АХБХ-ны 2023/2024 оны “AFC Cup” тэмцээний Зүүн Азийн бүсийн “I” хэсгийн тоглолтууд манай нийслэлд явагдаж байна. Энэ хэсэгт манай Улаанбаатар, CPK (Макао), Tainan City (Тайвань), Taichung Futuro (Тайвань) багууд өрсөлдөж байгаа.
Энэ жил үндэсний дээд лигт түрүүлж, тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа "Улаанбаатар" клуб эхний тоглолтоо Тайванийн Тайнан Сити багтай өчигдөр хийж, түүхэн ялалт байгууллаа.
Манай багийн дасгалжуулагч 3:5:2 хувилбар сонгосон бөгөөд гараанд хаалгач Э.Мөнх-Эрдэнэ, Д.Төрбат, Г.Бат-оргил, Г.Гандуулга, П.Ууганбаяр, О.Мижиддорж, Г.Гантогтох, Nemanja Khusevac, Э.Өнөр-Эрдэнэ, А.Тэмүүжин, Дусан Киркович нар гарсан.
Ингээд тоглолтын эхний хагаст талбайн эзэд бөмбөгийг 52%-тай эзэмшиж, хаалгаруу чиглэсэн 4 цохилт гүйцэтгэсний нэг нь гоол боллоо. Тоглолтын 34 дэх минутад Г.Бат-Оргил өөрийн нэр дээр эхний гоолыг бүртгүүлсэн бол зочин багийн хувьд эхний хагас хүртэл 44%-тай бөмбөг эзэмшиж, тоглолтын 43 дахь минутад Яао Ко Чи гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Харин тоглолтын хоёрдугаар хагаст “ФС Улаанбаатар” клуб илүүрхэн тоглож, 63 дахь минутанд Дусан гоолдсоноор тоглолтын тэргүүллийг авлаа. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусахаас хоёр минутын өмнө ФС Улаанбаатар багийн легионер тоглогч Саша Тефанов эцсийн гоолыг оруулснаар Монголын баг хэсгийн шатны эхний хожлоо байгууллаа.
"Улаанбаатар" клубын энэхүү хожил нь Монголын баг "AFC Cup" тэмцээний хүрээнд байгуулсан анхны хожил гэдгээрээ түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэж байна. Дараагийн тоглолт аравдугаар сарын 5-нд Тайчунг Футуро” багийн эсрэг МХБХ-ны талбайд болно.
Монголын багуудын хувьд 2015 онд Хоромхон, 2017 онд Эрчим, 2022 онд Атлетик 220 клубууд тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцож, хэсгийн шатанд тоглож байжээ.
“ФС Улаанбаатар” клубын дасгалжуулагч Войслав Бралушич “Олон улсын тэмцээнд анх удаа оролцож байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй Монгол улсын хөлбөмбөгийн хөгжилд дэвшил авчрах үйл явдал юм. Бид сайн тоглох болно” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )