С.Амарсайхан: Онцгой байдлын алба хаагчдаасаа гар татаж болохгүй гэдгийг байнга хэлж байна

2024 оны 01 сарын 24

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан болж, хуралдааны шийдвэрийг дөнгөж сая танилцууллаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн ертөнцийн зүгээр урд хэсэгт байрлах Эду апартмент нэг орцтой 14 давхар 63 айл өрхийн 180-200 орчим иргэн амьдардаг, 108 автомашины далд зогсоолтой, нэг давхартаа 2 үйлчилгээний талбайтай,  барилгын хийц бүтээц бетон каркас дүүргэлтийн блок, хөөсөнцөр дулаалгатай барилгын гадна хэсэг 80 орчим хувь гал түймрийн тархалтад өртсөн. Уулзварын баруун талд байрлах Санни таун 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв болон айл өрхүүдийн цонх хагарсан. Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 оршин суугч /хүүхэд-26, том хүн-54/-ийг дүүргийн 13 дугаар хорооны “Купер плаза Интернэйшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.


Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан "Онцгой байдлын алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэх, эрсдэлгүй байх, ард түмнээ авран хамгаалах үйл хэрэгт нь үе үеийн Засгийн газар хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ирсэн.

Гэхдээ хангалттай биш байгаа гэдгийг байнга ярьж байгаа. Онцгой байдлын алба гэдэг ард түмний амар тайван, аюулгүй байдлыг хангах төрийн цэргийн байгууллагын нэг.

Хэдийгээр шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг үе шаттайгаар авдаг ч хангалттай тавьж чадахгүй байгаа. Түүний улмаас хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг хэрэглэхтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч хөрөнгө оруулалтуудыг зохин хэмжээнд шийдвэрлэх алхмуудыг Засгийн газраас хийж байгаа.

Ер нь хэдийгээр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн ч бидний өмнө ахуйн ослоос эхлээд эрсдэл аюул байнга нэмэгдэж байна. Цаашилбал, байгалийн давагдашгүй хүчин зүйл, цаг уурын өөрчлөлт, тохиолдож болзошгүй эрсдэлүүд байнга нэмэгдэж байна.

Тийм ч учраас бид онцгой байдлын алба хаагчдаасаа гар татаж болохгүй гэдгийг байнга хэлж байгаа. Шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг тухай бүрд нь тавих ёстой. Бид тавилаа гээд сэтгэл ханаж болохгүй. Бид болчихлоо гэж байхад цаана нь эрсдэлүүд хэд дахин нэмэгдэж байна. Тэр нь бидний хэдэн арав дахин хурдтай хөрөнгө оруулалт, хүн хүчээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлж байгаа. Тиймээс цаашдаа энэ албаа бэхжүүлэх, боловсон хүчнээ бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хангах, албаныхаа чадавхыг бэхжүүлэх асуудал дээр бүх талаар бүх байгууллага анхаарч ажиллах ёстой. Гамшгийг бууруулна гэдэг зөвхөн онцгой байдлын ажил гэхээс гадна бүх аж ахуйн нэгж, иргэд, улс орон даяараа хамтарч ажиллаж энэ эрсдэлийг бууруулна." гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top