Д.Ганзаяа: Тэкболын спортын анхдагч болсондоо баярладаг

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 19

Өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зааланд Тэкбол хэмээх шинэхэн спортын төрлийг танилцуулах арга хэмжээ явагдлаа. Удахгүй олимпын хөтөлбөрт багтахаар зэхэж байгаа тэкболын төрөл Монгол Улсад хөгжөөд удаагүй байна. Монголын тэкболын холбооноос МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2023-2024 хичээлийн жилийн Спортын ур чадварын хичээлд Тэкболын хичээлийн хөтөлбөрийг боловсруулан батлуулж, 15 оюутантай Тэкболын хичээлийг эхлүүлжээ. Энэхүү анхдагчдын нэгтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу, МУБИС-ийн Бизийн тамирын сургуулийн хоёрдугаар курсын оюутан Д.Ганзаяа байна.

-Тэкболын спортоор хичээллээд хэр удаж байна? Энэ спортын юу нь таны сэтгэлийг татав?

-Тэкболоор хичээллээд нэг сар, энэ спортыг мэддэг болоод жил гаруй болж байна. Анх энэ спортыг ойлгож, мэддэг болоод сургуульдаа нэвтрүүлэхсэн гэж Ч.Амарсанаа багштайгаа ярилцаж байсан. Юу нь намайг татсан бэ гэвэл тэкбол Монголд орж ирээд дөнгөж хөгжлийн эхний шатандаа явж байна. Манай сургууль бол Монголын спортын ууган сургууль. Шинэ спортыг Монголдоо хөгжүүлэх боломж олдсонд, энэ спортын Монгол дахь анхдагчдын нэг болсондоо их баяртай байгаа. Бид одоо 15-уулаа хичээллэж байна. Цаашдаа тамирчин, шүүгч болоод тив дэлхийд гарах боломж нээгдэж байгаа тул өөрсдөө улам хичээх болно.

-Тэкболын спортоор хичээллэхэд яг юу нь гоё байв? Юу нь бусад спортоос өөр байсан бэ?

-Хөлбөмбөг,  ширээний теннис, волейболоос гаралтай спорт тул энэ бүх спортоор дөртэй болчих юм шиг санагдсан. Амархан харагдаж байгаа ч маш их авьяас шаардсан спорт тул их сонирхолтой.

-Д.Ганзаяа өөр ямар спортоор хичээллэдэг вэ?

- Би анх жүдо бөх барилдаж байгаад болиод волейболын спортод орсон. Одоо тэкболоороо хичээллэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top