Сагсан бөмбөгийн ДАШТ: Итали, АНУ хэн нь ялах вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Өнөөдөр сагсан бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолт эхэлнэ. Шөвгийн наймын өрсөлдөөн Испани, Францгүй ч Литва, Латвитай явагдана. Дэлхийн аварга Испани, Европын АШТ-ий үзүүр баг Франц гэртээ харьсан байгаа.

Итали – АНУ

20.40, Mall of Asia Arena

АНУ, Итали аль аль нь хэсгийн тоглолтоо 4 ялалт, 1 ялагдалтай өндөрлүүлсэн. Америкчууд Литвад, италичууд Доминиканд ялагдсан билээ. Италийн шигшээ 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий шөвгийн наймд багтаж байгаа юм. Тэд хэсгийн тоглолтод Пуэрто-Рико (73:57), Серби (78:76), Филиппин (90:83), Анголыг (81:67) ялсан бол АНУ-ын шигшээ Черногор (85:73), Иордан (110:62), Грек (109:81), Шинэ Зеландыг (99:72) хожсон.

Италийн баг сүүлийн хоёр тоглолтод маш сайн хамгаалж, Серби, Пуэрто-Рикод оноо бага алдсан. Тэгвэл тэдний хамгаалалтыг сэтлэх гол үүрэг АНУ-ын Энтони Эдвардст оногдож байна. Самбарын дорхи тулаанд хэн ялсан нь илүүрхэнэ.

Паоло Банкерогийн хувьд тун онцгой тоглолт болно. НБА лигийн өнгөрсөн улирлын Шилдэг шинэ тоглогч тэрээр итали гаралтай. Удаан эргэлзсэний эцэст АНУ-ын шигшээ багийг сонгосон юм.

Италийн дасгалжуулагч Жанмарко Поццекко “Хэн ч манай багийн эсрэг тоглохыг хүсдэггүй. Учир нь манай залуус хэзээ ч бууж өгдөггүй. Тэд бөмбөг болгоны төлөө тэмцдэг, нэг нэгнээ дэмждэг. Үргэлж хамтдаа. Эв нэгдэл манай багийн гол чанар. Мэдээж тэд маш авьяаслаг. Ер нь манай баг, тоглогчид дэлхийд хаана ч байхгүй хүмүүс” гэж ярьжээ.

Харин Литвад ялагдсан АНУ-ын баг эх нутагтаа шүүмжлэлд өртөөд байгаа. Нэр хүндээ эргүүлэн авахын тулд Италийг ялах зайлшгүй шаардлагатай. Хоорондын тоглолтын харьцаа 12-2 АНУ илүү. Сүүлийн 4 тоглолтод тэд ялсан. АНУ тоглолтын эхнээс хурдтай тоглож, хатуу ширүүн хамгаалах байх. Эхний үеэс олон тоогоор тасарвал тэр чигтээ явчих магадлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top