СОНГОГЧДЫН ОРОЛЦОО I Сонгуулийн PR сошиалаас нүүж байна

2024 оны 03 сарын 22

Сошиал хөгжиж, техникийн дэвшил гарсаар байгаа өнөө үед улс төрийн сонгууль хэмээх чухал сонголтын үеэр хүмүүсийн тархийг угаах үйл явц жинхэнэ өрнөдөг. Иргэд мэдээллийн үнэн эсэхэд эргэлзэж, төөрөлдөх үед уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг маш чухал. Сүүлийн жилүүдэд сошиал дахь худал мэдээлэл, хар PR-тай холбоотойгоор улс төрийн аливаа сонгуулийн PR сошиалаас холдож, уламжлалт хэвлэл мэдээлэл рүү илүү чиглэж байгаа нь дэлхий дахинд харагдаж байна.


Сошиал дахь ХУДАЛ-тай тэмцэх субъект бол ХМХ


Дэлхий нийт, НҮБ-аас цахим орчинд тарж буй худал мэдээлэл, хар PR-тай тэмцэх гол субъект бол мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн редакцууд, мэргэжлийн сэтгүүлчид гэдгийг онцолсон. Олон улсын байгууллагууд ч сошиал орчныг хэвлэл мэдээлэлтэй андуурахгүй, сошиалчдыг сэтгүүлчидтэй андуурахгүй байхыг уриалдаг. Сонгуулийн үеэр хамгийн их уршиг дагуулдаг сошиал ХУДАЛ-ын эсрэг зогсож чадах уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлогийг тодотгоё.

Улс төрийн амьдралын идэвхтэй субъект

Өнөө үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол улс төрийн амьдралын идэвхтэй субъект бөгөөд энэ чанараараа ХМХ улс төрийн нөлөөллийн хүчирхэг зэвсэг, улс төрийн үйл явцын нэг гол хэрэгсэл болжээ. ХМХ улс төрийн, ялангуяа сонгуулийн үйл явцыг зохицуулах, хэрэгжүүлэх гол механизм болсноороо улс төрийн намуудыг орлож байна гэсэн тайланг хойд хөрш ОХУ-ын судлаачид танилцуулсан билээ. Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хажуугаар төрийн дөрөв дэх засаглал болж байна гэж судлаачид бичжээ.

Тэгвэл ОХУ-д сүүлийн жилүүдэд улс төрийн сонгууль хүнд хэлмэгдүүлэлт, баривчилгаатай нөхцөлд болж байна гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ. Хойд хөршид сонгуулийн PR сошиалаас нүүж байгаа гэхэд болно. Орос, Украины мөргөлдөөний энэ үед хэдхэн хоногийн өмнө болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан бусаар явагдаж, ардчилсан бус үр дүн гарлаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Орост ардчиллыг дэлгэрүүлэхийн төлөө тэмцэгч, засгийнхаа эсрэг олон жил тэмцсэн сөрөг хүчний лидер Алексей Навальный шоронд нас барсан. Владимир Путин иргэдийн мэдээ мэдээлэл, тэр дундаа улс төрийн мэдээлэл авах боломжийг хаасан юм. Хойд хөршид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сошиалд PR явуулах нь бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хатуу хяналттай байв.

Харин АНУ ардчилсан сонгуулийг шаардсан Оросын иргэдийг дэмжиж байсан нь Кремлийн зүгээс Америкийг Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгахад хүргэсэн юм.

Тэгвэл АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг авч үзвэл, тус улсад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бүгд сошиал медиа /Twitter, Facebook/-г ашиглажээ. Хамгийн амжилттай ашигласан нь Доналд Трампын багийнхан байсан аж. Түүнчлэн нэр дэвшигчид улстөрчийн нэрээр хайхад тухайн нэр дэвшигчийн талаарх дандаа эерэг мэдээллүүд гарч ирэх big data технологийг амжилттай ашигласан байна.

Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн сонгуулийн үйл явцыг мэдээжийн хэрэг хамгийн түрүүнд мэдээлдэг учраас АНУ-д ХМХ-ийн нөлөө их хэвээр байгаа, хэвлэл мэдээллээс өөр хэн ч энэ үүргийг үүрэхийг хүсдэггүй гэж хэвлэл мэдээллийн шинжээч Рик Эдмондс тодорхойлжээ.

Улс төрийн PR ямар байх ёстой вэ?
 


PR гэдэг нь харилцагч талуудад харилцан ашигтай харилцааны таатай орчныг бүрдүүлэх юм. PR бол юуны өмнө тодорхой хэмжээгээр нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бодол, санаа бодлын лидер байх, нөгөө талаас тодорхой зорилготой, зохион байгуулалттай харилцаа. Эцсийн зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө, хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн бараа бүтээгдэхүүнийг төгөлдөржүүлэх, өрсөлдөөнд ялалт байгуулах, амжилт олох, зах зээлд байр суурь эзлэх юм.

Улс төрийн PR нь сонгогчдын санаа бодолд нөлөөлөх гол зорилготой байдаг аж. Энэ үүднээсээ улс төрийн PR нь эцэстээ улстөрчийн имижийн бүрдүүлэлт болж хувирдаг байна. Орчин үед улс төр элдэв номлол, үзэл суртал гэхээс илүү имижийн өрсөлдөөн болсон гэж болно. Тухайлбал, олны өмнө хэрхэн харагдахаас нь эхлээд үзэл бодол, байр сууриа хэрхэн илэрхийлэх, ямар дүр байдлыг бий болгох зэрэг асуудалд PR-ыг хэрэглэдэг.

Тэгвэл сонгуулийн зөв болон буруу PR-ын жишээнд мэргэжилтнүүд 1988 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны жишээг авч үздэг. Тухайн үед Ерөнхийлөгч болох маш өндөр магадлалтай байсан ч болчимгүй үйлдлээсээ болж мужийн захирагч хэвээр үлдсэн Массачусетс мужийн захирагч Майкл Дукакисын түүхийг өгүүлье.
 


1988 оны сонгуульд Бүгд найрамдах намаас Жорж Буш өрсөлдөх тодорхой болсон байсан бол Ардчилсан нам дотор Гэри Харт, Майкл Дукакис, Жо Байден, Эль Гор зэрэг ирээдүйтэй залуус байжээ. Тэднээс нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байсан Гэри Харт нэрд гарч байсан загвар өмсөгч бүсгүйтэй тансаг хөлөг дээр “жаргаж” яваад папарацад баригдсанаар нэр дэвших карьер нь дуусав. Эхнэр нь биш хүүхэнтэй хамт байгаа зураг түүнийг "алсан" бол түүнийг ялж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Массачусетс мужийн захирагч Майкл Дукакисын батлан хамгаалахад гаргах хүчээ харуулахаар авахуулсан танкчины дүрд хувирсан зураг нь өрсөлдөгч намынх нь дайнд оролцож явсан, нисгэгч нэр дэвшигчийн хажууд “жул” байлаа. Тийнхүү Ж.Буш, М.Дукакис хоёр өрсөлдсөн Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-ын түүхэн дэх хамгийн хүч тэнцвэргүй сонгууль болжээ. Майкл Дукакис 10-хан мужид ялалт байгуулж, үнэмлэхүй ялагдав. Угтаа бол мужийн захирагч Майкл Дукакис иргэдийн дунд өндөр байсан нэр хүндээ зөв хамгаалж, давуу талуудаа л харуулаад байх ёстой байжээ. Түүний алдааг өрсөлдөгч нь өөрт маш ашигтайгаар эргүүлсэн байна.

Сошиал бол харилцааны хэлбэр, мэдээллийн хэрэгсэл биш
 


Сүүлийн жилүүдэд улс төрийн PR-ын гол суваг болсон олон нийтийн сүлжээг мэргэжилтнүүд “Нийгмийн сүлжээ бол харилцааны хэлбэр, мэдээллийн хэрэгсэл биш” гэж тодорхойлжээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн бага хурлаар 2019 онд “Ардчиллын төлөөх хэвлэл мэдээлэл: Худал мэдээллийн эрин үеийн сэтгүүлзүй ба сонгууль” сэдэвтэй болж, Этиоп улсын жишээгээр мэргэжлийн сэтгүүлзүйг гутаан доромжилсныг шүүмжилж, уламжлалт ХМХ-ийн энх тайван, ардчилалд оруулах хувь нэмрийг онцолжээ.

Ялангуяа АНУ, ерөнхийдөө барууны орнуудад сөрөг PR-ын сэдэв ихээхэн түгшүүр төрүүлж, Их Британид 1997 оны бүх нийтийн сонгуулийн өмнөхөн тухайн үеийн эрх баригч Консерватив намаас мөнгө төлсөн сурталчилгааг шүүмжилсэн олон санал, шүүмжлэл гарчээ. Их Британид төлбөртэй улс төрийн сурталчилгаа хийхийг хориглодог юм. Тэгвэл АНУ-ын сонгуулийн PR ихэвчлэн төлбөртэй телевизийн сурталчилгаа, заримдаа маш богино сурталчилгаа хэлбэрээр байдаг.

Сонгуулийн үйл явцад хэвлэл мэдээллийн үүрэг их. Орчин үеийн Тажикистанд нийгэм, улс төрийн амьдралын нөлөө бүхий бүрэлдэхүүн хэсэг болох хэвлэл мэдээллийн хэрэгслийн ачаар сонгууль болон төрийн үйл ажиллагаанд иргэд хяналт тавих хамгийн чухал хэлбэр болжээ. Төрийн болон орон нутгийн засаг захиргааны албан тушаалтныг сонгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэлд л иргэд итгэж, нэр дэвшигчид ч ХМХ-г ашиглан PR хийдгийг тус улсын шинжээчид бичжээ.


Сошиал медиа сонгуулийн сурталчилгаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
 


Сүүлийн жилүүдэд сошиал медиа нь сонгууль, сурталчилгааны мөн чанарыг өөрчилж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх томоохон чадамжтай болсон. Гэхдээ АНУ-д л гэхэд насанд хүрэгчдийн 82 орчим хувь нь дижитал төхөөрөмжөөс мэдээ авдаг ч тус улсын судлаачид “Санал хураалтын дижитал хувилбарын эрин үед сошиал медиа болон сонгуулийн кампанит ажил зэрэгцэн явж байна. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн сүлжээг ашиглах нь давуу болон сул талтай. Сонгууль зохион байгуулж буй байгууллагуудын хувьд сошиал медиа бага зэрэг сүрдмээр санагдаж магадгүй юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх зөв арга хэмжээ авснаар мэргэжлийн редакцууд мэдээллээ сошиал суваг ашиглан илүү хурдан түгээж, иргэд илүү сайн мэдээлэлтэй байж, зөв шийдвэр гаргах боломжтой. Энэ нь эргээд сонгогчдын оролцоог сайжруулахад нөлөөлнө” гэж тодорхойлжээ.

Түүнчлэн дэлхийн хамгийн том сонгууль явуулахаар бэлтгэж буй Энэтхэг улс энэ үед улс төрийн намууд сонгогчдын саналыг өөртөө татах зорилгоор нийгмийн сүлжээний инфлюсер болон WhatsApp зэрэг аппликэйшнийг ашиглаж байна. Гэхдээ Энэтхэгт сонгуулийн сурталчилгааны 40 хувь нь интернэтээр явагдаж байгаа гэсэн статистик мэдээ гарчээ. Сошиал сүлжээгээр явуулах сонгуулийн сурталчилгаа хуучинсаг үзэлтэй сонгогчид болон тухайн намын үнэнч дэмжигчдийн саналыг урвуулж чадахгүй гэж судлаачид дүгнэж байна. Сонгууль ойртохын хэрээр кастын систем болон аль муж, орон нутгийн оршин суугч болох зэрэг хүчин зүйлс нь хуучинсаг үзэлтэй сонгогчдод улам бүр нөлөөлж байгаа аж. Хүмүүсийг гарал угсаа, нийгмийн байр сууриар нь эрэмбэлдэг кастын систем нь 3000 жилийн өмнө Энэтхэгт анх бий болж байжээ. Кастын системийг Энэтхэг улс Их Британийн колончлолоос чөлөөлөгдсөн 1948 оноос хойш хориглосон ч нийгэмд нь оршсоор байдаг. 

Түүнчлэн “Meta” компани улс төрийн пэйжүүдийн сурталчилгаанд хязгаарлалт тавьж байгаа тул Facebook платформыг сурталчилгаанд ашиглах нь Энэтхэгт төдийгүй дэлхийн бүх улсад багассан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.109) 2024 оны 03 сарын 22

hovdiinhon hutagluulj mungu oldog

0  |  0
Top