Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргав. Дуут дохио дуугарангуут иргэд ажлын байрнаасаа гарч, болзошгүй аюул осол болсон тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургуулилт хийлээ. Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан нь ийнхүү хэрэгжиж буй.
Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар Монгол Улс болон хил орчмын бүс нутагт 3.5 түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатар хотын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан нь харамсалтай. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаанд Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, хот, суурингийн иргэдийн бэлэн байдал, анхаарах асуудлыг энэ талаар нарийчлан тусгасан нь монголчууд аюул гамшигт бэлэн биш, хайхрамжгүй ханддагийг харуулж байна.
Ер нь бол монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн цээжинд, газар хөдлөлтийн нэн идэвхтэй бүсэд оршдог. Зарим хүн газар хөдлөөд айхтар сүртэй юм болсныг санахгүй юм гэдэг. Гэтэл манай орны нутаг дэвсгэр дээр ХХ зуунд л гэхэд магнитуд нь М8.0 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болжээ. 1905 оны Булнай, Цэцэрлэгийн газар хөдлөлт, 1931 оны Монгол Алтайн газар хөдлөлт, 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтүүд дэлхий дээр болсон нэн хүчтэй газар хөдлөлтийн жагсаалтад багтдаг.
Цаг хугацааны хувьд харахад одоогоос 100 гаруй, 60 гаруй жилийн өмнө тохиосон хүчтэй газар хөдлөлтүүд. Тухайн үед эдгээр газар хөдлөлтөөс учирсан гарз хохирол тийм их байгаагүй. Энэ нь хүн амын нягтрал бага, ихэвчлэн гэрт амьдардаг байсан тул газар хөдлөлтөөс учрах хохирол харьцангуй бага байсантай холбоотой. Тиймээс монголчуудын ой тойнд тийм ч тод хадгалагдаж үлдээгүй бололтой. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал огт өөр болсон. Манай улсад хот суурин газрууд, өргөжин хөгжиж барилга байгууламжууд олноор баригдан тэнд оршин суух иргэдийн тоо эрс нэмэгдсээр. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд манай улсын хүн амын 50 дээш хувь нь амьдарч байна. Хэдий чинээ хүн амын төвлөрөл их байна төдий чинээ аливаа байгалийн болон техникийн гаралтай аюул, эрсдэл, түүний дотор газар хөдлөлтийн аюул их байдаг аж. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгааг хүргэе.
Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан бөгөөд нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал юм.
ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистик судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд манайд жил бүр дунджаар 60 орчим мянган удаа бага хэмжээний газар чичирхийлэл болдог бөгөөд үүний М>5,0 дээш хүчтэй газар хөдлөлтийг аюултай үзэгдэл гэж үздэг. Газар хөдлөлт (чичирхийлэл)-ийн vнэлгээний дагуу хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал нутгийг, тохиромж муутай ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий гэх мэт) болон газар хөдлөлтөөс үүссэн эртний гvний хагарлын дагуух газар нутаг хамрагдаж байгааг судлаачид онцолж байна.
Монгол оронд 6-гаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 40 гаруй удаа болжээ
Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголд оронд 6-гаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 40 гаруй удаа болж эдгээр газар хөдлөлтөд томоохон хот суурин өртөөгүй ч сүүлийн 10 жилийн хугацаанд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн нь олон тооны хүн ам, эд хөрөнгө эрсдэлд орж болзошгүй газар хөдлөлтийн өндөр магнитудын хүчтэй газар хөдлөлт болох боломжтойг харуулж байна. Мөн Монгол Улсад хотжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед газар хөдлөлттэй холбоотой эрсдэлүүд тодорхой болж байна.
Монголын нутаг дэвсгэрийн ерөнхий мужлалын зураг” (М1:2500000, 1983) гаргасан бөгөөд энэхүү судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII ба түүнээс дээш баллын газар хөдлөлт болох магадлалтай бүсэд оршиж, 70 гаруй идэвхтэй хагарал, 2000 гаруй эвдрэлийн бүс байна.
Монгол орны нутаг дэвсгэрийг газар хөдлөлтийн идэвхжилтээр авч үзвэл нутгийн баруун хэсэг газар хөдлөлийн идэвхжилт өндөртэй, харин зүүн болон зүүн өмнөд хэсгээр идэвхжилт багатай. Харин нийт нутаг дэвсгэрт тохиолдох газар хөдлөлтийн 2500 жилд давтагдах ерөнхий мужлалын зургаар бол аюулын өртөнгө дундаас маш их түвшинд монгол орны бүх нутаг дэвсгэр хамрагддаг аж.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдаж нийтдээ магнитуд нь 0.1-5.2 хүчтэй 10456 удаагийн (2000 - 2020) газар хөдлөлт болсон. Арав, арван жилээр дундажлан үзвэл сүүлийн 10 жилийн газар хөдлөлтийн статистик үзүүлэлт 490 болж жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнийг идэвхжилт эхэлсэн хугацаанаас өмнөх онуудтай харьцуулахад дунджаар 3-5 дахин ихэссэн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ тус бүсэд Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн мэдэгдэм хүчтэй (M≥3.5) газар хөдлөлт гурван удаа болжээ.
Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар хийгдэж буй “Монгол Улсад гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, шилжүүлэх арга хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт судалгаанд Монгол Улсад дундаас маш өндөр эрчмийн ангилал бүхий бүсэд багтдаг сууцны нийт 551.829 барилга байгаагаас 414.696 нь маш өндөр эрчмийн ангиллын бүсэд, 99.041 нь өндөр эрчмийн ангиллын бүсэд, 38.092 байшин нь дунд ангилын бүсэд байршиж байна. Дээрх 551.829 барилгаас эрчмийн бүсэд байршиж байгаа сууцны маш өндөр эрчмийн бүсэд байршдаг 80.420 нь төвийн бүсэд байрладаг. Энэ нь улсын нийт нутгийн 14.6 хувь, зүүн бүсэд 29.610, хангайн бүсэд 75.020, Улаанбаатарын бүсэд 322.979, баруун бүсэд 43.800 нь байдаг аж. Энэ тоо баримтаас маш өндөр эрчмийн бүсэд ихэнх сууц байршиж, тэр дундаа маш өндөр эрчмийн бүс болох Улаанбаатар хотод барилгажилт болон сууцны эзлэх хувь нийт улсын 60-аас илүү хувийг эзэлж байгаа нь газар хөдлөлтийн гамшигт өртөх болон эмзэг байдлыг зэрэг нөхцөлдүүлж байна гэж дурджээ.
Хот суурингийн 75 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байна
Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад хот суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум болон суурин газар газар хөдлөлтийн 9 баллаас дээш баллын нутаг дэвсгэрт оршиж байна. Газар хөдлөлийн долоо ба түүнээс дээш балл бүхий бүс нутагт нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна.
Хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал, тохиромж муу ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий гэх мэт) болон газар хөдлөлтөөс үүссэн эртний гvн хагарлын дагуух газар нутаг хамрагддаг.Мөн манай орон эрчимтэй хотжиж байгаагийн улмаас хүн амын 80 орчим хувь нь хот, суурин газарт, тэр дундаа аюулын өндөр эрсдэлтэй бүс нутагт багтдаг, 200 км радиуст 6 том хагарлын дунд байрладаг Улаанбаатар хотод л гэхэд нийт хүн амын 50 орчим хувь амьдарч байгаа нь эмзэг байдлыг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийг тэсвэрлэх чадварыг сайжруулж аюулгүй байдлыг хангах, хотын гамшгийн эрсдэлийг бууруулахад хотын болон орон нутгийн захиргаанаас яаралтай арга хэмжээ авах шаардлагыг үүсгээд байна.
2013 онд Япон улсын “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын эрдэмтдийн хийсэн Улаанбаатар хотын газар хөдлөлийн эрсдэлийн үнэлгээний ажилд Эмээлт болон Хустайд 7-8 магнитудын газар хөдлөлт болоход Улаанбаатар хотод ирэх газар хөдлөлтийн чичирхийллийн хэмжээ нь VIII-XI балл хүрэх магадлалтай гэж тооцсон байдаг.
Улаанбаатар хотын газар хөдлөлийн гамшгаас хамгаалах чадавхын судалгаанд газар хөдлөлтийн эрчмийн тооцоог Улаанбаатар хот орчмын идэвхитэй хагарлуудаас Хустай ба Эмээлт, Гүнжийн хагарлыг авч үзээд хувилбар I-(Хустайн хагарал:Mw7.6), хувилбар-II-(Эмээлтийн хагарал:Mw7.0 ба Гүнжийн хагарал Mw6.6 гэсэн дээд утга) г тогтоосон байна.
аюул гамшгийн үед 72 цагийн турш хэрэглэх хүнсний нөөц байгаа, эсэх асуултад 91.4 хувь нь "байхгүй" гэж хариулжээ
Иргэдийн газар хөдлөлтийн талаар мэдлэг, ойлголт өнөөгийн байдал
Судалгаагаар Иргэдээс амьдарч байгаа байр, сууцаа сонгохдоо газар хөдлөлтөд өртөх эрсдэлийг судалж үзсэн эсэх талаар асуултад тийм 24 хувь, үгүй 45 хувь, бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй 28 хувь, энэ талаар мэдлэггүй гэж гурван хувь нь хариулжээ. .
Та гэр бүлийнхээ хүрээнд газар хөдлөлтийн талаар яриа өрнүүлж, төлөвлөлт хийсэн талаарх асуултад тийм гэж 25 хувь, үгүй 59 хувь, бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй 15 хувь, энэ талаар мэдлэггүй гэж нэг хувь нь хариулсан байна.
Судалгаанд оролцогчдын газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлыг тандах зорилгоор хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 72 цагийн турш хэрэглэх ахуйн болон хүнсний нөөцийн байгаа эсэх талаарх асуулгад 91.4 хувь нь хүнс нөөцөлдөггүй, 8.6 хувь нь хүнсээ нөөцөлдөг хэмээн хариулжээ.
Та гэнэтийн нөхцөл байдал үүснэ гэж тооцоолж 72 цагийн турш хангалттай хүрэлцэх ус нөөцөлдөг үү гэсэн асуултад тийм гэж 19.3 хувь, үгүй гэж 73 хувь, бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй долоон хувь, энэ талаар мэдлэггүй 2.5 хувь буюу судалгаанд оролцогчдын 80.7 хувь нь усаа нөөцөлдөггүй гэж хариулжээ.
Гэрийнхээ ойролцоох түр цугларах талбайн байршлыг мэдэх үү гэсэн асуултанд 43.2 хувь нь мэднэ, 52 хувь нь үгүй буюу мэдэхгүй, 15.3 хувь нь талбайн байршлыг мэдье гэж бодож байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй гэсэн хариулт өгсөн бол судалгаанд оролцогчдын нэг хувь нь түр цугларах талбайн талаар мэдлэг ойлголт байхгүй байна.
Танд батарейгаар ажилладаг радио, гар чийдэн байгаа юу гэсэн асуултад судалгаанд оролцогчид 13.6 хувь нь радио байгаа, 85 хувь нь байхгүй гэсэн хариулт өгсөн бол гар чийдэнгийн хувьд 61.8 хувь нь байгаа, 38.2 хувь нь гар чийдэн байхгүй гэсэн хариултыг өгчээ. Судалгааны дүнгээс харахад газар хөдлөлт болсон тохиолдолд хэрхэх талаар гэр бүлийн хүрээнд 73.6 хувь нь төлөвлөлт хийж байгаагүй 62.2 хувь нь овор хэмжээ томтой тавилгаа ханандаа бэхлээгүй байна.
Танд болон танай гэр бүлийнхэн гэнэтийн зүйл тохиолдоход ашиглах дулаан хувцас, шаардлагатай зүйлсээ хийсэн цүнх савтай эсэх гэсэн асуултад тийм 43 хувь, үгүй 51 хувь, бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй 5,6 хувь, энэ талаар мэдлэггүй гэж 0.4 хувь нь хариулсан,
Та гэнэтийн нөхцөл байдал үүснэ гэж тооцоолж 72 цагийн турш хангалттай хүрэлцэх ус нөөцөлдөг үү гэсэн асуултад тийм 19 хувь, үгүй 73 хувь, бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй 7 хувь, энэ талаар мэдлэггүй 2,5 хувь нь хариулжээ.
Танайх газар хөдлөлт болоход хотоос зайдуу очоод суурьших орон байр байгаа юу? гэсэн асуултад 37.2 хувь тийм, 60.4 хувь байхгүй, бусад нь буюу 2.4 хувь нь бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй гэсэн хариулт өгсөн бол Танайх газар хөдлөлт болоход хотоос зайдуу очоод түр суурьших хамаатан садан бий юу? гэсэн асуултад 64.4 хувь тийм, 35.5 хувь байхгүй гэж хариулсан.
Олон нийтэд чиглэсэн газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын сургалт дадлагад оролцож байсан уу? гэсэн асуултад 64.4 хувь тийм 31.1 хувь үгүй, бодож үзэж байсан ч ямар нэг үйлдэл хийгээгүй 3.7 хувь, энэ талаар мэдлэггүй 0.9 хувь гэсэн хариулт өгсөн бол Олон нийтийн бүлэг нь газар хөдлөлт, бэлэн байдлын талаарх мэдээллээ оршин суугчид, иргэд, гишүүдэд дамжуулдаг уу? гэсэн асуултад 57.6 хувь нь үгүй гэсэн хариулт өгсөн байна.
Гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах дадлага сургуулийг тогтмол хийж хэвшүүлэх хэрэгтэй байна
Эндээс дүгнэвэл: Болзошгүй газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход эрсдэлээс сэргийлж иргэд амьдарч байгаа байр, сууцаа сонгохдоо газар хөдлөлтөд өртөх эрсдэлийг судалж үзээгүй байгаа нь 45 хувь, гэр бүлийнхээ хүрээнд газар хөдлөлтийн талаар яриа өрнүүлж, төлөвлөлт хийгээгүй иргэд 59 хувь, гар чийдэн болон гэнэтийн үед гэрэлтүүлэг гаргах хэрэгсэлгүй 62 хувь, мөн гэртээ овор хэмжээ томтой тавилгыг хананд бэхлээгүй гэсэн нь 62 хувийг тус тус эзэлж байгаа нь тус гамшиг манай улсын хот, суурингийн иргэд гамшгийн эрсдэлд туйлын хангалтгүй мөн хайхрамжгүй ханддаг гэдгийг харуулахын зэрэгцээ ойлголт маш муу байна.
Судалгаанаас харахад иргэд гэрийн ойролцоох түр цугларах талбайн байршлыг мэдэхгүй гэсэн 52 хувь, газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын сургалт дадлагад хамрагдсан иргэд 64 хувь байгаа нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.3.4-т заасан “иргэний сургалтыг тухайн баг, хорооны Засаг дарга зохион байгуулна” гэсэн заалт төдийлөн хэрэгжихгүй иргэдэд чиглэсэн сургалт хүртээмжгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.
Иймд СӨБ, ЕБС-ийн сурагчдад БСШУСС-ын 2018 оны А/181 дүгээр тушаалаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалт, харин их, дээд сургуулийн оюутнуудад “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийг чанартай оруулж дүгнэдэг байх. Мөн иргэд өөрсдөө хандлагаа өөрчлөх, сургуулийн өмнөх боловсролын түвшингээс эхлэн гамшгаас өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх хичээл орох, дадлага сургуулийг тогтмол хийж хэвшүүлэх хэрэгтэй байна.
Дэлхий нийтийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн үед тухайн улс орны мэргэжлийн аврах багийн аврагчийн тоо хүрэлцдэггүй сургамж их байдаг. Тийм ч учраас улс орнууд өөрийн хүчин чадлаас давсан үед НҮБ-ийн болон олон улс орнуудын аврах багийн тусламжийг авдаг болохыг бид санаж байгаа байх. Эндээс газар хөдлөлтийн гамшиг маш богино хугацаанд маш их хэмжээний хохирол, сүйрлийг дагуулдаг гамшиг тул нийгмийн тогтолцоог бүхэлд нь хамарсан нийгмийг дайчлах механизмыг хөгжүүлэх ингэхдээ төрийн бус байгууллага, ард иргэдийн үүргийг бүрэн ойлгуулах, сургаж дадлагажуулах, газар хөдлөлтийн өмнөх үеийн бэлэн байдлыг хангах нь туйлын чухал гэдгийг санах хэрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Дүгнэлт ч яахав хийчихэж яах вэ гэдэг тухай бичээч хө?
Газар хөдлөлт болохгүй юм чинь юугаа бэлддэг юм.