Урвуу хамаарал: Ам.доллар сулрахтай зэрэгцэн алтны үнэ өсөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 07

Энэ долоо хоногийн эхээр нэг унц алтны үнэ түүхэнд дээд хэмжээнд буюу 2.1 мянган ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулагчид Ойрх Дорнод дахь хурцадмал байдал улам гүнзгийрч байгаатай холбоотой болгоомжилж байна хэмээн шинжээчид тайлбарлажээ. Үүний сацуу ам.долларын ханш суларч буй энэ үед зах зээлийн тоглогчид үнэт металлыг идэвхтэй худалдан авах болжээ. Алтны үнэ тэнгэрт хадаж байгаагийн гол шалтгаан нь төв банкнуудын алт авах сонирхол нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Вашингтоны хориг арга хэмжээний бодлого, улсын өр нь дээд хэмжээнд хүрсэн энэ үед төв банкнууд нөөцөө хамгаалах үүднээс ам.доллароос илүүтэйгээр алт худалдан авах болжээ.

Нью Йоркийн Comex бирж дээр алтны үнэ гурван хувиар өсөж, ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэнд анх удаа нэг унц нь 2152 ам.долларт хүрсэн билээ. Алтны үнэ аравдугаар сарын эхээр өсөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 13 хувиар нэмэгдээд байна. Үүнийг шинжээчид Израил, Хамасын мөргөлдөөн хурцатсантай холбон тайлбарлаж байгаа. Дэлхий дахинд улс төр эсвэл эдийн засгийн тодорхойгүй байдал гүнзгийрэхийн хэрээр хөрөнгө оруулагчид мөнгөө хадгалах найдвартай хэрэгсэл болгож алт худалдан авч эхэлдэг нь бичигдээгүй хууль.

Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хоёр хүрэхгүй сарын дараа Катар, Египетийн зуучлалын дүнд Израил, Хамас хөдөлгөөн гал түр зогсоох тохиролцоонд хүрч чадсан. Гэвч түүнээс хойш долоохон хоногийн дараа гэхэд талууд бие биеийгээ гал зогсоох дэглэм зөрчсөнд буруутган, арванхоёрдугаар сарын 1-ээс мөргөлдөөн дахин эрчимжсэн. Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал алтны үнэ өсөх хөшүүрэг болсон.

Урвуу хамаарал

Үүнтэй зэрэгцэн үнэт металлын үнэ нэмэгдсэн нь олон улсын зах зээл дээр ам.долларын ханш суларсантай холбоотой гэж шинжээчид онцолжээ. Алт, ам.доллар хоёрын хооронд урвуу хамаарал байдаг. Хэрэв ам.доллар үнэгүйдвэл эсрэгээр алтны үнэ нэмэгддэг. Алтны үнэ буурахад ам.долларын ханш чангардаг. Сүүлийн нэг сард ам.долларын индекс /DXY/ гурван хувиар унасан бол алтных эсрэгээр таван хувиар өсжээ. Ихэнх хөрөнгө оруулагч, трейдерүүд ам.долларыг хөрөнгө оруулалт, хадгаламжийн хамгийн найдвартай хэрэгсэл гэж үзсээр байгаа хэдий ч ханш нь буурахын цагт мөнгөө өөр нэг найдвартай актив болох алт болгон хувиргадаг байна.

Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш унаж байна. Энэ нь АНУ-ын мөнгөний бодлогод өөрчлөлт орно гэсэн хүлээлттэй холбоотой. Тухайлбал, тоглогчид 2024 он гэхэд АНУ-ын Холбооны нөөцийн сан /тус улсын төв банк/ бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэж тооцоолж байна.

Сануулахад, 2021 онд АНУ-д инфляцын түвшин эрчимтэй өсөж эхэлсэн. Тухайн үед тогтоосон цар тахлын хорио цээрийн арга хэмжээ нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдахад хүргэсэн. Улмаар Холбооны нөөцийн сан эдийн засгаа дэмжих үүднээс их хэмжээний мөнгө хэвлэсэн нь хэрэглээний үнэ өсөхөд хүргэсэн билээ. Вашингтон Оросын эсрэг эрчим хүчний хориг арга хэмжээ авсны улмаас түлшний үнэ өсөж, инфляцыг улам хөөрөгдүүлснээр 2022 онд нөхцөл байдал улам даамжирсан.

Үнийг өсөлтийг хазаарлахын тулд Холбооны нөөцийн сан мөнгө, зээлийн бодлогоо огцом чангатгаж эхэлсэн. Өмнөх хэдэн жилд бодлогын хүү тэг орчим байсан бол 2022 оны гуравдугаар сараас эхлэн 11 удаа өсөж, 5.25-5.5 хувьд хүрээд байна. Энэ нь 2001 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Мөнгө, зээлийн бодлогыг чангатгах нь инфляцтай тэмцэх гол аргын нэг гэж үздэг. Бодлогын хүүг нэмэгдүүлсний дүнд иргэд, бизнест очих зээлийн өртөг нэмэгдэж, улмаар эдийн засгийн идэвх буурч, энэ нь үнийн дарамт болдог байна. Үүнтэй зэрэгцэн Холбооны нөөцийн сангийн үйл ажиллагааны дүнд АНУ-ын улсын үнэт цаасны ашигт байдал нэмэгддэг байна. Үүний дүнд өрийн цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын нэмэлт урсгал орж ирснээр ам.долларын динамикт эергээр нөлөөлдөг.

Одоогийн байдлаар Холбооны нөөцийн сан инфляцыг хазаарлаж чадсан хэдий ч бодлогын өндөр хүү АНУ-ын эдийн засгийг уналтад ороход хүргэжээ. Ийм нөхцөлд зах зээлийн оролцогчид Холбооны нөөцийн санг мөнгөний бодлогоо сулруулна гэсэн хүлээлттэй байгаа ба ингэснээр ам.долларын ханш дагаж сулардаг.

Дэлхийн хөрөнгө оруулалтын банкнууд 2024 оны хоёрдугаар хагаст АНУ-ын бодлогын хүү суларна гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл ам.долларын ханш улам суларна. Энэ нь алтны үнэ өсөх хөрсийг бэлдэнэ гэсэн үг. Ирэх 2024 оны турш нэг унц алтны үнэ хоёр мянган ам.долларыг давна гэж шинжээчид таамаглаж байна.

Нөөцийн актив

Дэлхийн улс орнуудын төв банкнуудын зүгээс үнэт металл худалдан авах сонирхол их байгаа нь алтны үнийг эрчимтэй өсгөж буй бас нэг шалтгаан. Үүнийг Дэлхийн алтны зөвлөлийн (WGC) мэдээлэл батална.

Тус байгууллагын мэдээллээр, 2023 оны эхний есөн сард дэлхийн дахинд төв банкнууд алтны нөөцөө 800 тонноор нэмэгдүүлээд байна. Төв банкнууд есөн сарын хугацаанд ийм их хэмжээний үнэт металл худалдаж авч байсан түүх байдаггүй.

Энэ оны гуравдугаар улиралд Хятад 78 тонн, Польш 57 тонн, Турк 39 тонн, Энэтхэг есөн тонн, Узбекистан долоон тонн, Чех зургаан тонн, Сингапур дөрвөн тонн, Катар болон ОХУ тус бүр гурван тонн, Филиппин хоёр тонн, Киргиз нэг тонн алт худалдан авч, хамгийн идэвхтэй худалдан авагчаар тодроод байна.

Судалгаанаас үзвэл, дэлхийн төв банкнуудын 24 хувь нь ойрын 12 сард алтны нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн судалгаагаар төв банкнуудын ам.доллар худалдан авах сонирхол буурч, эсрэгээр алтны үүрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Дэлхийн алтны зөвлөлийн тайланд дурдсанаар, нийт нөөцөд эзлэх алтны хэмжээ өсөх судалгаа гарчээ.

Тайлангаас үзвэл, 2022 оны гуравдугаар улиралд ам.доллар дэлхийн гадаад валютын нөөцийн 51 хувийг, алт дөнгөж 15 хувийг эзэлж байжээ. Харин Дэлхийн алтны зөвлөлийн үнэлгээгээр, дэлхийн төв банкнуудын тал хувь нь ам.долларын эзлэх хувь 40-50 хувь болж буурна гэсэн хүлээлттэй байгаа бол зарим төв банк ирэх таван жилд 40 хувиас буурч болзошгүй гэж үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн гадаад валютын нөөцөд алтны эзлэх хувь 16-25 хувь хүртэл нэмэгдэнэ гэж ихэнх төв банк таамаглаж байна.

Ам.доллар АНУ-ын хориг арга хэмжээний бодлого зэрэг улс төрийн хүчин зүйлсийн улмаас хамгийн найдвартай актив гэсэн байр сууриа аажмаар алдаж байна. Түүнчлэн, АНУ-ын асар их өрийн хэмжээ тоглогчдыг болгоомжлоход хүргэж байна. Үүний улмаас олон улсын агентлагууд тус улсын зээлжих эрхийг бууруулж эхэлсэн. Энэ нь ам.долларын найдвартай байдал суларч байна гэсэн дохиог зах зээлд өгч байна. Эх сурвалж: RT

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top