Бадмацырен Доржиев: Монголын нэрийн өмнөөс тулалдмаар байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Спорт Экспресс, Евгений Нарижный

Оросын спорт сонирхогчид UFC, Bellator зэрэг том холбоодын аваргуудыг сайн таньдаг ч гадаадын жижиг лигт тулалддаг нутаг нэгтнүүдээ төдийлөн мэддэггүй. Буриадын хөнгөн жингийн тулаанч Бадмацырен Доржиев найман удаа мэргэжлийн лигт тулалдахдаа гурван бүс авсан хүн. Эхлээд тэр Беларусын BFC-ийн аварга болж, дараа нь АНУ-д Энтони Петтисийн APFC, Cage Fury FC лигийн аваргын бүсийг авсан. Одоо тэр холимог тулааны хамгийн том холбоо болох UFC холбоонд орохыг зорьж байна. Тэрээр СЭ сонинд ярилцлага өгөхдөө Москва, Брайтон бич-д арьс өнгөөр хэрхэн ялгаварлуулж байсан болон яагаад Монголын далбаан дор тоглох гээд байгаагаа дэлгэрэнгүй ярьжээ.

-Чи мэргэжлийн тулаанд 2019 оны хавраас орсон. Харин хоёр дахь тулаанаа гадаадад, Монголд хийсэн. Яагаад холимог тулааны хувьд хачирхалтай гэж хэлж болохоор оронд тулалдсан юм бэ?

-Монголчууд монгол туургатны дунд тулааны тэмцээн зохион байгуулж, тува, якут, халимаг, Өвөр Монголын тамирчид оролцсон. “Нүүдэлчдийн тулаан” шиг л тэмцээн байлаа. Миний таньдаг Чита хотын самбо бөхийн нэг мастер монголчуудтай холбоотой, тэр намайг оруулсан юм. Монгол бол яг л гэртээ очиж байгаа юм шиг, гадаад гэсэн сэтгэгдэл төрөхгүй.

-Монголд хамаатан садан чинь байдаг уу?

-Байхгүй, гэхдээ бид соёл, уламжлал, хэл нэгтэй улс.

- Tapology дээрх чиний танилцуулган дээр Монголын далбаа байна. Иргэншлээ хэзээ солио вэ?

-Иргэншлээ солиогүй байгаа. Мэргэжлийн тулааны замналд минь элдэв саад битгий учраасай гэсэндээ Монголын далбаа тавьсан юм.

- Tapology дээрх далбаагаа өөрөө сольсон уу?

-Тиймээ, таньдаг залуугаар солиулсан юм. Америкт шилжихдээ Монголын далбаа болгуулсан. Ер нь би цаашдаа Монголын нэр дээр тулалдах бодолтой байгаа.

-Улс төрийн байдлаас болоод уу?

-Тиймээ, монголчуудад талархах хэрэгтэй. Буриад-монголчууд гэдэг хүмүүс байдаг гэдгийг харуулмаар байна. Хүмүүс мэдэж аваг. Тийм болохоор улстөр гэхээсээ илүү өвөг дээдэс, монголчуудад хандсан хүндлэл гэж ойлгоосой гэж хүсдэг.

-Зарим буриад хүн хүмүүст амархан тогтоолгох зорилгоор орос нэртэй болсон байдаг. Чамд орос нэр байгаа юу?

- Бадмацырен нэрийнхээ Б,Ц гэсэн товчлолыг л ашигладаг. Москвад намайг бүгд БЦ гэж дууддаг. АНУ-д Би Си гэнэ.

-Immortal Lotus гэдэг хоч хэзээнээс гарч ирэв? (Мөнхийн бадамлянхуа)

-Бадмацырен гэдэг нь түвд, санскритаас хөрвүүлэхэд урт удаан амьдралын  бадамлянхуа гэсэн утгатай. Эхнэртэйгээ хамт англи хэлэнд яаж буулгавал дээр вэ гэж ярилцаж байгаад шийдсэн. immortal lotus надад таалагддаг, миний балиашгуудад ч таалагдсан. Өмнө нь би Даниэль Кормье шиг Би Си нэртэй байлаа.

-Чи АНУ-д 2022 онд очиж, Энтони Петтисийн лигтэй гэрээ байгуулсан ч 2023 оны дөрөвдүгээр сард л анхны тэмцээндээ орсон. Тэмцээн болтол юу хийж байв?

-Юу хүлээж байгааг мэдэхгүй болохоор их хэцүү үе байсан. Менежер маань холимог тулааны ертөнцөд шинэ хүн байлаа. Тэр эхлээд аравдугаар сард тулаан зохион байгуулсан ч өрсөлдөгч маань нэг өдрийн өмнө тулалдахаа больж байгаа юм. Ингээд дөрөвдүгээр сар хүртэл цагаачидтай адилхан барилга дээр ажиллаж байлаа. Харин Warriors MMA-ийн дасгалжуулагч надад шинэ тамирчдад хичээл заах санал тавьсан. Одоо долоо хоногт гурван удаа бэлтгэл хийлгэж байна. Сэтгэл санааны хувьд хүнд байсан ч энд буриадууд олон бий. Намайг их дэмждэг байсан.

-Ивээн тэтгэгчийн хувиар уу? Эсвэл буян үйлдэж үү?

-За даа, буян юм даа. 10-15 хүн нийлээд мөнгө цуглуулж, хоол хүнс, байрны мөнгө өгдөг байв.

-Эх оронч хүмүүс юм.

-ТТХН-ийн орнуудад ч бас их дэмждэг. Узбекистан, Казахстан, Киргиз гээд л.

-Петтисийн лигт чи өрсөлдөгчийнхөө бөөрөнд цохиод л 23 секундэд ялж, аваргын бүс авсан. Яагаад тэндээ үлдээгүй юм бэ?

-Бүс хамгаалах тулаан хийх гээд хүлээгээд байдаг, өрсөлдөгч олддоггүй. Ингээд манай менежер Cage Fury FC холбооны аваргын бүсийн тулаан олоод ирсэн. Том холбоо, өрсөлдөгч ч илүү чанартай байсан болохоор шууд зөвшөөрсөн. Гурван тулаан хийх гэрээ байгуулсан.

-Та Өвөр Байгалийн Агинск гэдэг 16 мянган хүнтэй сууринд өссөн. Ямар газар вэ?

-Би яг Агинск биш, тэндээс 75 км зайтай тосгонд төрж, өссөн. Чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Харин Агинскт Буриадын их сургуулийн оюутан болоод гурван жил амьдарсан. Гуравдугаар курст суугаад Москва явсан. Агинскт байхдаа бөхчүүдийн дотуур байранд амьдардаг байлаа. Буриадад бөх бол нэг номерын спорт. Дөрвөн давхар байранд 30 бөх амьдардаг. Маш сайхан хоололдог тул оюутан ахуйдаа өлсөж үзээгүй. Бөхийн бэлтгэл дуусаад зааланд боксын бэлтгэлд хааяа оролцдог байсан.

-Нью-Йоркт ирээд огт өөр ертөнц гэж бодсон уу?

-Би Москвад найман жил амьдарсан. Нью-Йоркт ирж, метрог нь хараад шууд шок. Москвагийн метро цэвэрхэн, харин энд бохир, хар тамхичид, орон гэргүйчүүд холхиод л.

-Чи АНУ-д орос хүнс хоол л хэрэглэдэг гэсэн.

-Лапша хийх гээд мах худалдаж автал ямар ч амтгүй. Ингээд л орос дэлгүүрээс хүнс авдаг болсон. Орос хоол хамаагүй илүү амттай.

-Яагаад Нью-Йоркийг сонгосон юм бэ?

-Нэгдүгээрт, Нью-Йорк цагаачдын хот. Оросоор ярьдаг хүн олон, буриадуудын нэгдэл, холбоотой. Хоёрдугаарт, бусад мужид машингүй бол хэцүү бол энд нийтийн тээвэр сайн. Энд манай эхнэрийн төрсөн эгч нь гэрбүлтэйгээ хамт амьдардаг. Нэг нэгэндээ тустай.

-Одоо чи ямар ажил хийж байна вэ?

-Цаашдаа дасгалжуулагчийн ажилд бүрэн шилжинэ.

-Барилгаас илүү цалинтай юу?

-Дасгалжуулагч гэдэг чинь тоос шороонд явахаас өөр, суугаад л юу хийхийг нь зааж өгөөд болно. Хамаагүй хөнгөхөн. Цалин ч нэг их дордоод байхгүй. Эхнэр маань гоо сайхны салбарт ажилладаг.

-Тулаанаас 10 хоногийн өмнө танай гэрбүлд гай зовлон учирсан гэсэн. Ах чинь эндсэн гэлүү?

-Өглөө эгч утасдахад нь л би ямар нэг юм болж гэдгийг мэдэрсэн. “Ах чинь алга болчихлоо” гэж хэлсэн. Би шууд л уйлж эхэлсэн. Ах Онон голд сэлж байгаад живсэн гэсэн. Түүний цогцсыг одоо болтол олоогүй байгаа. Би тосгоны найзууддаа голын эргээр явж хайхыг хүссэн. Цогцсыг олчихвол оршуулж, салах ёслол хийж чадна. Ах миний тулааныг байнга үздэг, тэсэн ядан хүлээж байсан юм. Ослоос хэдхэн хоногийн өмнө утсаар яриад л инээлдэж байсан. Дасгалжуулагч тулаанаа цуцлах уу гэж асуухад нь би “Үгүй, ялалтаа ахдаа зориулах болно” гэж хэлээд гарсан, ялсан. Жин хасаад нойр хүрэхгүй хэвтэж байхдаа “Ах аа, ах аа туслаач” гэж хэлж байгаад нам унтсан байсан. Өглөө нь зүүд мэт л санагдаж байлаа.

-Тулаанаа хаяад алга болмоор санагдаагүй юу?

-Энэ бол амьдрал. Хүн болгонд тохиолдоно. Элдэв бодол төрсөн ч урагш явах хэрэгтэй. Гэрбүл, аав ээж гээд санаа тавьж, халамжлах хүн олон байна.

-Чи мэргэжилд найм тулалдаад 3 аваргын бүс авсан. Саяхан Дана Уайтад хандсан. Хариу ирсэн үү?

-Үгүй, гэхдээ тоглолт зохион байгуулагч Мик Мейнард манай менежерт “Би Лондонд байна. Удахгүй түүний тулааныг үзнэ” гэж бичсэн байсан.

-Тэгэхээр UFC-д орох найдвар байгаа юм байна.

-Би тэсэн ядан хүлээж байна. Гэрээ байгуулах болов уу, үгүй болов уу гээд олон бодол төрөх юм. Намайг авна гэж үнэн сэтгэлээсээ найдаж байна.

-Чиний уриа “Урагшаа”, Цамцан дээрээ ч ийм бичигтэй. Ямар утгатай юм бэ?

-Энэ бол Монгол, Буриадын дайны уриа. Казахын алга-тай адилхан. Буриадууд гэж хэн болохыг мэдээсэй гэсэндээ ч ийм уриа авсан тал бий. Москвад амьдарч байхдаа би арьс өнгөний үзэлтэй тулгарч байлаа. Надад “Чи хаанаас ирсэн юм?”, “Гэртээ харь”, “Тосгондоо буц”, “Паспорт худалдаж авсан уу” гэх хүн байсан. Москвад ази царайтай л бол цагаач гэсэн үг. Тэд чамайг ОХУ-ын иргэн, дээд боловсролтой, оросоор ярьдаг гэдгийг мэдээгүй байж л шууд хэлдэг. Москвагийн метронд цагдаа нар надаас байнга бичиг баримтаа үзүүл гэж шаарддаг юм. Шударга бус зүйл.

-Америкт энэ тал дээр?

-Гайгүй шүү. Ганц удаа л нэг хүн Брайтон-Бич-д манай эхнэрт “Чи ямар Чуркистанаас ирсэн бэ?” гэж асуусан гэсэн.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(66.181.179.53) 2024 оны 03 сарын 11

Бид адилхан цус нэгтэй хүмүүс...дэмжиж байна.Монголд цахим орчинд нэвтэр

0  |  0
Зочин(66.181.161.27) 2024 оны 03 сарын 10

Саын буриад сарын найз гэж энэ хогоор юу хийхэв дээ !!!!!!Дайн дажинаасаа зугтаж бөгс ухаж явахаас өөр юм мэдэхгүЙ буриадууд

2  |  8
Lotus(202.126.90.97) 2024 оны 03 сарын 09

Uraaa

3  |  0
монгол(103.212.119.87) 2024 оны 03 сарын 10

Агийн буриадууд арай өөр л дөө. Монгол ахуйдаа илүү ойр, амьжиргааны орчин ч монголжуу. Сайн тулалдаж, сайхан амьдрах болтугай...\n

6  |  0
Мигаа(66.181.161.204) 2024 оны 03 сарын 10

Эх орон ч залууу бна амжилт тэнгэрээс ах н харж бгаа үзүүлээд өгөө

10  |  0
Q(103.212.116.49) 2024 оны 03 сарын 10

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed \n

0  |  4
1(59.153.114.214) 2024 оны 03 сарын 09

зөв дөө\n

4  |  0
GANAA(43.242.242.140) 2024 оны 03 сарын 11

ER HUN

9  |  0
Top