Ж.Ганбаатар: ОХУ-ын хоригт 92, 95 бензин орсон, асуудал Төрийн өндөр түвшинд яригдана

2023 оны 09 сарын 22

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.09.21/ ОХУ дөрвөн улсаас бусад оронд шатахуун экспортлохгүй болсонтой холбогдуулан манай улсын шатахууны нөөц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ


Тэрээр "ОХУ-ын Засгийн газраас өчигдөр 2023 оны есдүгээр сарын 21-нд ОХУ-аас арилжааны бензин, дизель түлш экспортыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Тогтоол албажаад УУХҮЯ-нд ирсэн.

Энэ тогтоолын гол утга учир нь тодорхой нэр төрлийн дизель түлш болоод авто бензиний экспортод хориг тавьсан байгаа.

Тодорхой нэр төрлийн дизель түлш гэхээр Евроазийн гаалийн ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой байгаа. Үүнд манай улс руу Роснефт компаниас экспортолж байгаа дизель түлш багтах боломжтой гэж бид харж байгаа. Эцсийн шийдвэрийг хоёр хоногийн дараа гарчих байх.

Тогтоолыг уншаад үзэхээр манай улсын импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй гэж ойлгож болно. Гэхдээ бид үүнийг тодруулж байна.

Авто бензиний хувьд АИ92, АИ95 бензин хоригт орсон байна. Гэхдээ тогтоол гарах болсон гол шалтгаан нь улс төрийн болон ямар нэгэн шалтгаан байхгүй. Гурван сарын өмнөөс эхлээд ОХУ-ын дотоодод бензин болоод дизель түлшний үнэ зах хязгаар нутгуудад нэлээд нэмэгдсэн. Үүнийг тогтворжуулах, үнийг буулгах арга хэмжээг ОХУ шат шатандаа авсан. Энэ хүрээнд өчигдрийн тогтоол гарсан. Ганцхан Монгол Улс хамаарагдаж байгаа биш, дэлхийн бүх улс л хамаарагдаж байгаа.

Авто бензин гэдэгт АИ92 орж байгаа. Энэ бензиний хувьд ОХУ дотооддоо евро-5 ангиллын авто бензин хэрэглэж байгаа. Манай улсын хэрэглэж байгаа нь евро-2 байгаа. Энэ тогтоол евро-2 бензин хамаарагдахгүй байх магадлалтай. Үүнийг бид хоёр хоногтоо багтаагаад та бүхэнд мэдээлнэ.

Мөн тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол үүнд хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг, өгүүлбэрүүд байгаа.

Манай улсын 2023 онд байгуулсан Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр зүйлд заасан Газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээний дагуу бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулга байгаа. Энэ агуулгын хүрээнд бид асуудлуудаа тавьж ОХУ-тай ярилцана.

Роснефть компанитай өчигдөр оройжин тогтоол гарснаас хойш олон цаг ярилцлаа. Бид ОХУ-аас шатахууныхаа 85-90 хувийг авч байгаа. Энэ хоригт ОХУ-ын Роснефть, Газфром, Сибнефть зэрэг томоохон компаниуд 100 хувь хамаарагдахгүй байх магадлалтай гэж бид харж байна.

Тийм учраас бид Роснефть компаниас хоёр хоногтоо багтаад хариу авчих байх.

Түүнээс гадна нэмэлт мэдээлэл өгөхөд есдүгээр сарын 23-25-ны хооронд Төрийн Думын дарга ноён Вячеслав Володин Монгол Улсад айлчилна. Энэ айлчлалын хүрээнд төрийн өндөр түвшинд энэ асуудал яригдахаар бэлтгэгдэж байна. Бид энэ талаар анхааралтай ажиллаж, Төрийн өндөрлөгүүдэд энэ талын мэдээллийг маш сайн хүргүүлж байгаа” гэлээ.

Мөн Тэрээр "Дизель түлшний нөөц түүхэнд байхгүй хэмжээнд хангалттай байна. Засгийн газрын тогтоосон 30 хоногоос илүү хангалттай байна. Тиймээс ургац хураалтад ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй. АИ92 шатахууны үнэ Улаанбаатар хотод 2490 төгрөгөөсөө хэтрэхгүй. Үүнийг сарын дотор хэтрэхгүй гэдгийг хэлэх байна. Хөдөө орон нутагт тээвэрлэлтийн үнэ нэмэгддэг. Нөөц хангалттай байгаа" гэдгийг мэдээлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.237) 2023 оны 09 сарын 26

Алтан ширээгийн нефть боловсруулах үйлдвэрийнхээ агуулахыг ядаж хурдан бариач ээ

0  |  0
Зочин(202.9.46.69) 2023 оны 09 сарын 23

Ийм сайд байх ч гэж. Бензин А92 ямар үнэтэйг ч мэдэхгүй. Гарсан тогтоолыг нь олон цаг яриад ч ойлгодгүй.

0  |  0
Top