Абдулрашид Садулаев Москвад эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 21

Энэ жилийн ДАШТ-ий гол сенсаацын нэг нь олимпын хошой аварга Абдулрашид Садулаев гэмтлийн улмаас тэмцээнийг орхиж, олимпын эрх аваагүй явдал байлаа. ОХУ-ын тамирчид хоригт орсны улмаас тэр сүүлийн 2 жилд таван удаа л барилдсан. Бүгдэд нь ялсан ч тэмцээн уралдаан дутуу байх нь түүнд нөлөөлсөн нь мэдээж. Дээр нь шигшээ багийн цугларалт дээр хүзүүндээ гэмтэл авсан. Ивэрхий гарсан байсныг Ираны бөх хүчтэй шилдсээр байгаад сэдрээж, алдарт бөх ДАШТ-ийг орхихоос өөр аргагүйд хүрсэн. Барилдааны дараа түүнийг ОХУ-ын багийнхан яаралтай эх оронд нь буцаасан юм.

Садулаев олон нийтийн сүлжээгээр спорт сонирхогчдод хандан “Сэргэн мандалт, уналт бидний амьдралын нэгэн хэсэг шүү, найзууд аа. Бараг хоёр жил хоригт байсны эцэст бид олон улсын тавцанд эргэн ирлээ. Маш удаан хүлээсэн ДАШТ үйл явдлаар тун арвин байлаа. Тэмцээн эхлэхээс өмнө олон таагүй явдал тохиолдсон ч манай залуус 4 медаль, 4 олимпын эрх авч чадсан. Юуны өмнө үнэнч балиашгууддаа баярлалаа гэж хэлье. Миний эрүүл мэндэд санаа зовж, утасдаж, бичиж байгаа бүх хүмүүст баярлалаа. Би өмнө нь ч гэмтэлтэй барилддаг байсан. Гэхдээ хүний бие төмөр биш. Өнөөдөр би Москвагийн эмнэлэгт шинжилгээ өглөө. Эмч нарын оношийг хүлээж байна. Нөхөн сэргээх эмчилгээ өмнө минь хүлээж байна. Эдгэрээд Парисын олимпод оролцох гол зорилгоо биелүүлэх замаа үргэлжлүүлэхэд цаг хугацаа хангалттай байна. Энэ ДАШТ-ий гол нээлт болсон залуу, манай спорт сургуулийн сурагч байсан, 20 настай Ахмед Тажудиновт үнэн сэтгэлээсээ баяр хүргэе. Шигшээ багийнхаа бүх ялагчид, медальтан, олимпын эрх авсан бөхчүүдэд баяр хүргэж байна” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top