Азийн гурван оронд явагдаж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын өрсөлдөөн өчигдөр эхэлсэн. Хагас шигшээд өрсөлдөх эхний хоёр багийн нэр тодорлоо. Америкийг ялж, сэнсаац тарьсан Литвагийн шигшээ баг Сербитэй хүч үзлээ.
Литва – Серби 68 : 87
Литва: Седекерскис - 14, Йокубайтис - 13, Браздейкис - 11, Валанчюнас - 11, Нормантас - 8, Кузминскас - 6, Димша - 3, Мотеюнас - 2, Малдунас, Бендзюс, Кариниускас, Сирвидис
Серби: Богданович - 21, Петрушев - 17, Йович - 11, Гудурич - 9, Милутинов - 9, Йович - 8, Аврамович - 8, Давидовац - 2, Маринкович - 1, Ристич - 1, Добрич, Симанич
Литвагийн шигшээ хэсгийн тоглолтод нэг ч ялагдаагүй. Сүүлийн тоглолтдоо АНУ-г ялж, спорт сонирхогчдыг гайхуулсан. Магадгүй тэр тоглолтод Америкт ялагдаад Италитай таарсан бол илүү дээр байсан байж болох. Ямар ч гэсэн Литвагийн хүчтэй баг хасагдах шатны эхний тоглолтдоо ялагдаад гэрийн зүг зорих болсон.
Литва тоглолтыг өнгөлөг эхлүүлсэн. Холын 4 шидэлт нь байндаа тусаж, 16-10 ялж явлаа. Гэхдээ Сербийн баг оноог тэнцүүлж, тэргүүлж чадсан бөгөөд эхний хагаст 18 оноо авсан Богдан Богданович гол үүрэг гүйцэтгэлээ. Богдан энэ тоглолтыг 21 оноотой төгсгөж, ДАШТ-ий 400 дахь оноогоо авлаа. XXI зуунд ийм амжилтыг зургаан тамирчин л үзүүлсэн байдаг.
Серби сүүлийн 20 минутыг 11 оноо илүү эхлүүлсэн. 3 дахь үед Стефан Йович тодорч, холын 3 шидэлтийг амжилттай гүйцэтгэж, Литваг дарамтад оруулсан. Сербичууд дөрөвдүгээр үед 25 оноо илүү явсан гэхээр ямар тоглолт болсон нь ойлгомжтой. Сербийн баг хамгаалалт тун сайн байж, 15 удаа бөмбөг тасалсан байна. Литвагийн багийн 4 тоглогч арваас илүү оноо авсан ч хэн нь ч 14-ээс илүү гаргаж чадсангүй. Литвагийн ахлах дасгалжуулагч Казис Максвитис “Өнөөдөр хүчтэй баг нь яллаа. Эрч хүч, сэтгэлийн хатгүй байсан маань ялагдалд хүргэлээ. Бид хоёр хоногийн өмнөх тоглолтод хэт их хүч зарцуулжээ. Серби биднээс илүү байлаа. Манай довтолгоо муу, сербичууд манай хамгаалалтыг хэцүү байдалд оруулж, хөнгөхөн оноо аваад байлаа” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )