Украины 2 дахь сүмоч Аонишики нэрээр барилдаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

Украины хоёр дахь мэргэжлийн сүмоч Даниил Явгусишин安青錦буюу Аонишики нэрээр бөхийн гараагаа эхэллээ. 19 настай тэрээр шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд 2 ялаад байна.

Аонишики нь安 – тайван, 青 - хөх, 錦 – торго гэсэн гурван ханзнаас бүтэж байгаа бөгөөд хөх гэсэн ханз нь Украины төрийн далбаа, мөн Даниилын цэнхэр нүдийг бэлгэдэж байгаа гэнэ. Японд амжилт олсон хүнийг гэртээ торгонд хучуулаад ирлээ гэж хэлдэг тул багш нь шавьдаа цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн шикона юм.

Явгусишин 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан. Оросын цэрэг Украинд нэвтэрсний дараа Германд очиж, дөрөвдүгээр сард нь Японд ирсэн. 2022 оны сүүлээр Ажигава дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд оржээ. Аонишики 22 нас хүрэхээсээ өмнө сэкитори болох зорилготой гэнэ.

Украины анхны сүмоч Шиши 2020 оны нэгдүгээр сараас барилдаж, одоо жюүрёод дэвшээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top