Өчигдөр шөнө Европын Аваргуудын лигийн хэсгийн сугалаа Монакод болж өнгөрлөө. Энэ жилийн Аваргуудын лигт Испанийн 5, Англи, Герман, Италийн тус бүр дөрвөн баг шалгарчээ. Хэсгийн сугалаанд нэг улсын баг хоорондоо таарах ёсгүй байлаа. Ингээд сугалааг танилцуулья. “Үхлийн хэсэг” гэж хэлж ч болох, хэлэхгүй байж ч болох нэгэн хэсэг ямар ч гэсэн гарсан. Бусад хэсэг бол элдэв зүйлгүй, тэгш сайхан хуваагдлаа. Сонирхолтой тулаан ч цөөхөн гарах шинжтэй.
А хэсэг:
Бавари
Манчестер Юнайтед
Копенгаген
Галатасарай
1999 оны Аваргуудын лигийн финалын тоглолтод үзэж тарж, үсэрч наалдсан хоёр багийн тулаан сонирхолтой. Тэр өдөр англичууд 0:1 ялагдаж яваад шүүгчийн нэмэлт цагт 2 гоол оруулж, ялж байсан билээ. Багууд хоорондоо 11 удаа таарч тоглосноос Бавари 4 ялж, МЮ хоёр ялж байжээ. Үлдсэн таван тулаан хайнцсан. Логикоор бодоход Томас Тухель, Эрик тен Хаг хоёр санаа зоволгүй дараагийн шатанд шалгарах ёстой. Гэхдээ тэдний хэн нэгд нь Икарди тэргүүтэй гайгүй сайн бүрэлдэхүүнтэй Туркийн Галатасарай гай тарьж мэднэ.
В хэсэг:
Севилья
Арсенал
ПСВ
Ланс
Европын Лигийн Дархан аварга “Севилья” маш муу тоглож байж л Европын лигтээ очих болно. Учир нь тэд Английн Арсеналтай хамт энэ хэсгийг тэргүүлэх нь бараг тодорхой. Гэхдээ бөмбөг бөөрөнхий. Испаничууд энэ улирлыг тун тааруу эхлүүлж, Испаний АШТ-ий эхний 3 тоглолтдоо ялагдсан. Францын лигийн өнгөрсөн улирлын гол сенсаац Ланс улсын лигтээ эхний 3 тойрогт ганц оноо л аваад байна.
С хэсэг:
Наполи
Реал Мадрид
Брага
Унион
Мөн л ил тод 2 фавориттой хэсэг. Италийн аваргууд дасгалжуулагчаа алдсан ч бүрэлдэхүүн сулраагүй. Хвич Кварацхелия, Кварадона, Осимхен нар багтаа үлдсэн тул Наполигийн довтолгоо хүчирхэг хэвээр. Аваргуудын лигийн арвин туршлагатай Реал хэсгээс гарахгүй байна гэж бараг байхгүй. Унион, Брага хоёрт энэ хэсгийн туслах дүр оногдоно. Берлиний Унион өнгөрсөн жил шуугиулж, энэ жил хоёр том ялалтаар гараагаа эхлүүлсэн ч Испани, Италийн томчуудад бяр дутах болов уу.
D хэсэг:
Бенфика
Интер
Ред Булл Зальцбург
Реал Сосьедад
Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн шөвгийн багийн хувьд Интер энэ хэсгээ тэргүүлнэ. Харин хоёрдугаар байрны төлөө Реал Сосьедад, Бенфика өрсөлдөх байх. Гэхдээ хатуу ширүүн, дайчин тоглолттой Ред Булл Зальцбург шууд буугаад өгчих баг биш.
Е хэсэг:
Фейеноорд
Атлетико
Лацио
Селтик
Өнгөцхөн харахад 2 фаворит, 2 сүүл мушгигч нь тодорхой мэт хэсэг. Атлетико, Лацио хоёр 1/8 финалд найвартай шалгарлаа гэж бодож байгаа бол Селтик, Фейеноорд хоёрын толгойд “Ашгүй, Реал, Баваритай таарсангүй, үзнэ дээ” гэсэн бодол төрсөн нь мэдээж.
F хэсэг:
ПСЖ
Борусси Дортмунд
Милан
Ньюкасл
Энэ хэсгийг “Үхлийн хэсэг” гэж зарим нь нэрлээд байгаа. Харин сайн харвал Европын топ лигүүдийн азгүйчүүд гэх үү, бөхөөр зүйрлэвэл заануудын хэсэг гэлтэй. Хэн нь ч хэсгээс гарч, хэн нь ч хасагдах боломжтой гэхээр хамгийн сонирхолтой хэсэг гэдэг нь дамжиггүй. Мбаппе багтаа үлдсэн ч ПСЖ тийм амархан хэсгээс гарчихгүй.
G хэсэг:
Манчестер Сити
Лейпциг
Црвена Звезда
Янг Бойз
Өнгөрсөн жилийн аварга Манчестер Ситид хүсээд хүсээд олдохгүй сайхан хэсэг таарлаа. Сугалаа тэднийг үнэхээр ивээжээ. Гол өрсөлдөгч байж болох РБ Лейпциг-ийг тэд өнгөрсөн улирал гэртээ 7:0 бут ниргэж байлаа. Тэр үед Германы багт байсан хорват хамгаалагч Гвардиолыг нь 90 сая еврогоор авчихсан гэж байгаа. Гол анхаарал татах зүйл нь Холанд хэдэн гоол хийх бол? Холанд Аваргуудын лигт 30 тоглохдоо 35 гоол оруулсан билээ. Премьер лигтээ гол анхаарлаа хандуулаад энд сэлгээгээ тоглуулсан ч болох мэт.
H хэсэг:
Барселона
Порту
Шахтёр
Антверпен
Шавид Аваргуудын лигийн хэсгээс гарах сайхан боломж гарчээ. Энэ хэсэгт Барсаг айлгах баг алга. Барсагийн араас Порту дараагийн шалгарах магадлал өндөр. Украины уурхайчид, Бельгийн Антверпен хоёрын тулаан Европын лигийн төлөөх тулаан байх болов уу.
Сэтгэгдэл ( 0 )