Канадын боксын холбоо Олон улсын боксын IBA холбооноос гарч, шинээр байгуулагдсан World Boxing холбоонд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.
Тус холбооны тэргүүн Райан О'Ши “Өнөөдрөөс эхлэн манай холбоо IBA холбооноос гарч, World Boxing-ийн гишүүн болж байна. Бид энэ шийдвэрийг Канадын боксын холбооны олон улсын тавцан дахь ашиг сонирхлын төлөө сайтар бодсоны эцэст гаргалаа. World Boxing холбоог ОУОХ-нд хүлээн зөвшөөрүүлж, сонирхогчдын боксын эрх ашгийг хамгаалахын төлөө бид хичээн зүтгэх болно” гэж ярьсан байна.
ОУОХ-ноос өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд хуучин АИБА буюу IBA холбоог гишүүнчлэлээсээ хассанаас хойш IBA холбоо олимпын бокст хамаагүй болсон нь тодорхой болсон. Энэ үед АНУ тэргүүтэй хэдэн орны боксын холбоод Олон улсын сонирхогчдын боксын холбоо буюу World Boxing хэмээх холбоог байгуулсан юм. Тус холбоо ирэх арваннэгдүгээр сард анхныхаа чуулганыг хийнэ. Энэ үеэр холбооныхоо Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийг сонгох юм. Арваннэгдүгээр сараас өмнө тэд ОУОХ-той тохиролцоонд хүрж чадвал чуулганаараа шинэ гишүүдээ элсүүлж, олимпын эрхийн тэмцээнүүдийг зохион байгуулахад оролцож эхлэх юм.
World Boxing холбооны гишүүн улсууд:
Аргентин
Австрали
Бразил
Канад
Герман
Их Британи
Гондурас
Нидерланд
Шинэ Зеланд
Швед
АНУ
Швейцар
Сэтгэгдэл ( 0 )