Сүмо: Хамгийн өндөр нь ч, хүнд нь ч монгол бөх

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Японы сүмо бөхийн холбооноос Токиод явагддаг гурван тэмцээний өмнө бөхчүүдийн эрүүл мэндийн үзлэг хийж, өндөр, жинг зарладаг.

Энэ удаагийн үзлэгээр макүүчи зиндааны бөхчүүдийн дундаж өндөр 184,8 см, дундаж жин 161,7 кг байсан бол жюүрёогийн сүмочдын дундаж өндөр 182,8 см, жин 158,3 кг байсан байна.

Дээд хоёр зиндааны цолтой бөхчүүдээс хамгийн хүнд нь Монголын Миторюү хэмээх Б.Төрболд 201 кг байлаа. Түүний дараа мөн монгол бөх Дайшёохо Ч.Шижирбаяр 198 кг-аар бичигдэж, гуравт Цүрүгишёо 187 кг жингээр орлоо. Харин хамгийн хөнгөн бөх нь 115 кг-тай Мидорифүжи, Кихо, 120 кг жинтэй Асакоорюү нар байв.

Ёкозүна Тэрүнофүжи өмнөх үзлэгээс 4 кг турж, 170 кг, шинэ озэки Хоошёорюү 2 кг хасж, 140 кг, озэки Киришима 2 кг нэмэгдэж, 145 кг, озэки Такакэйшёо өөрчлөгдөөгүй 165 кг байлаа.

Дээд хоёр зиндааны цолтой бөхчүүдээс хамгийн өндөр нь Монголын бөх Хокүсэйхо 204 см байсан бол түүний дараа 193 см өндөр Шёонанноүми, Казахстаны Кинбозан, Украины Шиши нар жагсжээ. Хокүсэйхо ёкозүна асан Акэбонотой ижилхэн 204 см өндөр байгаа ч өсөлт нь зогсоогүй байгаа тул дараагийн үзлэгт Акэбоног давж гарах нь ойлгомжтой байна. Харин хамгийн намхан бөх нь 167 см-тай Кихо, 171 см Бүшёозан, 173 см өндөртэй Тобизарү байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top