Ирэх жил болох Парисын олимпын наадамд нийт 288 тамирчин сонгомол, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөнө. 192 эрэгтэй, 96 эмэгтэй тамирчин оролцох нь өнгөрсөн Токио олимптой ижилхэн. Нутгийн эзэн Франц улсад давуу тал байхгүй бөгөөд франц бөхчүүд бусдын адил эрхийн тэмцээнээс эрхээ авна. Нэг улсаас олимпод оролцох бөхчүүдийн дээд тоо 18. Парисын олимпын эрхийн төлөөх өрсөлдөөн гурван үе шаттай.
1-р шат
Ирэх сарын 16-нд Сербид эхлэх ДАШТ. Сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн олимпын 18 жин тус бүрт таван эрх олгоно. Нийт 90 гэсэн үг. Алт, мөнгө болон хоёр хүрэл медальтан нийт 4 бөх эрхээ шууд авч, хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсан хоёр бөх нэмэлт барилдаан хийж, олимпын эрх авна.
2-р шат
2024 онд болох тивийн эрх олгох тэмцээнд нийт 144 бөх олимпын эрх авна. Тив болгонд тусгай олимпын эрхийн тэмцээн зохион байгуулах бөгөөд Aфрик, Далайн орнуудын тэмцээнийг хамтад нь хийнэ. Олимпын 18 жин тус бүрт эхний хоёр байр эзэлсэн бөх Парисыг зорих болно.
Тивийн тэмцээнүүд
3-р сарын 01-03: Пан Америк, Мексикт болно
3-р сарын 22-24: Aфрик, Далайн орнууд, Египет улсад явагдана
4-р сарын 04-07: Европ, Азербайжанд болно
4-р сарын 19-21: Ази тив, Киргиз улсад явагдана
3-р шат
Үлдсэн 54 эрхийг дэлхийн олимпын эрхийн тэмцээнд олгоно. Мөн л олимпын 18 жинд эхний хоёр байр эзэлсэн бөхчүүд эрхээ авахаас гадна жин тус бүрт гуравдугаар байрт орсон бөхчүүд эрхийн төлөө халз барилдаан хийх юм. Дэлхийн эрх олгох тэмцээн тавдугаар сарын 09-12-нд Туркт болно.
Сэтгэгдэл ( 2 )
Чөлөөт ч хэцүүхэн болчихсон нь үнэн шүү, олимпын төрөл гэдгээрээ л одоохондоо амь зогсоогоод байгаад байгаа байх
Парисын олимп чөлөөтийн хувьд сүүлийн олимп байх магадлал өндөр шүү, чөлөөтийг олимпын төрлөөс хасах нь цаг хугацааны асуудал болчихсон, тэгэхээр угаасаа чөлөөт барилдаж чадддаггүй, сурдаггүй манай хувьд харин ч амар болно, зардал чирэгдэл ч багасна