Анх их муухай сонсогдож байсан ч үнэн үг байлаа. “Чи өөрөөсөө холдсон хүмүүсийг буруутгаад байж болохгүй. Яагаад гэвэл чи унаагүй бол энэ хүмүүс холдохгүй байсан. Чиний буруу” гэж хэлсэн. Нээрээ л би унаагүй, сайн барилдсан бол энэ хүмүүс холдохгүй байсан шүү дээ гэж бодсон. Хүмүүсийг үзэн ядах биш өөр сэтгэлгээ рүү намайг оруулсан.

-Жониданаас буцаад барилдаж эхлэхэд ямар байв? Бараг үзэгчгүй. Озэки байсан хүнд юу бодогдож байв?

-Ичих мэдрэмж л хамгийн их байсан. Би мэргэжлийн сүмод орсноосоо хойш барилдах бүрт надад сандрал, стресс огт байдаггүй байсан. Угаасаа л давах юм чинь л гэсэн бодолтой барилддаг байлаа. Уналаа гэхэд өрсөлдөгч бөх минь надаас илүү их бэлтгэл хийсэн болохоор давлаа л гэж бодно. Өнөөдөр шийдвэрлэх барилдаан байсан ч яана аа гэсэн бодол надад огт төрдөггүй. Харин жониданд буцаж гарч, анхны барилдаанаа хийж байхдаа сандрал, стресс гэдэг ийм хатуу зүйл байдаг байх нь гэж бодсон. Дохёны хажууд суухад зүрх хүчтэй цохилоод л... Анхны бөгөөд эцсийн удаа тийм мэдрэмж амссан. Би ганц сар бэлтгэл хийгээд, жингээ нэмээд л гарч ирсэн. Дэвжээн дээр гарахад бие их хөнгөхөн санагдаад. Яаж барилдсанаа ер санаагүй. Буцаад явж байхдаа ингэж барилдсан юм байна гэж харсан. Тэр л нөгөө сандрал байсан юм байна гэж боддог.

-Жониданаас дахин эхлэх тэр үед танд ёкозүна цол харагдаж байв уу?

-Үгүй. Би жилийн зорилго өмнөө тавиад явдаг байсан. Яг тэрэн шигээ л дахиад эхэлсэн. Гуравдугаар сард дахин барилдаж эхлээд энэ жилийн арваннэгдүгээр сарын башёд би жюүрёо зиндаанд орсон байх ёстой гэсэн зорилго тавьсан. Энэ башёдоо биш, жилийн дараах Тэрүнофүжи хаана байх ёстой вэ гэдэг дээр гол анхаарлаа тавиад явсан. Тэгээд арваннэгдүгээр сардаа барилдаад, нэгдүгээр сард нь би жюүрёодоо орчихсон. Дараагийн жилийн зорилгоо дахиж тодорхойллоо. Токиогийн олимпын өмнөх башёд би макүүчид гараад, түрүүлнэ гэж зорилго тавьсан. Намайг дэмжигч хүмүүс нээрээ чи зорилгоо яг биелүүлээд явах юм байна гэж хэлж байлаа. Зорилгоо нэг нэг шатаар ахиулж тавиад, түүнийгээ биелүүлээд явсан. Түүнээс биш өөрийн биеийн байдлыг бодсон ч тэр жониданд дахиж барилдахад арслан цолоо эргүүлэн авна, аварга болно гэж бодогдохгүй л дээ.
 


-Та сэтгэл зүйчтэй ажиллаж байсан уу?

-Үгүй, би өөрөө өөрийнхөө сэтгэл зүйч. Би их тоо боддог, тооцоо хийдэг л хүн шиг байгаа юм.

-Эргэн ирэлт хийхдээ бүр ёкозүна хэмээх мэргэжлийн сүмо бөхийн оргилд гарч ирлээ. Энэ олон жилийн түүхэнд 73 хүн л авсан цол. Ёкозүна болж байхад сэтгэл их хөдөлсөн үү. Маш их бартаатай зам туулж ирсэн оргил шүү дээ?

-Сэтгэл хөдөлж баярлаагүй, харин эсрэгээрээ нэг сэтгэл амарсан мэт санагдсан. Тэр үед намайг дэмжиж, туслаад явдаг олон хүн байсан. Тэр хүмүүст буруу хүнээ дэмжээгүй юм байна даа гэсэн сэтгэлийг өгч чадлаа даа гэсэн бодол л толгойд байлаа. Түүнээс биш би аварга болчлоо гэсэн бодол огт байгаагүй.

-Монгол бөхийн аварга Японы сүмо бөхийн ёкозүна хоёр өөр. Ёкозүна хүнд холбооны нүүр царай, үүрэг хариуцлага гээд их зүйл бий. Та хоёр жил ганцаараа ёкозүна байна. Холбоог авч явж байна л гэсэн үг. Үүрэг хариуцлага их биз дээ?

-Манайхны нэг буруу ойлголт байх шиг байгаа юм. Би л авч явж байна, би байхгүй бол энэ дууслаа гэдэг ойлголттой. Угаасаа үе үеийн сүмочид, үндэсний бөх ч бай тэр хүний үе дууслаа гэхэд дараагийн үе нь гараад л ирнэ. Тэр хооронд зай завсар гарах уу, үгүй юу гэдгийн ялгаа байхаас биш нэг хүн ганцаараа бүх юмыг аваад яваад байгаа юм биш л дээ. Одоо би болилоо гэхэд дараагийн залуус нь аваад л явна.   

-Та 12 жил мэргэжилд барилдлаа. Энэ хугацаанд өрсөлдөгч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Өрсөлдөгч гэж би хэн нэгнийг харж байсан удаа байхгүй. Анх намайг гарч ирэхэд олон арслан, аваргууд байлаа. Харүмафүжи аварга, Хакүхо аварга, Какүрюү аварга, Кисэносато, Гоэйдо, Котошёогикү гэсэн арслангууд байсан. Тэр үед би өөртөө хэт итгэлтэй байсан болоод тэр юм уу, надад өрсөлдөгч байхгүй гэж боддог байсан. Одоо бодсон ч гэсэн яг өрсөлдөгч гэж байхгүй байгаа юм. Хүнтэй өрсөлдье гэж боддоггүй юм шиг байгаа юм. Бөхчүүд өрсөлдөгч гэж заавал хэн нэгнийг нэрлэх гээд байдаг. Надад бол тийм юм байхгүй. Өөрөө өөрийнхөө өрсөлдөгч.

-Таны ард бүтэн баг ажиллаж байна уу?

-Өмнө нь бол байгаагүй. Харин буцаж гарч ирэхэд нийтдээ дөчин хэдэн хүнтэй баг ажилладаг болсон. Миний дотор эрхтний өвчлөлт дээр ажиллаж байгаа хүмүүс байна. Хөл, нуруу бэртлүүд дээр ажиллаж байгаа хүмүүс байна. Хүчний бэлтгэл гэхэд харагдах булчин, хөдөлгөөний булчин, хүчний булчин гээд тус тусад нь хариуцсан мэргэжилтнүүд бий. Сэргээн хөгжилт гэх зэрэг. Зодог тайлахдаа тэр багаа бүрдүүлж байгаад зураг авахуулъя гэж бодож байгаа.

-Одоо ч гэсэн таны барилдааныг харахад хоёр өвдгөө бүрэн баглаж боосон байдаг. Боолт, хамгаалалтгүй барилдаж болохгүй хэвээр байгаа юу?

-Миний зүүн өвдөг бүрэн тэнийж, нугардаггүй болчихсон болохоор хоёр талаас нь төмрөөр тогтоодог. Тэгэхгүй бол сонкё суулт хийж чаддаггүй. Төмрөн дээрээ тогтоож барьж байгаа гэсэн үг.

-Таны номон дээр байгаа “Намайг нэг л хүн дэмжиж байхад тэр нэг хүний төлөө би барилдах ёстой” гэдэг их айхтар үг байна шүү?

-Дээр хэлсэнчлэн дэмжиж байгаа хүмүүсийнхээ төлөө барилдахгүй бол болохгүй.
 


-Японы олимпын хошой аварга Шёохэй Оно та хоёр дотны найзууд. Оно гэнэт зодог тайллаа. Таны хувьд зодог тайлах бодол орж ирдэг үү?

-Оно бид хоёр он жавууд. Би өнгөрсөн аравдугаар сард дахиад хоёр өвдгөндөө хагалгаанд орсон. Хагалгааны дараа тиймэрхүү бодол орж ирэх нь үү гэж бодтол ер орж ирээгүй. Би түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэнэ гэж өөртөө зорилго тавьсан. Зорилгоо биелүүлэхгүй болчихвол хоёрын хооронд, сэтгэлд нэг юм үлдчих гээд болж өгөхгүй. Хийж байгаа юмандаа сэтгэл хангалуун бус больж чадахгүй, чадахаасаа чадахгүй хүртэл явсан шүү гээд дуусгаж чадахгүй болох гээд байгаа юм.

-Миний хувьд Тэрүнофүжи аварга энэ их гэмтэл бэртэл, өвчин зовлонтой байж найм түрүүллээ. Хэрэв эрүүл саруул барилдсан бол хэд түрүүлэх байсан бол гэсэн харамсалтай нэгэн бодол байдаг?

-Хааяа тийм зүйл бодохгүй биш бодно л доо. Бодлоо гээд яах вэ дээ, өөрчлөгдөхгүй хойно. 23 настайдаа арслан болсон, анхны түрүүгээ авсан. Одоо 32 настай гэхээр ес, арван жил буюу 60 башё байна. Жаран башёгийн тал нь гээд бодохоор 30 түрүү гараад явчихаж байгаа юм. Тэгэхдээ тийм зүйл болоогүйгээс хойш одоо бодох шаардлага байхгүй. Эсрэгээрээ би одоо үзэх юмаа үзэж, туулах зүйлээ туулж, очих газраа оччихсон байна. Тэгээд л боллоо.

-Гэхдээ та өнгөрсөн аравдугаар сард хагалгаа хийлгэж орж ирээд, бэлтгэл дутуу байсан ч түрүүлсэн. Тэгэхээр бусад бөхчүүдээсээ илүү байна аа даа?

-Энд хэлэхэд, одоогийн бөхчүүдийг чанар, түвшин нь буурсан мэтээр хүмүүс хардаг. Японд ч тэр, Монголд ч тэр. Дээр үед, Аса аваргын үед тийм байсан гээд л. Тэр бол хүмүүсийн сэтгэл зүй нь анхнаасаа тийм утгаараа харчихсан хэрэг. Одоо бол сонирхол нь буучихсан байгаа үе гэдэг л байгаа юм. Түүнээс биш ямар ч спортод ур чадвар,  биеийн хөгжил нь сайжраад явдаг. Дээр үед 100 метрт 11 секундэд гүйдэг байсан бол одоо 9 секундэд ороод ирчихлээ. Кайо арсланг алим бяц баздаг, хүчтэй гэж ярьдаг байсан. Тэр үед Кайо арслангийн гарны атгалт нь 100 кг байдаг байсан. Харин одоо атгалтын чадал нь 100 кг-ийг давсан бөх дээд зиндаанд олон байгаа. Тэр хэмжээнд хөгжсөөр байна.
 

 

-Өнөөгийн сүмо ертөнцийг хэрхэн харж байна вэ? Хоёр башё дараалан монгол озэки төрлөө. Монголчууд нэг аварга, хоёр арслантай байна. Одоогийн залуучуудын хэн нь сайн барилдах бол гэж итгэл хүлээлгэж байна вэ?

-Хэн аварга болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Жониданд унасан байхад намайг аварга болно гэж хэн ч бодоогүй, би өөрөө ч бодоогүй. Нэг бөхийг аварга болно гээд байж байтал дороос огт өөр бөх аварга болохыг үгүйсгэхгүй. Би бол энэ нь аварга болно гэж хэлж чадахгүй. Хэн хичээсэн нь л аварга болно.

-Таны амьдрал тэр чигээрээ амьдралын сурах бичиг гэхэд болохоор юм. Энэ ном ч гэсэн зөвхөн сүмочид төдийгүй бүх залууст сургамжтай ном. Номоороо дамжуулан юу хэлэхийг хүссэн бэ? 

-Миний амьдралаас өөртөө тусгах юм хүн хүнд өөр байх л даа. Гэхдээ уншигчдыг яг ийм юм хараасай гэсэн үүднээс энэ номыг гаргаагүй. Хамгийн гол нь уналт, босолттой амьдралд тууштай байх чухал гэдэг зарчим л байгаа юм. Одоо ингээд хоёулаа нэг ном уншлаа гэхэд миний авах мэдрэмж, таны авах мэдрэмж огт өөр. Тэгэхээр ийм юм энэ номноос аваарай гэж хэлэхээр утгагүй байгаа юм.

-Саяхан наадам боллоо. Наадмаар Монгол орноо санана биз? Бөх, хурдан морь үздэг үү? 

-Тэгэлгүй яахав.

-Дархан хотод төрсөн ч аав, ээжийн талаасаа аль аймгийн уугуул вэ? Танай удамд бөх байгаа юу?

-Манай аав Увс аймгийн Наранбулаг сум, ээж Төв аймгийн Эрдэнэ сумынх. Манай удамд С.Сүхбаатар заан, О.Балжинням аварга байна.

-Үндэсний бөх барилдаж байсан бол өдийд тийм цолтой байх байж гэсэн бодол төрдөг үү?

-Огт төрдөггүй. Болоогүй юмыг бодож яах билээ.

-Үндэсний бөхчүүдээс хэнтэй нь дотно вэ? Энэ наадмаар хэнийг дэмжиж, харж суув?

-Улсын аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нар байна. С.Мөнхбат ах. Б.Серик заан, Л.Отгонбаатар начин нар байна даа.  
 


-Гэр бүлээ танилцуулаач. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд хүүтэй болж, Тэмүүжин нэр өгсөн гэсэн?

-Манай эхнэрийг Ц.Доржханд гэдэг. Манай хүн Японд ахлах, их сургуулиа дүүргэсэн. Хүүдээ Тэмүжин гэж нэр өгсөн. Хүүгээ бөх болоосой гэж бодсон юм биш л дээ. Гэхдээ хэрвээ бөх болох юм болог гэсэн бодол байсан. Хэрэв хүү минь өөрөө сонирхоод бөх барилдвал Их хааны нэрээр дуудуулсан бөх болоосой гэж хүсээд, Тэмүжин нэр өгсөн. Японы үндэсний спортод Тэмүжин гэж дуудуулаасай гэж хүссэн. Аварга Тэмүжин. Хүүгийнхээ нэрийг Тэмүжин гэж ханзаар өгсөн. Тэрүнофүжигийн ТЭ, цүтомү буюу хичээж зүтгэхийн МҮ, сүмогийн дууны ЖИН ханз.

-За баярлалаа. Танд болон таны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top