Чөлөөт бөхийн ДАШТ: Япон, Америк бүсгүйчүүдийн өрсөлдөөн болох уу?

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Энэ сарын 16-нд Сербийн Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ. Энэ тэмцээн Парисын олимпын наадмын эрх олгох эхний тэмцээн юм. Белградад олимпын жин тус бүрт зургаа биш таван олимпын эрх олгох юм. Тав дахь эрхийн төлөө хүрэл медалийн барилдаанд ялагдсан бөхчүүд халз үзэлцэнэ.

2019 онд Нурсултанд явагдсан Токио олимпын өмнөх эрх олгох ДАШТ-д япон охид хамгийн олон буюу таван эрх авч байсан билээ. Энэ удаад тэд хэдэн эрх авах бол?

Эмэгтэй чөлөөт бөхийн хөнгөн гурван олимпын жинд Японоос хүчирхэг гурван бөх барилдана. Токио олимпын аварга Юи Сүсаки (50 кг), 122 дараалан ялаад байгаа, хамгийн залуу дэлхийн аварга Акари Фүжинами (53 кг), дэлхийн аварга Цүгүми Сакүраи (57 кг) нар олимпын эрхээ авч чадах нь ойлгомжтой. Олимпын үлдсэн гурван жинд дээрх гурваас алдар цол дутуу бөхчүүд ирнэ. Гэхдээ сул япон гэж байдаггүй билээ. Тэд олимпын 6 эрхээ бүгдийг авах магадлал өндөр. Багийн дүнгээр ч тэд түрүүлэх болов уу. Өнгөрсөн жил Белградад япон охид 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авч байсан.

Хоёрдугаар байрт америкчууд 3 алт, 2 мөнгө, 2 хүрэлтэй орж байлаа. Энэ удаа америкчууд өнгөрсөн жилийн хоёр аваргагүйгээр оролцоно. Доминик Перриш (53 кг) шалгарч чадаагүй бол олимпын аварга Тамира Менса-Сток (68 кг) зодог тайлсан. Гэхдээ олимпын алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулис (57 кг), Токиогийн мөнгөтэй, 6 удаагийн дэлхийн аварга Аделина Грей (76 кг), залуу супер од Амит Элор (72 кг) нарын алдартнууд оролцоно.

Эмэгтэйчүүдийн төрөлд энэ хоёр багтай өрсөлдөхөд хэцүү. Шинжээчдийн үзэж байгаагаар нийт дүнгээр гуравт орохын төлөө Хятад, Украин, Турк, Монголын баг өрсөлдөнө гэжээ. Мөн Кыргызстан, Молдав, Болгар, Азербайжаны бөхчүүд зарим жинд түрүүлэх боломжтойг дурдсан байна.

Эмэгтэйчүүдийн тэмцээн 18-нд эхэлж, дөрвөн өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (66.181.188.52) 2023 оны 09 сарын 06

Манайхыг дурьдсан л байна шүү дээ

0  |  0
Зочин(202.126.90.24) 2023 оны 09 сарын 06

Удахгүй олимпын төрлөөс хасагдах дэмий юманд нэг их ач холбогдол өгөх хэрэггүй л баймаар юм

0  |  2
үнэн(103.57.92.35) 2023 оны 09 сарын 07

Манайхаас медал авах найдвартай бөх эрэгтэйчүүдээс Тулга л байх. Эмэгтэйчүүдээс хэн нэг нь ганц хүрэл авах боломж байж магадгүа, ерөнхийдөө медалгүй л хоурох болов уу

3  |  2
өв.арваыхээр(66.181.183.89) 2023 оны 09 сарын 07

п.орхон лав түрүүлнэ. амжилт.

0  |  2
Top