Чөлөөт бөх: Ризабек Айтмухан 97 кг-ын жинд шилжинэ

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Сербид явагдаж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэй 92 кг-ын жинд түрүүлж, Казахстаны анхны чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Ризабек Айтмухан жингээ солих гэж байгаагаа зарлалаа. Казах бөхчүүд өмнө нь 5 мөнгө, 12 хүрэл медаль ДАШТ-ээс хүртэж байжээ.

Ризабек Айтмухан Казахстаны Спорт, аялал жуулчлалын яамны хэвлэлийн албанд ярилцлага өгөхдөө “Намайг дэмжиж, миний төлөө залбирч байсан бүх хүнд баярлалаа. Энэ амжилт бол миний 9 жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Сербийн ДАШТ миний 92 кг-ын жинд барилдсан сүүлийн тэмцээн байлаа. Дараагийн тэмцээнээс би олимпын жин 97 кг-д өрсөлдөнө. Миний шинэ зорилго бол Парисын олимпоос медаль авах” гэж ярьсан байна.

Абдулрашид Садулаев, Кайл Снайдер хоёр л түрүүлж байх ёстой мэт байсан 97 кг-ын жин энэ дэлхийн аваргаар Ахмед Тажудинов гэсэн шинэ одтой болсон.

Ризабек Айтмуханы мэдэгдлийн дараа АНУ-ын чөлөөт бөхийн шинжээч, дасгалжуулагч  Адам Тирапель “Олимпын 97 кг-ын жингийн өрсөлдөөн ёстой солиотой болох нь. Айтмухан 19- хэн настай залуу болохоор 97 кг болтол жингээ нэмэхэл огт асуудалгүй. Тэгээд ч өндөр залуу. Магадгүй ирэх жил бид энэ жингийн лидерийн суудал түүнд шилжихийг харж болох юм” гэж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top