Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр (2023.12.12) Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонслоо. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин даргалав.
Засгийн газраас 2021, 2022 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ талаар Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, өнгөрсөн хоёр жилд энэ талаар гарсан ахиц дэвшлүүдийг дурдлаа. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Эмэгтэйчүүд, бизнес ба хууль эрхзүйн орчны индекс”-ийн үзүүлэлтүүдээр Монгол Улс 90.6 хувиар дүгнэгдэж, ахиц дэвшил үзүүлсэн 20 улсын тоонд багтжээ. Мөн, Дэлхийн эдийн засгийн форумын Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2022 онд Монгол Улс 145 улсаас 70 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Засгийн газраас 2023 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний Сайн Дурын Илтгэлийг танилцуулсны дагуу зөвлөмж гарсан аж. Энэ зөвлөмжийн дагуу үндэсний хэмжээний хоёр хөтөлбөр, нэг стратеги төлөвлөгөө, мөн жендэрийн тусгайлсан хөтөлбөрийг 15 салбар, нийслэл, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлж байна. Түүнчлэн, Жендэрийн үндэсний хорооноос "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-г батлан хэрэгжүүлж байгаа ажээ.
Сайд Б.Тулга мэдээлэлдээ, жендэрийн нөхцөл байдлын 2019 оны дүн шинжилгээ, үнэлгээгээр салбар, хүрээ бүрийн жендэрийн зөрүүтэй байдал хэвээр байгаа талаар ярив. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх, түүний гүйцэтгэл, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мөн Жендэр судлалыг хөгжүүлэх зэрэг ажлууд хэрэгжилтийн шатанд байна гэсэн үнэлгээ гарсан бол жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлагын ажлын хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Харин “Тэгш хамран сургах боловсролын талаар баримтлах чиглэл”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэг салбарын болон салбар дундын бодлогуудыг цар тахлын нөхцөл байдалд хэрэгжүүлсэн нь 70-90 орчим хувьтай, тодорхой үр дүнд хүрсэн байна.
Цаашид Засгийн газраас, Жендэр судлалын хүрээнд хүйсээр ангилсан мэдээлэл, статистикийн хэрэглээг нэмэгдүүлж, боловсронгуй болгох, хөгжлийн бодлого төлөвлөх, хөрөнгө нөөцийг хуваарилахтай холбоотой хууль тогтоомжийг жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгод нийцүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын тайлантай холбогдуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, жендерийн тэгш байдлыг бүх салбарт харьцангуй тэгш байлгах тал дээр Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд санаачилгатай ажиллаж, эмэгтэйчүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалтын товлолт, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн орчинд шийдвэрлэсэн талаар ярьж, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн сайжруулах, парламентаас бусад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар асуув.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хариулахдаа, 2020-2023 онд эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 14.9 хувиар ялгаатай байгааг дурдаад, энэ нь хүүхэд харж буй эмэгтэйчүүдийн тоо жил бүр 120-125 мянга байгаатай холбоотой гэсэн юм. Мөн суралцаж байгаа иргэдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь үүнд нөлөөлдөг байна. 2021, 2020 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөвлөлтийг жендерийн мэдрэмжтэй хийсэн нь тодорхой үр дүн өгсөн талаар ярив. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021 онд 39 мянган иргэн хамрагдсаны 55 хувь, 2022 онд 80 мянган иргэн хамрагдсаны 59.4 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэргэдээ цэцэрлэг, хүүхэд харах өрөөтэй болсон аж ахйн нэгж, байгууллагуудын тоо нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй ажил болж буйг тэрбээр онцлов. Цаашид эдгээр ажлуудыг өргөжүүлнэ гэсэн юм.
Мөн тэрбээр, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ зөрүүтэй, дундаж цалингийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр энэ зөрүү улам нэмэгдэх хандлагатай байгааг дурдаж, ирэх жилээс салбар салбараар нарийвчлан судлахаар төлөвлөж байгаа талаар ярьсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Засгийн газраас жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг Боловсрол, шинжлэх ухааны болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд туршсанаар ямар дэвшил гарч байгааг асуув. Тэрбээр, албан байгууллагуудын ариун цэврийн өрөөг жендерийн мэдрэмжтэйгээр төлөвлөх асуудлыг жишээ болгон ярьж, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг туршсан яамдад энэ мэт асуудлуудаар ямар тодорхой ажлууд хийгдсэн талаар, мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн болон жендерийн мэдрэмжтэй асуулгыг тусгах талаар хийгдэж байгаа ажлуудын талаар тодруулав.
Түүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг мэдрэмжтэй болгох, ерөнхий боловсролын салбарын дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, шинжлэх ухааны салбарын шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бүх шатын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт жендер болон гэр бүлийн боловсролын агуулгыг хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тусгах, мэргэжлийн сонголтод хүйсийн тэгш байдлыг хангах нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, сургууль цэцэрлэгийн багш мэргэжлээр элсэгч эрэгтэйчүүд, технологийн чиглэлээр суралцах эмэгтэй элсэгчдийг дэмжих зэрэг асуудлуудад голлож анхаарч байгаа хэмээн хариуллаа. Мөн салбарын болон нийгмийн хэмжээний хандлагыг өөрчлөх асуудал ихээхэн чухал байсныг тэрбээр дурдаад, үүний хүрээнд жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт болон төсөвлөлтийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, эцэг, эх, багш, ажилтнуудын дунд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан талаар танилцуулав. Тус яам 2024 оны төсөвтөө жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтөд 250 тэрбум төгрөг тусгаад байгаа ажээ. Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн дэмжлэгтэйгээр сүүлийн хоёр жилд аймаг, нийслэлийн 853 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулж байгаа талаар тэрбээр ярьж, одоогийн байдлаар тэдгээрээс 250 байгууламжийг ашиглалтад хүлээж авсан, 18-ыг хүлээн авахаар комисс ажиллаж байгааг дурдлаа. Салбарын хэмжээнд тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгох, ялгаварлан гадуурхалыг байхгүй болгох, ялангуяа, хүүхдүүдийн суралцах орчин, нөхцөлийг ижил тэнцүү байлгахад Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлого төлөвлөгдсөн талаар Төрийн нарийн бичгийн дарга онцолсон юм.
Дээрх асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тухайлан хийгдсэн хэмээгээд, төсөвлөлт хийхээс өмнө сангаар дамжуулж хөтөлбөрт хамрагдсан иргэдийн 58 хувь нь эрэгтэйчүүд, 42 хувь нь эмэгтэйчүүд байсан бол жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлснйи үр дүнд одоо 59 хувь нь эмэгтэйчүүд болсон гэв. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар 2023 онд 90.6 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд мөн жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг ашиглаж байгаа юм байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 онд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурах бичигт хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж үнэлгээ хийлгэсэн байна. Үнэлгээнд сурах бичгүүдийн агуулга жендэрийн болон хүний эрхийн боловсролтой холбоотой агуулгыг хэрхэн тусгасан талаарх үзүүлэлт орсон бөгөөд энэ хичээлийн жилээс холбогдох засвар, шинэчлэлийг хийж, сурагчдад түгээж эхлээд байгаа талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн ярилаа.
2000 онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 60.9 хувь байсан бол одоо 49 хувь болж буурсан талаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа дурдаад, жендэрийн эрх тэгш байдлын олон улсын индексийн үзүүлэлтээр ч Монгол Улсын чансаа ихээхэн буурсныг онцолж, ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүд бичил, жижиг бизнес эрхлэх, энэ чиглэлийн зээл, хөтөлбөрт хамрагдаж байгаа байдлын талаар тусгайлан мэдээлэл ирүүлэхийг хүссэн юм. Тэрбээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар яамд, салбарын аль нь тааруу ажилласан, хэрхэн хариуцлага тооцсон, боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүйсийн харьцааг оновчтой болгох, эрэгтэй, эмэгтэй ажилчдад тохирох ажлуудыг оногдуулах чиглэлээр Засгийн газар хэрхэн ажилласан талаар асуулт асууж, хариулт авсан юм.
Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, нийт яамд, нийслэл, 21 аймаг, есөн дүүргээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг авч, 41 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн хэмээгээд, 16 яамыг эдгээр шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд Хууль зүй, дотоод хэргийн, Барилга, хот байгуулалтын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Гадаад харилцааны яамд 50-аас дээш хувийн хэрэгжилттэй, ихэнх нь 50-аас доошоо буюу хэрэгжих шатанд гэсэн үнэлгээтэй гарсан талаар ярив. Шинээр байгуулагдсан яамдын үзүүлэлт хангалтгүй гэсэн үнэлгээ үзүүлжээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн асуултанд өгсөн харилтдаа, АШУИС-д элсэгчдийн дотор эрэгтэй элсэгчдийн квот тогтоох, босго оноог бууруулах зэрэг асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа боловч хуулийн зохицуулалтын хувьд боломжгүй байгаа талаар ярив. Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, их, дээд сургуульд өнөөдөр 1.1 сая гаруй хүүхэд суралцаж байгаагийн 49.4 хувь нь эрэгтэй хүүхдүүд бөгөөд боловсролын түвшин ахих тусам хүйсийн харьцаа алдагдах хандлагатай байна гээд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиас мэргэжлийн сургалт болон их дээд сургуульд элсэх шатанд энэ харьцаа алдагдаж байгаа талаар ярив. Эрүүл мэндийн салбарт эрэгтэй ажилчдын тоог нэмэгдүүлэх, анагаахын сургуульд элсэх эрэгтэйчүүдийн дэмжих чиглэлээр Засгийн газраас 2000 оны эхэн үед бодлого гаргасан боловч Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэг жил хэрэгжүүлээд больсон тухай тэрбээр дурдсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар судалгаа, нөлөөллийн ажлыг ямар байгууллагаар, хэрхэн хийж байгаа талаар, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт энэ агуулгыг хэрхэн тусгасан болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, мөн эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд хийж байгаа талаар асууж, хариулт авсан юм. Үүнд хариулахдаа Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, жендерийн асуудлаар дагнан судалгаа хийдэг төрийн өмчийн оролцоотой байгууллага байхгүй, харин манай хорооны дэргэдэх үндэсний шинжээчдийн бүлгээс эрдэмтэн судлаачд, их, дээд сургуулиудтай хамтран судалгаа хийж байна гэсэн юм. Төрийн албан хаагчдыг сургаж байгаа Удирдлагын академи сургалтын хөтөлбөрүүдээ төрөлжүүлж байна гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар МУИС-д түшиглэсэн Жендер судлалын төв байгуулагдах эхлэл тавигдаад байгаа тухай мэдээлэл өгөв. Түүнчлэн, жендерийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг нэвтрүүлэх чиглэлээр МҮХАҮТ, Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж байгаагаа танилцуулав.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалтын талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр ярихдаа, эмэгтэйчүүдийнхээс 9,6 жилээр богино байгаагийн үндсэн шалтгаан нь архины хэрэглээ, хүн хоорондын хүчирхийлэл, осол гэмтэл болохыг танилцуулсан юм. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах зан үйл хангалтгүй байгаа талаар ярив. Эрэгтэйчүүдтйн дундаж наслалтыг нэмэгдүүлэх хамгийн гол арга хэмжээ бол архины хэрэглээтэй тэмцэх хэмээн тэрбээр онцоллоо.
Хөдөө, орон нутагт жендерийн тэгш байдал хэр хангагдаж байгаа, малчдын залуу халаа тасрах нөхцөл бий болоод байгаад хэрхэн анхаарал хандуулж буй талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан тодруулж асуухад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эрхлэх асуудалд хамаарах талаар тайлбарласныг тэрбээр шүүмжлэв. Үүнд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин мөн шүүмжлэлтэй хандаж, хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гэр бүлийн бүтэц, малчин эмэгтэйчүүд, малчдын удам судар, залгамж халааг сайжруулах тухай асуудал тул анхааралтай хандахыг зөвлөв.
Жендерийн үндэсний хорооноос 2021 онд малчин гэр бүлийн судалгааг үндэсний хэмжээнд хийсэн талаар тус хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр танилцуулж, холбогдох тоо баримтын дурдав.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт төсөв төлөвлөгдсөн, эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асууж, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг хөндөн ярилаа. Инфляци, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалан ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хангамж улам бүр муудаж, хүрэлцээгүй болсныг ярьж, энэ талаар Засгийн газраас ямар бодлого, үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгааг асууж, хариулт авсан юм. Засгийн газраас тодорхой хэмжээгээр цалин нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэсэн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр ярьж, сум, аймгийн эмч, сувилагч нарт орон нутгийн нэмэгдлийг ялгавартайгаар олгож байгаа, ирэх оноос ялгавартай байдлыг арилгана, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 10 хувиар, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэлээ. Орон нутагт бий болсон хүний нөөцийн дутагдлыг багасгахад төрийн албан хаагчдын цалинг 20-40 хувиар нэмж олгохоор шийдвэрлэсэн явдал тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа дурдсан юм.
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хоёр асуудлаар үүрэг чиглэл өглөө. Эрүүгийн хуулиас ажлын байран дээрх бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд ял хүлээлгэх тухай зүйл, заалтыг хассан нь нөхцөл байдлыг дордуулсан эсэх талаар бүх яамд үнэлгээ, судалгаа хийж ойрын хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлэх, мөн эрүүл мэнд, архидалт, нийгмийн ядуурлаас шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9.6 пунктийн зөрүү үүссэн явдалд дүгнэлт хийж, иргэдийн амьдралын нөхцөлийг дээшлүүлэх, архидалтыг багасгах талаар ямар бодлого, арга хэмжээ авахаар төлөвлөснөө холбогдох яамд мөн ойрын хугацаанд тус Байнгын хороонд бичгээр ирүүлэхийг үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )