Сагсан бөмбөгийн ДАШТ: Литва – Серби хэн нь ялах вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Өнөөдөр сагсан бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолт эхэлнэ. Шөвгийн наймын өрсөлдөөн Испани, Францгүй ч Литва, Латвитай явагдана.Дэлхийн аварга Испани, Европын АШТ-ий үзүүр баг Франц гэртээ харьсан байгаа.

Литва – Серби

16.45, Mall of Asia Arena

Литва 5 ялж, нэг ч ялагдаагүй хоёр багийн нэг нь. Хоёр дахь хэсгийн шатны сүүлийн тоглолтод АНУ-ын багийг 110:104 ялж, сенсаац тарьсан баг. Америкаас өмнө тэд Грек (92:67), Черногор (91:71), Мексик (96:66), Египетийг (93:67) мөн ялсан. Харин Сербийн шигшээ дөрөвдүгээр тойрогт 16 оноо тэргүүлж яваад италид 76:78 ялагдсан. Гэхдээ бусад өрсөлдөгч Доминикан (112:79), Өмнөд Судан (115:83), Пуэрто-Рико (94:77), Хятадыг (105:63) бут ниргэсэн билээ.

Энэ хоёр багийн тоглолтод төвийн хоёр тоглогчийн тулаан гол байр суурийг эзэлнэ. Сербийн Никола Милутинов (дунджаар 14 оноо, 9,6 самбар), Литвагийн Йонас Валанчюнас (13,6 оноо, 9,2 самбар) хоёрын хэн нь сайн тоглосон нь багаа хагас шигшээд оруулах болно. Довтолгоонд Рокас Йокубайтис (5,6 дамжуулалт), Богдан Богданович (18,4 оноо, 5,2 дамжуулалт) хоёрын өрсөлдөөн болох ч Богданд Никола (11,2 оноо), Стефан (7 дамжуулалт) Йовичүүдийн дэмжлэг байгаа. Ер нь хэн сайн хамгаалж чадсан нь ялна.

Литвагийн дасгалжуулагч Казис Максвитис “АНУ-г ялсны дараа би тамирчдадаа битгий их баярлаарай, хүчээ Сербид үлдээгээрэй гэж хэлсэн. Бидний түүхэнд маш том ялалтын нэг ч тэмдэглээд байх зав алга. Яагаад гэвэл Серби биднийг хүлээж байна. Тэд биднийг улаан хивс, цэцэгтэй хүлээж байгаа” гэж хэлжээ.

Харин Сербийн Никола Милутинов “Литва үнэхээр сайн баг гэдгээ АНУ-тай хийсэн тоглолтод харууллаа. Хүнд тоглолт болно. Биеийн бэлтгэл сайтай, эрч хүчтэй тоглодог. Бид тэдний хурданд тохирох ёстой болно. Литва тоглолтын фаворит. Оноо цөөн тоглолт болно гэж би бодож байна. Тэд АНУ-г ялсан тул өөртөө маш итгэлтэй ирэх болно. Манай багийн Симаничид эмгэнэлт явдал тохиолдлоо. Бид одоо ч итгэхгүй байна. Бид түүнийг хурдан эдгэрээсэй гэж залбирч байгаа. Тэр гэмтлийн дараа манайхан огт унтаагүй, донорын цус хүртэл хайсан. Сагсан бөмбөгт ийм хүнд гэмтэл авч байхыг анх удаа харлаа” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top