Ялсан намын дүрмээр дараагийн сонгууль болдог

2024 оны 04 сарын 18

Монгол Улс ардчиллын зам сонгосноос хойш АИХ болон УИХ-ын сонгуулийг есөн удаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг найман удаа зохион байгуулжээ. Тэр болгонд тухайн үед төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний олонхийн шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийг шинэчилж ирсэн нь дараагийн сонгуулийн үр дүнгээр байр сууриа алдахгүйг хичээж ирснийг илтгэнэ. 1990 онд болсон анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ-ын депутатуудын 84 хувь нь МАХН-ын гишүүд байсан.

Тэд 1992 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор хийхээр хуульчилж, үр дүнд нь УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Зах зээлийн шилжилтийн хамгийн хүнд үеийг туулсан П.Жасрайн Засгийн газар эдийн засгийг сэргээж чадсан ч ар араасаа гарсан гал түймэр, гамшиг осолтой ноцолдсоор байгаад 1996 оны сонгуультай золгосон.

Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдорж гэхэд л орон нутагт гарсан гал түймрийг гамшгийг арилгах гэж хаваржингаа явсаар байгаад өөрийн тойрогт нэг ч удаа ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийж амжаагүй юм. Хэдийгээр МАХН-ынхан 1996 оны сонгуулийг мажоритар системээр явуулахаар хуульчилсан боловч сонгуулийн үр дүнд байр сууриа алдаж, засгийн эрхээ анх удаа алдсан байдаг.

Ардчилсан холбоо эвсэл Засгийн газраа байгуулах цагаасаа эхлээд л хоорондоо маргалдаж, бүлэг фракц болон хагаралдан тэмцэлдсээр байгаад дөрвөн жилийн хугацаанд гурван Засгийн газрыг огцруулж, Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж амжихгүй байсаар 2000 оны УИХ-ын сонгуультай нүүр тулсан. Энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин болох МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, 71 суудал авч, засгийн эрхийг эргүүлж авсан. Ялалтандаа эрдсэн МАХН-ынхан дараагийн сонгуульд санаа зоволгүй дөрвөн жилийг өнгөрөөж, Сонгуулийн хуулийг ч өөрчлөх гэж оролдсонгүй.

Гай болж МАХН, АН-ын аль аль нь олонхийг суудал авч чадсангүй. Ганц нэгхэн суудлын зөрүүгөөр МАХН харьцангуй олонх болсон ч Засгийн газрыг дангаараа байгуулах боломжгүй болсон тул хамгийн том сөрөг хүчин болох АН-тай засгийн эрхийг ээлжлэн барихаар боллоо. Энэ бол Монгол Улсын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй тохиолдол байв. Засгийн газраа байгуулах гэж МАХН, АН-ын ажлын хэсгийнхэн бараг хоёр сарын турш хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст МАХН-ын дарга Н.Энхбаярын шахалтаар АН-аас үндсэндээ жийгдээд байсан, сонгуульд огт оролцож, нэр дэвшиж өрсөлдөөгүй, Ц.Элбэгдоржийг гудамжнаас шууд татаж авчраад Ерөнхий сайдаар томилж орхив. Энэ бол АН-ыг дотроосоо хагаралдаж эхлэх эх суурийг тавьсан хэрэг болов.

Ц.Элбэгдорж хэчнээн их шоу, реклам хийсэн ч Засгийн газар нь эвээ олохгүй байсаар хэлэлцэн тохиролцсон хугацаагаа ч гүйцээж чадалгүй огцорлоо. МАХН-ын дарга М.Энхболд АН-аас бусад жижиг намтай эвсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан ч эвээ олохгүй толхилцож байгаад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярт жийгдэж, суудлаа хүлээлгэж өгөв. Сонгуулийн шалгарсан менежер гэгддэг С.Баярын шууд санаачлага оролцоотойгоор 2008 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар шийд­вэрлэсэн нь ирэх сонгуульд МАХН өмнөх амжилтаа давтаж чадахгүй байж магад­гүй гэж эмээснийх байв.

Үнэндээ арай гэж МАХН сонгуульд ялсан боловч ар араасаа бөөн хэрүүл маргаан, тэмцэл шуугианыг үүсгэж, алдарт долдугаар сарын 1-ний үйл явдал боллоо. Монгол Улсад анх удаа сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж, үймээн самуун бий болж, иргэд хүчний байгуулагын хооронд мөргөлдөөн гарч таван хүний амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртэж, 800 гаруй хүн баривчлагдсан билээ. Энэ бол ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинд хамгийн муухай харагдуулсан үйл явдал байв. Энэ гэмт үйлдлийг нуун дарагдуулахын тулд эрх баригч болон сөрөг хүчин нэг хөнжилд орж, стандарт бус маягаар Засгийн газар байгуулахаар тохиролцож, иргэд сонгогчдын итгэл үнэмшил, улс төрийн сонгуулийн мөн чанар ач холбогдлыг үгүй хийсэн билээ. Энэ үеэс л алдарт МАНАН бий болж, засгийн эрхийг хууль бусаар авах замаар гадаад дотоодын бүлэглэлтэй нийлэн уул уурхай, банк санхүүгийн байгууллагаар дамжуулан улс эх орныг цөлмөн дээрэмдэх гэмт үйлдэл газар авсан.

УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш иргэд сонгогчдын итгэл үнэмшил, сонгуульд хандах байр суурь эрс өөрчлөгдсөн билээ. Сонгуулиас сонгуульд гүтгэлэг доромжлол, хууран мэхлэлт газар авч эрх баригчдын авлига хээл хахууль хэрээс хэтэрч, жирийн сонгогчдыг басамжлан доромжлох болсон. Дуулиан шуугиантай гэмт хэргүүдийг нуун дарагдуулдаг, гэмт этгээдийг хаацайлан зугатаалгадаг, тэднийг хөөн хэлэлцэх хугацаа нэрээр хэрэгсэхгүй болгож ял завшуулдаг зэрэг нь төр засаг, хууль хяналтын байгууллагад итгэх иргэд сонгогчдын итгэл буурахад нөлөөлж, энэ хэмжээгээр жилээс жилд сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурсаар байна.

Иймд одоогийн эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар тогтож, 2024 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор хийх болсноор сонгогчдийн идэвх нэмэгдэж, сонгогчдын өгсөн санал УИХ-ыг бүрдүүлэхэд бүрэн тусгалаа олно гэж үзэж байна.

Одоо л нэг шударга сонгууль болох байх гэсэн иргэд, сонгогчдын дөрөв, дөрвөн жилийн итгэл найдварыг сэргээж, сонгогчдын саналыг  бүрэн тусгасан жинхэнэ ардчилсан парламентийг  бүрдүүлэхэд 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүн ямар хариу өгөх бол. Ялсан намын дүрмээр дараагийн сонгууль болдог. Ялагдсан ард түмэн дөрвөн жилээр зовсоор 30 жил өнгөрлөө.

Г.Энхбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top