Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
Өнөөдөр буюу 2023 оны долдугаар сарын 27-нд Норвегийн уулчин бүсгүй Кристин Харила К2 оргилд амжилттай гарснаар 92 хоногийн дотор 8000 метрээс дээш өндөртэй дэлхий дээрх 14 оргилд бүгдэд нь гарч, хосгүй амжилт гаргалаа.
Уулын спорт ямар их хүч хөдөлмөр, эр зориг, тэсвэр тэвчээр шалгадаг, амь насаараа дэнчин тавьж, байгалийн сүр хүчтэй, өөртэйгөө тэмцэж байж амжилтад хүрдэгийг хүн болгон мэднэ.
8000 метрээс дээш бол уулчдын нэрлэдгээр "үхлийн бүс". Түүнээс дээш оргил нь байдаг уул дэлхийд ердөө 14-хөн бий. Тэгвэл энэ 14 "найман мянгат" оргилд ердөө 92-хон хоногийн дотор 47 настай Кристин Харила бүсгүй шерпа Тэнзэнгийн хамт гарч, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Гайхалтай, гайхамшигтай гэхээс өөр юу гэх вэ.
Гүйлтийн цанын спортын тамирчин байсан Кристин Харила 2015 онд анх Африкийн ноён оргил Килиминжаро (5895м) -д гарснаар уулын замналаа эхлүүлжээ.
2021 онд дэлхийн ноён оргил Эверестэд гарч 12 цагийн дараа 8516 өндөр Лхоцед мөн гарснаар хоёр оргилын хооронд хамгийн богино хугацаанд гарсан эмэгтэй уулчин болж байв. Энэ амжилтаа Кристин 2022 онд 9 цаг 5 мин, энэ жил 8 цаг болгож шинэчилсэн билээ.
Хамгийн богино хугацаанд 14 "найман мянгат" оргилд гарах дайралтаа шерпа Тэнзэнгийн хамтаар 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд 8027 м өндөр Шишапангма оргилд гарснаар эхэлсэн юм.
Кристин Харилагийн 14 "8К "-ийн оргилд гарсан цаг тооллыг танилцуулбал:
4 сарын 26. Шишапангма 8082м
5 сарын 3. Чо Оюу 8188м
5 сарын 13. Макалу 8485 м
5 сарын 18. Канченжунга 8586 м
5 сарын 23. Эверест 8848 м
5 сарын 23. Лхоце 8516 м
5 сарын 29. Даулагири 8167 м
6 сарын 5. Аннапурна 8091м
6 сарын 10. Манаслу 8126 м
6 сарын 26. Нанга Парбат 8126м
7 сарын 15. Гашербрум-I 8080м
7 сарын 18. Гашербрум-II 8035 м
7 сарын 23. Броад пик 8051 м
7 сарын 27. К-2. 8611м
Мэдээж манай гариг дээр орших 8000 м дээш өндөртэй 14 оргилд бүгдэд нь гарсан уулчин цөөнгүй, андуураагүй бол Харила, Тэнзэн шерпа хоёрыг оруулаад 50 уулчин болж байгаа байх.
Эдний дунд мэдээж анхных нь болох Италийн домогт Рейнхольт Месснер, анхны эмэгтэй уулчин Испаний Эдурне Пасабан Лизарьябал нар, мөн 14 оргилд хамгийн богино хугацаанд буюу 6 сар, 6 хоногийн дотор эдгээр 14 “Найман мянгат” ууланд гарсан Нирмал "Нимсдэй" Пуржа нар багтана.
Нимсдэй Пуржагийн рекорд 2019 оных.
Тэгвэл одоо энэ рекордыг Кристин Харила өнөөдрөөс эхлээд эзэмших боллоо. Тиймээ, манай гарагийн далайн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилийг хамгийн хурдан хугацаанд эзэлсэн уулчин бол Норвегийн Кристин Харила боллоо.
Сэтгэгдэл ( 0 )