Япон, Испани, Холланд шөвгийн наймд үлдээд байна

Админ | Zindaa.mn
2023 оны 08 сарын 07

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин

Өнгөрсөн долдугаар сарын 20-нд Австрали, Шинэ Зеландад эхэлсэн эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдрөөс эхэлсэн.

Хэсгийн тоглолтууд олон олон рекорд эвдэж, шуугиан тарьсан тоглолтоор дүүрэн болж өнгөрлөө.

"Токио 2020" олимпийн аварга, олимпийн хошой хүрэл медальт Канад,  олимпийн болон дэлхийн аваргын мөнгөн медальт БНХАУ, олимпийн хошой мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Өмнөд Америкийн 8 удаагийн аварга, цуут Мартагаар ахлуулсан Бразил, дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальт, олимпийн аварга, гурван хүрэл медальт, Европын 8 удаагийн аварга Герман гээд том багууд хэсгээсээ шалгарч чадаагүй гээд л бодохоор ямархуу чанар, чансаатай тэмцээн болж буй нь харагдана.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн " дархан аварга" , олимпийн болон дэлхийн тус бүр дөрвөн удаагийн аварга АНУ-ын бүсгүйчүүд гэхэд л арай гэж хэсгээсээ хоёроор гарч байх жишээтэй.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгөөр тийм сайн биш ч хөлбөмбөгийн томоохон гүрэнд тооцогддог Итали, Аргентин, Португалийн багууд ч "мултарч" байна даа.

Шилдэг 16 -д Япон-Норвеги, Швед-АНУ, Австрали-Дани гэх мэт дээгүүр үзэх багууд хоорондоо таарсан.

2011 оны дэлхийн аварга, 2015 оны мөнгөн медальт Япон, Олимп, дэлхийн аварга Норвегийн багууд учраа таарч, багийн жигдхэн тоглолт, бөмбөг эзэмшилтээр илүүрхсэн "Надешико" буюу Японы баг 3:1-ээр илүүрхэн хожсоноор шөвгийн наймд АНУ-Шведийн аль хожсонтой таарахаар боллоо. Мөн Швейцарийг 5:1-ээр хожсон Испани, ӨАБНУ-ыг 2:0-ээр хожсон Холланд хоёр хоорондоо шөвгийн наймд тулна.

За тэгээд өнөөдөр (8.7) Австрали-Дани, Англи-Нигери, нөгөөдөр (8.8 Франц-Марокко, Колумб-Ямайка багуудын тоглолт явагдаж, шөвгийн найман багийн нэр бүрэн тодорхой болох юм.

Оноолт, багуудын тоглолтоос харахад шөвгийн наймд Испани-Холланд, Япон-Швед, Австрали-Франц, Англи-Колумби , хагас шигшээд Испани, Япон, Австрали, Англи үлдээд Япон -Англи дэлхийн аваргын финалд үлдэх боломж ихээхэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top