-"Эрүүл шүд" хөтөлбөрийг 2024-2027 онд хэрэгжүүлнэ-
Монголчууд 32 цагаан “лонх”-оо тоолдог уламжлалт аман тоглоомтой ард түмэн. Гэтэл сүүлийн үеийн залуус 28 шүдтэй болчихжээ. Эмч нарын ярьж буйгаар дөрвөн агт араа шүдний үүсгэвэргүй болсон байна. Шүдний цоорлоо огт эмчлүүлэхгүй удаан явснаар эрүүний ясаа хусч, тайруулахад хүрч байгаа нэгэн ч бий гэнэ. Ялангуяа, асран хамгаалагч нь бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйд анхаарал хандуулаагүйгээс болж, сүүн шүд нь хүртэл хорхойтож, өвдөж, буглаж үрэвсэж байна. Гэтэл иргэд хүүхэддээ дур мэдэн эм уулгах, өвчин намдаагч хэрэглэх зэргээр өвдсөн үед нь аргацаан өнгөрөөж, өвчний уг шалтгааныг улам даамжруулдаг аж. Үүний улмаас буйл, ясны хальс үрэвсдэг байна.
Монгол Улсад 5-6 насны хүүхдүүдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Үзлэг хийхэд нэг ангийн 10 хүүхэд тутмын 8-9 нь шүд хорхойтсон, чулуужсан байжээ. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт аж. Эмч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар “Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайд дээд хэмжээндээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насныханд хамгийн их” байгаа аж. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд илүүтэй тохиолдож, шүдгүйдэл 85-89 насныханд дийлэнхдээ байгаа юм. Орон нутгаас 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байгаа аж. Харин 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Завхан 74 хувь, хамгийн бага нь Төв аймаг 40 хувьтай байна.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны дүнд суурилж, 2023 онд нүүр, ам судлалын мэргэжилтнүүдтэй уулзсан. Энэ үеэр тодорхой хөтөлбөрийг дэвшүүлж, 2024 оноос "Эрүүл шүд" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэснээр Засгийн газрын хуралдаанаар "Эрүүл шүд" арга хэмжээг танилцуулж, хөтөлбөрийг боловсруулах үүрэг даалгаврыг авсан. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжүүлэх "Эрүүл шүд" хөтөлбөрийн төлөвлөгөөг баталсан. Хөтөлбөр энэ оны эхний сараас үе шаттайгаар хэрэгжиж эхлээд байна” гэв. Эрүүл мэндийн даатгалаар нэг шүдийг 48 мянган төгрөгөөр эмчилдэг байсныг хотод 60 мянга, орон нутагт 90 мянган төгрөг болгожээ.
Эрүүл мэндийн яамнаас цэцэрлэг, сургуулиудад шүд угаах орчныг бүрдүүлж, тусгай цаг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50, 37 дугаар сургуулиудад энэ аргыг туршиж үзсэн байна. Цаашид бага ангиас нь энэ зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа. Гэвч сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг бага цагаар мэргэжлийн бус багш нар цагаа нөхөх маягаар ордог байна. НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Ерөнхий боловсролын сургуульд 2018 оноос эхлэн эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулж эхэлсэн. Энэ хичээлийг 4-12 дугаар ангийн сурагчдад зургаан сэдвийн хүрээнд ордог. Тэр дунд хувийн эрүүл ахуй гэдэг агуулгын хүрээнд шүдээ хэрхэн зөв угаах вэ, шүдний гажгаас яаж сэргийлэх вэ гэдгийг заадаг. Харамсалтай нь энэ хичээлийг заах багш нарын асуудал тулгамдаад байна. Мэргэжлийн эрүүл мэндийн хичээл заадаг багш хангалтгүй байгаагаас биеийн тамир, физик, биологийн багш нар эрүүл мэндийн хичээл зааж байгаа” гэв.
Г.Ганчимэг
Сэтгэгдэл ( 6 )
Энэ их үндэсний аюулын өвчлөлийг арилгахын тулд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? хүүхдүүд өвчлөөд хэцүүдлээшд эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
монгол улсын ирээдүй болсон үрс минь тэр чигээрээ ингэж хордож байна гэдэг нь маш аюултай байна хэрвээ төр засаг болон бодлого гаргаж байгаа байр суурьд эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүн байсан бол ингэж их өвчлөл байхааргүй байх байсандаа
эрүүл мэндийн боловсрол аль ч түвшинд муу байгаагийн энэ шүдний өвчлөл харуулж байна аа одоогийн засгийн газар энэ тал дээр олигтой арга хэмжээ авч чадахгүй байна бид харин энэ улс төрийн хүмүүсээ салбар салбарын мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх шаардлагатай байна. Хотын даргыг хот төлөвлөлтөөр мэргэшсэн хүнийг сонгох болон эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүнээр сонгох гэх мэт тохирсон сонголтуудын бид өөрсдөө хийх хэрэгтэй байна аа
tegehleer en bol hunsni ayulgui baidal muugaas gadna Ger buliin eruul mendiin bolowsrol dutmag baigaagiin shinj um baigaamaa tiim bolohleer eruul mendiin salbariin turshalagtai humuuseer bodlogo garguulaad undseeree tuuniig ni dagaj murduh heregtei baigaa
хөөрхөн гарчиг вэ