Өнөөдөр сагсан бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Энэ тэмцээний шилдгээр тодрох тоглогч энэ найман багаас тодрох учиртай. Урьд өмнө хэлсэнчлэн ихэнх тохиолдолд аварга багаас MVP төрдөг. Гэхдээ Литвагийн баг дэлхийн аварга болсон тохиолдолд аварга бус багаас шилдэг тодорно. Учир нь Литвагийн баг цор ганц лидер тодорсон баг биш, багаараа жигд тоглож байгаа. Хамгийн олон оноотой нь төвийн тоглогч Йонас Валанчюнас ч ДАШТ-ий Шилдэг болоход таарахгүй.
Лука Дончич
ФИБА-гийн чансаанд ч Лука тэргүүлж байгаа. Тэр бүх үзүүлэлтээр тэргүүлж байна. Нэг тоглолтод дунджаар 26,4 оноо, 7,4 самбар, 6,6 дамжуулалттай. Харин холын шидэлтээ 23,8 хувь гэсэн тааруухан шидэж байгаа. НБА-гийн өнгөрсөн улиралд 3 онооны шидэлтээ 34,2 хувь гүйцэтгэж байснаас илт мууджээ. Шөвгийн наймд тэд Канадтай учраа таарсан. Хэрэв Лука багаа ялалтад хөтлөөд хагас шигшээд шалгарч чадвал MVP авах боломж нь бүр нэмэгдэнэ.
Шей Гилжес-Александер
Дончичтой маргааш халз тулах өрсөлдөгч нь Канадын Шей Гилжес-Александер. Канадын баг дандаа НБАХ-гийн тоглогчид ч Шей энэ дундаа онцгойрч байгаа. Тэр 23,8 оноо, 5,4 самбар, 6,6 дамжуулалт гэсэн тун дажгүй үзүүлэлттэй. Дончич шиг юм л бол өөрөө шиддэггүй тоглогчийн хувьд сайн ч гэж хэлж болно. Холын шидэлт тааруу ч 33,3% гэдэг нь Дончичоос дээр. Бразилд ялагдсан ч Канадын авсан 65 онооны 23 нь түүний гэхээр Шейг буруутгах зүйлгүй. Канадчууд гэнэт бүдрээд уначихгүй, Лука Дончич супер тоглолт үзүүлэхгүй л бол Канад хагас шигшээд шалгарах болно.
Энтони Эдвардс
ДАШТ эхлэхээс өмнө шинжээчид бүгд Энтониг MVP болно гэж таамаглаж байлаа. Мэдээж АНУ-г аварга болно гэж бүгд үзэж байгаа гэхээр энэ багаас MVP болох хамгийн боломжтой нь Эдвардс. Тэр ч шигшээ багийн лидерийн үүргээ гүйцэтгэж байгаа. Нэг тоглолтод дунджаар 20,2 оноо (48,1% - бүх шидэлт, 35,7% - холын шидэлт) авч байна. Хэрэв АНУ түрүүлвэл Энтони шилдэг болох нь бараг 90 хувьийн магадлалтай. Остин Ривз гэнэт ид шид үзүүлэхгүй л бол тэр багийн шилдэг нь. Харин АНУ түрүүлэх үү гэвэл тийм амар түрүүлж чадахгүй. Литвад ялагдсанаар америкчууд тийм их хүчтэй биш гэдгээ бусдад харуулсан. Одоо тэднээс айх хүн байхгүй.
Деннис Шрёдер
Германчуудыг ДАШТ-ий өмнө хэн ч фаворит гэж дурдаагүй. Тэд ч чимээгүй ажлаа хийсээр шөвгийн наймд гараад ирлээ. Тэдний лидер нь Деннис Шрёдер. Шигшээ багтайгаа цуг олон улсын тэмцээнд ирэхээрээ тэр үнэхээр Од болон гялалздаг. Дунджаар 19,8 оноо, 6,8 дамжуулалттай. Дундын шидэлтийн хувь 50, алсаас 38,2% оновчтой шидэж байна. Тэр ДАШТ-д нэг тоглолтод 30+ оно авсан хоёр дахь шерман тоглогч болсон. Мэдээж домогт Дирк Новицкийн дараа. Новицки дэлхийн аварга бололгүй Шилдгээр шалгарсан хамгийн сүүлийн тоглогч. Шрёдер энэ амжилтыг давтаж чадах нь юу л бол, гэхдээ Герман түүнтэй цуг гайхамшиг бүтээхийг хэн ч үгүйсгэхгүй.
Богдан Богданович
Никола Йокичийн эзгүйд шигшээ багийн шинэ лидер нь Богдан Богданович болсон. Богданович 18,4 оноо, 5,2 дамжуулалт дунджилж байгаа. Холбогч биш хүний хувьд давгүй үзүүлэлт.
Сэтгэгдэл ( 0 )