ХААН Банкнаас анх удаа олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран “Хакатон 2023”-ыг хоёр сарын турш амжилттай зохион байгуулж, сүүлийн шатанд шилдэг 10 баг шалгаран шинэ, шилдэг шийдлүүдээ танилцууллаа.
ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын шинэ санаачилга, бүтээгдэхүүн, төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилготой тус Хакатонд “M Team” баг “NFC ашигласан төлбөр тооцооны шийдэл”-ээр нэгдүгээр байр эзэллээ. Тэд энэхүү шийдлээрээ дамжуулан мөнгө шилжүүлэх болон мөнгө хүлээн авах хэрэглэгчид гар утасныхаа NFC-ийг харилцан уншуулж, гүйлгээний нууц кодоо хийгээд 10 секундын дотор гүйлгээ хийх боломжийг бүрдүүлжээ.
Харин удаах байранд “Khamble boys” баг “Мерчант апп” хөгжүүлэлтээрээ шалгарлаа. Энэхүү аппликэйшн нь бизнес эрхлэгчийн дансанд орж ирсэн орлогыг дуу хоолойгоор хэлж өгдөг, бизнесийн гүйлгээг хувийн гүйлгээнээс тусдаа харуулдаг онцлогтой юм байна.
Гуравдугаар байранд давтамжит төлөлт буюу subscription-ийн үйлчилгээний нэгдсэн систем хөгжүүлсэн “Team GG” баг шалгарчээ. Монголд одоогоор бизнес болоод харилцагчдад зориулсан энэхүү систем хараахан хөгжөөгүй байгаа учраас хэрэглэгчид төлбөр төлөхийн тулд ямар нэгэн сайт руу нэвтэрч, картын мэдээллээ оруулдаг. Энэ нь зарим талаараа эрсдэл дагуулдаг учраас ХААН Банкны аппликэйшн дотор давтамжит төлөлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр илүү аюулгүй, найдвартай гэж тэд үзжээ.
Мөн хэрэглэгчийн сэтгэгдэлд дүн шинжилгээ хийх вэб хөгжүүлсэн “Khanbliss” баг ХААН Банкны харилцагчийн үйлчилгээний газрын нэрэмжит шагнал хүртлээ. Тэдний хөгжүүлсэн хиймэл оюун ухаан нь постын сэтгэгдлийг эерэг, сөрөг, хэвийн гэсэн гурван төрөлд ангилан цуглуулж, хэрэглэгчдийн сэтгэгдлийн нэгдсэн сан бий болгох юм байна. Ингэснээр тэрхүү санг ашиглан тухайн байгууллага аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчдийн бодит сэтгэгдлийг үнэлэн, шинэчлэлт, сайжруулалтаа цаг алдалгүй хийх боломжтой юм.
ХААН Банкны зохион байгуулж буй анхны нээлттэй хакатон гэдгээрээ энэ удаагийн уралдаан онцлог юм. Үүгээр дамжуулан залуу мэргэжилтнүүдэд ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн мэргэжлийн туршлагаа нэмэгдүүлэх боломж олгохоос гадна ХААН Банктай хамтран ажиллах, салбарын шилдгүүдээс туршлага судлах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх зэрэг олон боломжуудыг олгосон юм.
ШИЛДЭГ 10 БАГ
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл ( 0 )