Р.Булгамаа: Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого үгүйлэгдэж байна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамааг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.


-Хүүхэд хамгааллын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан мэргэжлийн хуульчийн хувьд та ямар асуудалд анхаарсан бэ. Энэ хуульд  орсон шинэлэг зүйл, заалтууд юу байв?

-Монгол Улс дахь хүүхэд хамгааллын орчин, тогтолцоо, хүүхдийг гэмт хэрэг, эрсдэлт байдлаас урьдчилан сэргийлэхэд, хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг бий болгох, хүүхэд хамгаалуулах эрхээр хангагдах ийм хэрэгцээ шаардлагад нийцэхүйц дэвшил бүхий зүйл заалт, эрх зүйн зохицуулалт энэ хуульд орсон. Ялангуяа хуулийн үйлчлэх хүрээнээс эхлэх нь зүйтэй байх. Нэгдүгээрт,  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүүхдээс гадна, гадаад улсад байгаа монгол хүүхдээ бид яаж хамгаалах вэ. Тэнд хүүхэд хамгааллын бодлого очих ёстой. Мөн Монгол Улсад байгаа гадаад улсын иргэдийн хүүхдүүд, дээрээс нь 18-21 нас хүртэлх өсвөр насныханд хүүхэд хамгааллын тодорхой үйлчилгээ хэрэгтэй юм байна гэсэн хүрээллийг тогтоосон.

Хүүхэд хамгааллын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан тухайд хүүхдийн эрхийн чиглэлээр, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон асуудалд анхаарч ажиллаж ирсэн мэргэжлийн хүний хувьд намайг урьж оролцууллаа гэж харж байгаа. Хуулийн төсөлд юуг илүү оновчтой тусгах шаардлагатай вэ гэдэг дээр нэлээд санал санаачилга гаргаж оролцсон. Жишээлбэл, гэмт хэргийн хохирогч, холбогдогч хүүхдийн эрхийн хамгаалал, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хуульд зайлшгүй тусгаж өгөх шаардлагатай гэдгийг өргөн хүрээнд хөндсөн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хүүхдийн эрх хамгааллын асуудал гэх мэт. Мөрдөн шалгах ажиллагааны үед хүүхэд мэдүүлэг өгөхөөс эхлээд томчуудын нөлөөлөл их гарч ирдэг. Тэр тохиодолд хүүхдийн эрх хамгааллын асуудалд төр яаж оролцох ёстой вэ гэсэн тусгай зохицуулалтууд хэрэгтэй болдог. Амьдрал дээр яадаг вэ гэхээр, “Би төрүүлсэн хүүхдээ мэднэ, чи ингэж хэл” гээд буруу ташаа үгийг зааж зааварлаж, хүүхдээ зовоогоод яваа ээж ч байдаг, аав ч байдаг. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийн хамгааллын асуудлыг яах вэ гэдэг талаас нь олон асуудлыг хуульчилж өгсөн. Нэмж хэлэхэд, гамшиг ослын үед хүүхэд хамгааллын асуудлыг яаж зохицуулах вэ гэсэн шинэлэг зүйлүүд ч хуульд орсон.

Хуучин хуулиас харьцангуй дэвшилттэй болсон зүйл нь юу вэ гэвэл, үе тэнгийн дээрэлхэлтийг зөрчил биш, гэмт хэрэг биш, энэ бол хүүхдүүдийн хоорондын харилцаа хандлагын асуудал гэж хардаг байсныг өөрчилж, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг үе шаттай зохицуулалтыг хуульчилж өгсөн.

Хөндөж, дэвшүүлсэн дээрх саналууд хуульд зохих хэмжээгээр тусгалаа олсон. Харин эцэг эхийн үр хүүхдээ үйл хайхардаг, хайхрамжгүй байдлын хор хөнөөлөөс бага насны хүүхэд осол гэмтэлд орж, эсвэл ямар нэг байдлаар гэмт хэргийн хохирогч, холбогдогч болсон бол хүүхдийн эрх зөрчигдөж байгаа энэ үйл баримт дээр эцэг эхэд хариуцлагын асуудлыг хуульчлах ёстой гэсэн санал маань миний санаанд хүртэл буугаагүй. Гэхдээ яах вэ дараагийн удаа илүү дэлгэрэнгүй тусгагдах боломж ирэх байх гэдэгт найдаж байна. Миний хөндөж буй эдгээр асуудал хуульд зохих хэмжээгээр тусгалаа олж орсон.

 

“ХҮҮХДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ”

 

-Өнөөдөр үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг аян орон даяар өрнөж байна. Үүнтэй холбогдуулах хуульд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн болон дээрэлхэж буй сурагчтай эхлээд ганцаарчилсан хэлбэрээр уулзах, зөвлөгөө өгөх, хохирогч хүүхдээс уучлал гуйлгуулах ажлыг нэн даруй зохион байгуулах ёстой байдаг. Дараа нь сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Хүүхдийн төлөвшилд эерэгээр нөлөөлөх, сургалтад хамруулах, ингэхдээ эцэг эхийн хамт хамруулна гэж хуульчилсан. Мөн сургуулийн нийгмийн ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс эцэг эхчүүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх ажил маш чухал.

Манайхны ихэнх хүмүүс бодит амьдрал дээр яадаг вэ гэхээр “Миний хүүхэд хохирсон байна, эсвэл манай хүүхдийн буруу биш, би хүүхдээ ийм хүмүүжлээр хүмүүжүүлээгүй” гэх мэтээр бусдыгаа буруутгаад маргаад зогсдог. Бүр эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ дэргэд хоорондоо маргалдаад эхэлдэг гээд бод доо. Маргааныг ялахын төлөө бус арга ухааныг нь олж хүүхдүүдээ учир байдлыг ойлгуулах, ухаарал хайрлах нь эцэг эхийн үүрэг.

Тэгэхээр үе тэнгийнхний дээрэлхэлтийн эсрэг авах хариу арга хэмжээг хүртэл хуульд тодорхой хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой болсон. Түүнээс гадна хуулийг дагалдаад 10 гаруй салбар хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Жишээлбэл, Зөрчлийн хуулийн хүрээнд соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, тэмцээн уралдааныг багш, дасгалжуулагч, зохион байгуулагчид хүүхэд гэмтэх бэртэх, хүүхдийн амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, хэрэв ямар нэг эрсдэл гарахаар байвал зогсоох, тэр үүргээ биелүүлээгүй бол 300 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулах зэрэг зохицуулалтыг  хуульчилсан.

-Хэвлэл, мэдээллийн салбартай холбоотой ямар зохицуулалт орсон бэ?

-Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болох сөрөг үр дагавартай мэдээллүүдээс хамгаалах үүргийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хуулиар хариуцуулсан. Хэрэв хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлах, хүүхдийн эрхэд халдах үйлдэл гарах юм бол зөрчлийн дагуу арга хэмжээ авах, интернэт үйлчилгээ эрхлэх эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрийн дагуу цахим орчинд хүүхэд хортой мэдээ, мэдээлэл, контент боловсруулан түгээсэн субьектуудад хариуцлага хүлээлгэх зүйл заалтыг хуульд оруулж өгсөн нь ололттой зүйл болсныг онцолж хэлье.

Өнөөдөр манай улс хэдэн сонгогчтой вэ гэхээр төрийн байгууллагынхан болон УИХ-ын эрх бүхий албан тушаалтан, дарга нар тэр аймаг төдөн сонгогчтой гээд ам уралдаад хариулдаг. Гэтэл яам, байгууллага хэдэн хүүхэдтэй вэ гээд асуухаар хэлж чадахаа больчихдог. Чиглэлийн яам, байгууллагууд дээр очиход ч тийм дүр төрх нийтлэг байсан. “Танай байгууллагын хүрээнд ажилчдын нийт хэчнээн хүүхэд байна” гэхээр хариулах хүн удирдлагын түвшинд нь байдаггүй. Тэгэхээр хүүхдийн нэгдсэн цахим бүртгэлийг хийх шаардлагатай. Хүүхэд хаашаа шилжиж байна, ямар амжилт гаргаж байна гээд бүхий л шаардлагатай мэдээлэл цахим бүртгэлд тусгагдаж байх юм. Эндээс хүүхэд сургуулиас завсардаж байгаа, эсвэл шилжилт хөдөлгөөнд орж байгаа, тухайн хүүхэд яагаад шилжсэн бэ гэдэг асуудал хөндөгдөх учраас цахим хувийн хэрэгт бүртгэх, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг байнга тэмдэглэж явах нь чухал ач холбогдолтой. Тухайн хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж энэ цахим хувийн хэргийн хүрээнд ч гэсэн тавигдаж байх учраас ач холбогдолтой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь шинээр гарсан Хүүхэд хамгааллын хуулийг хүмүүст хүргэх, сурталчлан таниулах ажил чухал байна.

 

ХҮҮХЭД ХАМГААЛАХААСАА МӨНГӨӨ ХАРАМЛАДАГ ГИШҮҮД УИХ-Д СУУЦГААЖ БАЙНА

 

-Хууль батлагдан гарсаны дараа олон нийтэд хүргэх, түгээх тал дээр ихээхэн учир дутагдалтай байдаг. Хүүхдийн эрх хамгааллын хуулийн тухайд энэ ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Миний олж харснаар ХНХЯ энэ ажлыг бусдаас илүү, бусдаас өөрөөр маш өргөн хүрээнд байгуулж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Би хуульч хүн. Урд хожид ингэж шинээр мэндэлсэн хуулийг төрийн байгууллагууд, яамдуудаас эхлээд аймаг орон нутаг хүртэл нь ажлын хэсэг гарган танилцуулга, мэдээлэл хийж байсан түүх байхгүй. Боловсролын хуулийг урлаг уран сайхны арга хэмжээтэй хослуулан спортын төвд гардуулан өгч байсныг санах юм. ХНХЯ болон Хүүхдийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийн хамтарсан баг Хүүхэд хамгааллын хуулийг бүх яамдаар сурталчлан таниулсан. Миний хувьд Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд идэвхитэй оролцсон бөгөөд 2024.04.05-ны ээлжит хуралдаанаар яамдуудад ажилласан тайланг хэлэлцэж, салбар яамдуудад хүргүүлэх зөвлөмжийг батлан гаргаж хүргүүлсэн байгаа. Энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй байх. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлд урьд өмнө нь дандаа сайд дарга нар, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд ордог байсан юм билээ. Үүнийг Х.Булгантуяа сайд өөрчилж иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд хамгааллын байгууллагуудын төлөөллийг оруулж шинэчилсэн нь энэ ажил амьд харилцаатай, ажил хэрэгч болсныг хууль сурталчлан таниулах чиглэлийн яамд хүүхэд хамгааллын ямар бодлого баримталж байгаагаас тодорхой харагдаж байлаа. Тэр сайд бүсгүйд амьдарлын ухаантай шийдвэр гаргаж, төрийн ажлыг хурдтай, шуурхай явуулж байгааг хараад би хувьдаа маш их талархаж байгаа. Шинээр байгууллагдсан ХТҮЗ-ийн гишүүд маань хүүхэд хамгааллын  чиглэлээр тус тусын түүх бүтээсэн, мэргэшсэн хүмүүс байгаа тул хуралдаж зөвлөлдөхдөө ч ажил хэрэгч хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжилтийг бүх шатанд хангуулахаар ажилдаа ороод явж байна. Шинэ хуулийн хүрээнд ямар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдэг арга зүйн зөвлөмжийг өгч, түүний дагуу бүх яамдад Хүүхдийн Үндэсний зөвлөлөөс гаргаж байгаа зөвлөмжийг хүргэж байгаа нь урд хожид хийгдэж байгаагүй ажил юм. Одоо харин нийтээрээ, нийгмээрээ бүх  эцэг эхчүүдэд хуулийн шинэлэг зохицуулалтуудыг хүргэх, хуулиар хүн бүр ямар үүрэг хүлээх болсныг сурталчлан хүргэх, дээр нь сурган хүмүүжүүлэгч нарт түгээх нь тулгамдсан асуудал болж байна.

-Хүүхэд хамгааллын төсөв, зардал, хүн хүч хэр хүрэлцэж байдаг юм бол?

-Монгол Улсын 1.2 сая хүүхдэд нэг тэрбум төгрөг хүрэхгүй буюу нэг ЖДҮ-чийн мөнгө төсөвлөгдөж байх үед буюу 2017 оноос миний бие хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх талаас дуугарч эхэлсэн. Баримттай ярина. Одоогоос таван жилийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн хамт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд хэвлэлийн хурал хийж, хүүхэд хамгааллын мөнгийг улсын төсөвт нэмэгдүүлэхийг шаардаж байлаа. Тэр үед жилийн төсөв 900 сая төгрөг төсөвлөгдсөн байсан, харин одоо энэ мөнгө 13-14 тэрбум төгрөг болсон. Гэхдээ энэ мөнгөний цаана хүрэх үр дүн гэдэгт миний хүсэж байсан, хүлээж байсан үр дүн харагдахгүй байгаа. Энд олон шалтгаан нөхцөл байдаг юм билээ.

Үндсэндээ Монгол Улс хүүхэд хамгаалалд зориулсан, үүнд чиглэсэн бодлого явуулж байгаагүй учраас есөн зуун сая төгрөгийг таван тэрбум болголоо, түүний тал нь хаачсан бэ гээд асуухад ихэнх нь захиргааны зардалд явсан байдаг.

Орон нутагт хүүхэд хамгааллын мэргэжилтэнтэй болсон, өрөө тасалгаа, сандал ширээ хэрэгтэй. Архив үүсгэх хэрэгтэй гээд захиргааны зардалд эхэндээ нэлээд зарцуулагдсан байсан. Үүнийг буруутгах аргагүй юм байна лээ, эргээд харахад. Одоо тэгвэл өссөөр байгаад 14 тэрбум болсон тэр мөнгө нь хүрээд байна уу гэхээр бас тодорхойгүй. Яг үндсэндээ хүүхэд хамгааллын төсөвт Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, эсвэл Гэр бүл хөгжлийн газар, агентлаг л хамааралтай байдлаар нийгмээрээ харж ирсэн учраас санхүүжилтийн асуудал юм юмандаа хүрэлцэхгүй явж ирсэн жишээ баримт харагддаг. Шинэчилсэн хуулиар хүүхэд хамгаалалд улсын төсвөөс гадна орон нутгийн төсөв гадаадын болон Монгол Улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, иргэний хандив тусламж гээд ийм эх үүсвэр дээр хүүхэд хамгааллын сан бий болно гэж хуульчилсан. Хүүхэд хамгааллын төрийн  байгууллагын тогтолцоог аваад үзэхэд сум, хороонд гэр, бүл хүүхдийн асуудал хариуцсан нэг ч мэргэжилтэнгүй байна. Иймд сая сум, хороо болгонд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нэг хүн, нийгмийн ажилтантай болох тухай асуудлыг УИХ-д оруулахад зарим гишүүн яах гэж байгаа юм бэ, наадах чинь зөндөө мөнгө байна гэсэн. Хүүхдээ хамгаалахаасаа мөнгө харамладаг гишүүдээр УИХ-ын танхим дүүрсэн байна, маш олон гишүүн эсэргүүцээд сууж байсан. Хүүхэд хамгааллын чиглэлийн иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн илэрхийлж, УИХ-ын танхимын үүдэнд хүртэл хэвлэлийн хурал хийж, холбогдох бичиг баримтуудыг өргөн барьж байж 750 нийгмийн ажилтантай байх бүтэц батлагдаж гарсан. Яг үнэндээ хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн түшмэлгүй бүтэц анхан шатандаа явж ирсэн юм билээ. Энэ бол хүнээ, хүүхдээ бодож, анхаардаггүй төрийн харалган бодлогын үр дагавар байсан гэж бодох юм. 

 

ТӨСӨВ ЗАРДАЛ НЭМЭГДСЭН Ч  ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ, ХОХИРЧ БУЙ ХҮҮХДИЙН ТОО БУУРАХГҮЙ БАЙНА

 

-Энэ чиглэлд ямар тоо баримтууд танд байна?

-Хэдийгээр төсөв зардал нэмэгдэж буй ч гэмт хэрэгт өртөж, хохирч буй хүүхдийн тоо буурахгүй байна. Жилд 1500 гаруй хүүхэд гэмт хэргийн холбогдогч болж байна. 2000 гаруй хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. 100-гаад хүүхэд жилдээ нас барж байна. Түүний 50 хувь нь зөвхөн зам тээврийн ослын улмаас нас барж байна. Осол гэмтэлд орж нас барж буй хүүхдийн тоо буурахгүй байна. Төрийн бодлого, хүүхэд хамгааллын бодлого үүнд л чиглэгдэх учиртай.

-Төрийн бүтцийг томруулах тусам эрсэлд орж, нас барж байгаа хүүхдийн тоо буурахгүй байгаа нь ямар учиртай вэ?

-Үүний цаана гэр бүлд чиглэсэн бодлого дутмаг байна. Гэр бүлд нь, хараа хяналтад байлгаж байх ёстой болохоос гол цэг нь төр, цагдаа биш шүү дээ. Хамгийн чухал нь гэр бүл. Тэгэхээр гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын бодлого аливаа эрсдлийг хумих ач холбогдолтой.

Гэтэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд хамгааллын төвд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчийн тоог аваад үзэхэд харилцан адилгүй ажлын ачаалалтай явж байгаа. Хүүхэд хамгааллын байгууллагууд зарим нь түрээсийн байранд байна. Зарим нь стандартын хамгааллын байр алга. Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс “Хоймор” гэдэг түрээсийн оффист хэдэн жил байж байна. Байсхийгээд түрээслэгч нь төлбөрөө нэмдэг гэсэн. Хүүхэд эрсдэлд орлоо гэхэд гараад гэрт нь очоод аваад ирэх унаа машингүй байна. Ажилтан нь гараад такси бариад дуудлага өгсөн айл руу явья гэхэд мөнгөгүй. Ийм байхад яаж хүүхэд хамгааллын шуурхай удирдлагын тогтолцоог бүрдүүлж чадах юм бэ. Тэр Сүхбаатар дүүрэг хэдэн зуун мянган хүн амтай юм билээ, яагаад хүүхэд хамгааллын байгууллагадаа ганц “Приус-20” автомашин аваад өгчихөж чаддаггүй юм бэ. Байдал ийм л байна. Энэ мэт зөвхөн төр бүгдийг шийдэх биш орон нутаг нь энэ асуудалд санал санаачилгатай ажиллах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа.

Есөн дүүрэг дэх хүүхэд хамгааллын ажилтны хүчин чадалд мэргэжлийн хүний хувьд дүгнэлт хийж үзэхэд харилцан адилгүй ачаалалтай нь харагдсан. Нэг дүүрэгт дунджаар 25-35 орчим хүхэд хамгааллын ажилтан байна. Нэг хүнд ногдох хүүхдийн тоогоор нь авч үзье. Тухайлбал, нэг мэргэжилтэн Багахангай дүүрэгт 1830 орчим хүүхэд хамгаалдаг байхад, Баянгол дүүрэгт 65 мянган хүүхдийн дунд нэг мэргэжилтэн байна. Баянзүрх дүүрэг түүнээс хоёр дахин их буюу 115 мянган хүүхдийн дунд нэг мэргэжилтэн, Чингэлтэй дүүрэгт 37.8 мянган хүүхдийн дунд нэг мэргэжилтэн байх жишээтэй. Гэтэл үүнээс гурав дахин их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт 91.6 мянган хүүхдэд нэг мэргэжилтэн байх жишээтэй. Эндээс юу харагдаж байна гэвэл, хүн амын тоонд харьцуулж хүүхэд хамгааллын мэргэжилтнийг томилж, бүтцээ зохион байгуулмаар байна.

-Хүний хүүхдийн төлөө төрийн албан хаагчид гүйгээд л байдаг нөгөө талд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлагын асуудал орхигдоод байна гэж та хэлж байсан?

-Өнөөдөр “Хүүхэд хамгааллын 108 утсанд “Төр энэ хүүхдээ ирж авцгаа, би тэжээн тэтгэж чадахгүй” гэж залгаж байгаа иргэд олон байна шүү дээ. Хүүхэд хамгааллын мэргэжилтэн яваад очихоор хөл дээрээ ч зогсох чадваргүй ээж, аав зогсож байх жишээтэй. Зарим нь энэ гэрт идэх хоол хүнс ч алга, энэ хүүхдээ тэр хүүхэд хамгааллын байр руугаа аваад яв гэх хүмүүс олширлоо. 2023 оны байдлаар Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 78,298 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс 7481 кейс дээр Хүүхдийн байгууллага ажилласан байдаг. Хүүхэд хамгааллын кейс шийдвэрлэлт 2021 онд 78.6 хувь, 2022 онд 79 хувь, 2023 онд 77 хувьтай байна. 2017 онд кейс шийдвэрлэлт 43 хувьтай байсан бол сүүлийн гурван жилд 79 хувьд хүрээд байна. Хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй салбар дундын “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-г аймаг, дүүрэг, сум дундын шүүхтэй сумдад шинэчлэн байгуулж, 38 хороонд 522 гишүүн хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна. 2023 оны есдүгээр сарын байдлаар 1200 гаруй кейс дээр ажилласан дүн гарсан байна лээ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоо 2020-2023 оны есөн сарын байдлаар 15.814 хүн үйлчлүүлсний 10.448 нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ авсан бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд 2018 онд 310, 2019 онд 192, 2020 онд 213, 2021 онд 345, 2022 онд 369, 2023 оны есөн сарын байдлаар 358 байна. Ингээд л харахаар дээр дурдсан тоо Монголын хүүхдийн орчин нөхцөл, хүүхдийн аюулгүй байдал тулгамдсан асуудлын нэг болсныг бэлхнээ харуулна. Эдгээр тоон мэдээллийн цаана байгаа зарим мэдээллийг 2023 оны байдлаар гаргасан статистикийг дурдвал, өнөөдрийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжил тэмүүлэлтэй 11818 хүүхэд, эцэг эх байхгүй өнчин 2911, хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76100 хүүхэд, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд 14200, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч буй хүүхэд 446,034 байна. Төрийн болон төрийн бус байгууллагуудын дэргэдэх асрамж, халамжийн төвд 1000 гаруй хүүхэд амьдарч, жилд дунджаар 2500 орчим хүүхэд Хүүхэд хамгааллын байраар амьдарч хичээл сургуульдаа явж байна. Эдгээр хүүхдүүдийн нийгмийн баталгаа, ирээдүйд үнэхээр их сэтгэл зовж байна. Энэ мэт эх орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил,хүний асуудалд  төрийн түшээд онцгой анхаарал хандуулаад өгөөсэй гэж бодох юм.

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХҮССЭН ХҮН БОЛГОНД  ХАРИУ ӨГЧ ИРСЭН

 

-Таны утас чөлөө завгүй дуугарах юм, тэр болгоны цаана тусламж хүссэн хэн нэгэн байгаа болов уу. Ер нь өдөрт  хэдэн хүнд хариу өгч амждаг вэ?

-Олонтойгоо оршин байдаг нэгэн шүү дээ, би. Эрх нь зөрчигдсөн, хууль зүйн тусламж хүссэн, зөвлөгөө авах гэсэн олон хүн утасдана, мессэж ирүүлнэ. Сүүлийн үед цахим орчин хөгжсөнөөр цахим хуудсаар хандаж тусламж хүсдэг болжээ. Өөрт тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар хууль зүйн гарц гаргалгаа асууж, тулгараад байгаа асуудалдаа чиг гаргах гээд ханддаг хүн маш олон. Олон жилийн өмнө нүүр ном, цахим хуудсаараа дамжуулан эрх нь зөрчигдсөн охид, бүсгүйчүүддээ үнэ төлбөргүй хуулийн туслалцаа үзүүлнэ, бага насны хүүхдийг үнэ төлбөргүй өмгөөлж өгнө гэдгээ илэрхийлснээс хойш жим биш бүр зам үүссэн гэхэд буруудахгүй байх. Нүүр номоор хууль зүйн туслалцаа хүссэн хүн болгонд хариу өгч, тусалж ирсэн. Сүүлийн үед хүмүүс өөр болжээ. “Та зөвлөгөө өгч, хуулийн гаргалгаа чиг гарган өгч, өчнөөн олон хариулт явуулж, зөвлөж тусаллаа. Бас зөндөө олон минут зарцуулж намайг сонслоо надад дансны дугаараа өгөөч, би өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсныхаа төлбөрийг шилжүүлье” гэдэг. Нэгэнт тусламж хүсээд, аргагүй байдалд ороод хандаж байгаа тэр хүмүүсийн итгэл мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй. Мөнгө төгрөг яах юм вэ гэхээр маш их гайхдаг. Надад хандаж байгаа хүмүүсийн ярьж буй  дийлэнх нь эмэгтэйчүүд тэр дундаа хүчирхийллийн хохирогч болсон бүсгүйчүүдэд төлбөр, мөнгө гэдэг үгийг хэлж  зүрхэлдэггүй. Учир нь ямар хүчтэйдээ л хүчирхийлэлд өртөж байх вэ дээ. Аргагүй гарцаагүй байдалд орсон, хүчирхийлэлд өртсөн, хохирсон, эд хөрөнгөө алдсан, залилуулсан, үр хүүхдээ алдсан, үр хүүхэд нь гэмт хэрэгт холбогдсон, хохирсон, одоо яах билээ гэж хандах ээжүүд олон байдаг. Арга тасраад эцсийн мөчид танд л найдаад хандлаа шүү гэдэг. Тэр их итгэл сэтгэл нь л надад их  эрч хүчийг өгч байдаг.Тиймээс чадах чинээгээрээ яриаг нь сонсоод, хариу туслах хууль зүйн арга зам, шийдлийг эрэлхийлдэг дээ. Хүн ер нь бусдын итгэл, сэтгэлээр жигүүрлэж ажилладаг шүү дээ.

-Ер нь сүүлийн үед хуулийн хэрэгжилт хангалтгүй, нийгмийн шударга ёс алдагдсан, Хүний эрхийн зөрчил газар авсан гэж их яригдах боллоо?

-Хууль гэдэг бол нийгэм, иргэдийн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогц юм. Хууль амьдралд нийцсэн, бодитой байх ёстой. Өнөөдрийн байдлаар 800 гаруй хууль батлагдан гарч үйлчилж байна. Харамсалтай нь амьдрал практик дээр тийм хэрэгцээ шаардлагыг хангасан амьд хууль хир их байна.Үнэндээ хуулиасаа илүү давсан хүчин чадалтай, дүрэм журмууд их болсон байна. Хуулийн боловсруулалт учир дутагдалтай явагдаж байгаагаас маш олон журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг болоод байна. Таван  хуудас хуулийг дагаад 10 гаруй журам үйлчилж байх жишээтэй. Журам процесс зохицуулдаг зүйл. Эндээс л гол зөрчил, шудрага бус зүйлсийн үр дагавар бий болоод байгаа юм. Иргэдийн амьдралд нийцэхгүй хууль нийгэмд яаж шудрага ёсыг бий болгох  вэ дээ. Үүнтэй уялдаад хүний эрхийн зөрчил үүсээд байна. Монгол улсын Үндсэн хуулийн II бүлэгт Хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг хуульчилсан. Хүний эрхийн чиглэлийн 70 гаруй олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон байдаг. Хэдийгээр хуульчлан зохицуулсан ч хэрэгжилт хангалтгүй, хуулийг мөрддөггүй зөрчил нийтлэг. Тухайлбал, Үндсэн хуулийн V зүйлд төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг хуулиар хязгаарлана гэж заасан байдаг ч өмчтэй байх эрх, өмч хөрөнгөө хамгаалуулах, бизнес эрхлэх эрхийн хэрэгжилт тун хангалтгүй байх жишээтэй. Хүний зөрчигдсөн эрхийг хангах, хамгаалах тогтолцоо тун учир дутагдалтай байна.

 

Гэмт хэрэг илэрдэг, илрүүлдэг юм

 

-Сүүлийн үед ямар хэргүүд дээр ажиллаж байна вэ. Нийгэмд сэрэмжлүүлэг болгож хэлэх зүйл байж таарна?

-Нэлээд ноцтой хүн амины хэргүүдэд  өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хамгийн сүүлд 12 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн ард гарлаа. Энэ бол  щхүний эрхийг хангуулах чиглэлд бидний болон хамтран ажилласан өмгөөлөгч нарын минь гаргасан хамтын хөдөлмөр зүтгэл юм. Одоогоос долоон жилийн өмнө хүүгээ алдсан нэг ээж  хандаж “Энэ хэрэг таван удаа хэрэгсэхгүй боллоо. Эцсийн мөчид Нийслэлийн мөрдөн байцаах газарт шилжиж, дахин хэрэгсэхгүй болчихлоо. Та надад туслаач” гэсэн. Ингээд бид тус хэрэг дээр ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхээр гэм буруутай этгээд шүүхээс гэм буруутай гэж үзэж  хуулийн хариуцлага хүлээлээ. Хоёр шатны шүүх хурлын дараа хүүгээ алдсан ээж “Би 12 жил дутуу нойртой, бүтэн амьсгалж чадахгүй явж ирсэн. Өнөөдөр л бүтэн амьсгалж, бүтэн нойртой хонох нь дээ. Хүү минь тэнгэрээс харж байгаа байх. Миний хүү “Ээж минь энэ хорвоод үлдсэн учраас миний араас шударга ёсыг мандууллаа гэж баярлах байх” гэж нулимас мэлмэрүүлэн хэлж байсан. Энэ үг хүний эрхийн төлөөх үйл хэргийн минь том үнэлгээ шүү дээ. Одоогоос 12 жилийн өмнө Сэлэнгэ аймагт гарсан онц ноцтой хэрэг. Хорих ангид ял эдэлж байсан нэг этгээд “Ар гэрт ажил явдал гарлаа” гэж 48 цагийн чөлөө аваад, өөрийн үе тэнгийн залуустай хамт архидан согтуурч, нэгийнхээ аминд хүрчихээд, цогцсыг вагон замд ойртуулж орхиод улмаар “вагонд дайруулж амиа алджээ” гэсэн байдлаар явж ирсэн байдаг. Энд олон асуудал хөндөгддөг. Хоригдож байсан хүнд чөлөө өгсөн байгууллага, тухайн хүн гадуур явж байгаад хүн амины хэрэгт холбогдсон гээд. Ингээд хууль хүчний байгууллагууд холбогдоод ороод ирэхээр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийн хариуцлагагүй байдлын улмаас гарсан хүн амины гэмт хэрэг учир нэг хэсэгтээ амь хохирогчийг өөрийг нь буруутгах чиг хандлагаар энэ хэргийн замнал явж ирсэн. Ингээд 12 жилийн дараа Монгол Улсын бүх шатны шүүхээр буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь тэр гэр бүлд, тэр ээжид эрх чөлөөний  амьсгалах агаарыг өгсөн үйл явдал боллоо. Гэмт хэрэг илэрдэг юм, илрүүлдэг шүү гэдгийг бодитойгоор харуулсан нь онцлог юм.

-Ажил мэргэжлийн тал дээр өмгөөлөл, хуулийн зөвлөгөө авдаг хүн хэр олон бэ?

-Хүмүүс олон чиглэлээр хандаж, зөвлөгөө, тусламж авдаг. Би өөрөө ч иргэдийн нийтлэг эрх нь зөрчигдсөн үйл явдал дээр дуугүй өнгөрдөггүй, байр сууриа цахим орчинд байнга илэрхийлж холбогдох байгууллагуудад хандсаар ирсэн. Гэмт хэргийн хохирогч, холбогдогч иргэдээс гадна хууль ёсны эрх нь зөрчигдөж улмаар хууль зүйн тусламж хүсэж ханддаг иргэд олон байдаг. 2023 оны аравдугаар сарын 27-ны өдөр нүүр номын хуудсаар  Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-ын дарга нэгэн эмэгтэй хандсан. “Миний бие сумынхаа эмнэлгийн даргаар олон жил ажиллаж, сумын иргэдийн итгэлийг хүлээн хоёр ч удаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо. 2020 оны сонгуулиар  олонхийн саналаар ИТХ-ын даргаар сонгогдсон. Энэ хугацаанд нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө чадлаараа хичээж ирсэн боловч өнөөдөр Засаг даргын хууль бус дарамт шахалтын улмаас ажлаа өгөхөд хүрлээ” гэсэн байсан. Тус сумын Засаг дарга, МАН-ын намын хорооны дарга эрх мэдэлдээ эрдэн огцруулах санал оруулсныг хурлын төлөөлөгчид даргын зааврыг дагасан шийдвэр гаргасан юм билээ. Яг үнэндээ сумын ганц ногоон байгууламжийг сүйтгэж болохгүй  гэж зогссоныхоо төлөө хамтран ажиллах боломжгүй буюу сум орон нутгийн хөгжлийг гацаагч нэр зүүсэн байсан. Энд хүний өөрийн нам ялгаа байхгүй. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хамгаас чухал. Эмэгтэй хүн  төрийн албанд хариуцлагатай алба хаших нь нэр төрийн хэрэг, эрчүүдээс дутахааргүй хүчтэй байхыг шаарддаг. Иймээс улс төрийн болон төрийн албанд ажиллаж байгаа цөөхөн хэдэн эмэгтэйчүүдээ дэмжихийг хичээдэг. Ингээд хуулиар хамгаалагдсан эрхийнх нь төлөө хагас жил хэртэй хөдөлмөрлөсний эцэст  Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Иргэдийн хурлын дарга бүсгүйг ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг бодож, нийгмийн даатгалаас нөхөн олговор олгох шийдвэр гарсан.

-Саяхан Казахтсанд төрийн сайд байсан хүн эхнэрээ зодож хөнөөсөн тухай мэдээлэл сошиалд хүчтэй өрнөж байна. Монголд тэрнээс ноцтой хэрэг гарч таныг хохирогч талын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэж сонслоо?

-Гадаад оронд гарсан тэр хэргээс ч аюултай, ноцтой хэрэг Монголд гарсаар байдаг. Хамгийн сүүлд л гэхэд хэвлэлүүдээр гараад байгаа хамтран амьдрагч бүсгүйнхээ амь насыг хороож улмаар тэжээж байсан нохойнууддаа бие цогцсыг өгсөн байж болзошгүй гэмт хэрэг. Энэ хэрэг дээр одоо ажиллаж байна. Энэ тухай ам нээхээс ч  зүрхшээж байна. Манай аав бол эрүүгийн шүүгчээр насаараа ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан Монгол Улсын гавьяат хуульч хүн бий. Би өмгөөлөл, хууль зүйн салбарт ажиллахдаа гол төлөв эрүүгийн салбарт хохирсон, холбогдсон хүмүүсийн өмгөөлөгчөөр ажиллаж ирсэн. Миний л мэдэхийн эрүүгийн ертөнцөд урд хожид гарч байгаагүй ийм онц хэрцгий хэрэг гарсан. Тэр хэргийн хохирогч нь  залуухан бүсгүй байсан. Урьдчилсан байдлаар 70 гаруй төрлийн дүгнэлт гарч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн 10.1.2-д заасан хүнийг онц хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл  харагдаж байна. Цааш нь ярих аргагүй. Ар гэр, өндөр настай ээж, төрөл төрөгсдөд нь хүнд өдрүүд үргэлжилж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэвлэл мэдээллийн хүрээнд яригдаж байсан зүйлүүд үндэслэл бүхий байгааг эхний ээлжинд хэлье. Цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллийг өгнө байх. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд Хорих 461-р ангид цагдан хоригдож байгаа. Тэр хүн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг хууль бусаар ашиглаж, хэрэглэж байсан гэдэг нь тогтоогдсон, ийм байдалтай байна.

 

Он гарсаар 10 гаруй бага насны хохирогч охины өмгөөлөгчөөр ажиллалаа

 

-Хүний амь хохирсон, холбогдсон хүнд хэргүүдийн хажуугаар та охидын эрх хамгааллын ажлаа үргэлжүүлж байна уу?

-Хүний эрхийн хангуулах чиглэлээр хийдэг үндсэн ажил минь шүү дээ. Он гарсаар бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд халдсан, хүчирхийллийн хохирогч болсон бага насны 10 гаруй охины шүүх хуралд хохирогч охидын өмгөөлөгчөөр оролцлоо. Гэм буруутай этгээдүүдэд шүүхээс хуулийн зохих хариуцлагыг хүлээлгэсэн. Ирэх долоо хоногт гэхэд өвөөгийнх нь найз, өвөөтэй нь хамт даалуу тоглодог, шатар нүүдэг өндөр настан бага насны зээ охиныг нь  удаа дараа хүчирхийлж байсан хэргийн шүүх хуралд орно. Мөн он гарсаар хамгийн их сэтгэл түгшээж байсан гэмт хэрэг болох зургаахан настай бяцхан  охиныг хүчирхийлсэн хэргийн ард гарлаа. Ер нь бол нэг хэргийн ард гарахад 1-2 жилийн хөдөлмөр зүтгэл зарцуулагддаг.

-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүчирхийлэлд өртсөн бага насны охидыг үнэ төлбөргүй өмгөөлсөөр л яваа юм байна.Танд шантрах, шаналах үе гардаг уу?

-Охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугардаг, өмөөрч өмөлзөж, өмгөөлсөөр ирсэн он жилүүдийн хөдөлмөр зүтгэлээрээ хууль зүйн салбартаа түүх бүтээсээр явна даа. Заримдаа шантарч, халширмаар зүйл зөндөө тохиолддог ч итгэл найдвараа тээгээд ирсэн хүндхэн ертөнцийг хараад өндийгөөд босохоос өөр аргагүй байдаг. Бусдын зовлонгоос хуваалцаж, хамтдаа үүрэлцэж явсан хүмүүс л энэ хүнд мэдрэмжийг ойлгоно байх.

-Маш хүнд хэргүүдийг шийдвэрлүүлж байгаа юм байна. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэ төрлийн хэргийн гаралт буурахгүй байгаа шалтгааныг хэлж өгөөч?

-Энэ төрлийн гэмт хэргүүд гол төлөв ахуйн шинжтэй, маш далд нуугдмал байдалд ороод байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал хэвээр байна. УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сард  Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ялын дээд хязгаарын 25 жил байхаар нэмсэн боловч хүүхэд хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй байна. Миний хувьд дүүргүүдийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн газруудад хандаж, бага насны хүүхэд онц ноцтой хохирсон хэргүүд дээр үнэ төлбөргүй өмгөөлөл хийж өгнө гэдгээ илэрхийлж, тэр дагуу ажилласаар ирсэн. Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэгт хүүхэд хохирох гэмт хэрэг буурахгүй хандлагатай байна. Өнгөрсөн оны сүүлээр Сүхбаатар дүүрэгт дагавар хоёр охиноос гадна эхнэрийнхээ дүүгийн охинд хоёр жилийн турш бэлгийн ёс бус үйлдэл, хүчирхийлэл үзүүлж байсан хэрэг гарсан. Тэр этгээд 20 жилийн хорих ялыг  хаалттай хорих ангид эдлэхээр яллагдаад  явлаа. Үнэхээр харамсалтай онц ноцтой гэмт хэргүүд, олон нийтэд мэдээлэгдээгүй, мэдээлэхийн ч аргагүй хүний санаанд оромгүй онц хэрцгий хэргүүд гарч байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Энэ төрлийн хэргийн гаралт буурахгүй байгаагийн шалтгаан гэхээр би олон жил ярьсан, хэлсэн үгээ дахиад давтаж хэлмээр байна. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод, ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогчдын тоо яагаад буурахгүй байгаа олон хүчин зүйл байна. Одоогоос таван жилийн өмнө жилд дунджаар 170 орчим хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог статистик байсан бол сүүлийн жилүүдэд 300-350 болоод өсчихлөө.  Гэтэл шүүхээр орж шийдвэрлэгдсэн тоо л энэ. Тэгвэл мөрдөгчийн тогтоолоор ирээд шинжилгээ өгөөд байгаа охид, бүсгүйчүүдийн  тоо үүнээс 2-3 дахин их байдаг.

-Тэд хаачдаг юм бол?

-Би ч гэсэн хуулийн байгууллагаас ингэж асуудаг, шаарддаг, энэ завсар гээгдсэн хүүхдүүд, эмэгтэйчүүд хаачив гэж. Үүнийг олж тогтоогооч гэдгийг удаа дараа хэлдэг, шаарддаг. Хэргийн гаралт, тоон үзүүлэлт буурахгүй байгааг хууль тогтоогчид хорих ялын хэмжээг нэмснээр шийдэгдэнэ гэж харж 12-20 жилийн хорих ял дээр тавыг нэмж 25 болгоё. Ялыг нэмснээр гэмт хэрэг буурна, яагаад гэвэл ял нэмнэ гэдэг урьдчилан сэргийлэх үйлдэл юм. Айж эмээнэ гэж үзэж байна хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл гэмт хэрэгтнүүд айж эмээдэггүй юм гэдгийг би олон жил хэлсэн. Үнэхээр айж эмээдэг байсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл бага насны хүүхдийн хууль ёсны эрхэд халддаг,  бэлгийн хүчирхийлэл үйлдэх энэ гэмт хэрэг зогсоно биз дээ. Гэтэл ямар шалтгаан нөхцөл байна вэ? Энэ асуудалд кримнологи шинжилгээ маш чухал байна, үндэсний хэмжээний. Дээрээс нь бага насны хүүхдийг хүчирхийлээд байгаа энэ хүмүүс сэтгэцийн тодорхой хэмжээний өөрчлөлтөд орсон иргэд байна уу. Үүнийг шалгаж тогтоох ёстой. Яагаад бага насны хүүхдийг сонирхоод байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийг харахад айхтар том биетэй хүчирхэг эрчүүд байдаггүй шүү дээ. Давжаа, багадаа хүчирхийлэлд өртөж байсан болов уу гэмээр, эсвэл аймхай, хүний өөдөөс эгц харах чадваргүй дальдчсан хүмүүс байдаг. Ийм төрлийн хүмүүс өөрийн дийлж чадна гэсэн хүнээ хүчирхийлдэг байх гэж боддог. Тэгэхээр бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, хэн нэгэнд мэдэгдвэл чамайг болон гэр бүлийг чинь .............гэх мэтээр айлгачихвал баригдахгүй гэж хөнгөмсөгөөр найдан, энэ үйлдлээ үргэлжлүүлсээр байдаг. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байна гэхээр, бага насны хүүхдэд халдаад байгаагийн үйлдлийн цаад учир шалтгааныг олон талаас судалж гаргаж  байж бодлогоо тодорхойлох  хэрэгтэй.

 

Нийгмийн зүгээс надад асар их булли ирэх нь дамжиггүй

 

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх тусам яаж багасгах вэ, учир шалтгааныг эмнэх арга чарга юу байнаа гэж их бодох болсон. Зовж зүдэрч яваа иргэдийн арга тасарсан байдалтай өдөр бүр нүүр тулдаг миний хувьд сэтгэл эмзэглэсээр байгаад зүрхээр өвдөх ч үе байх юм. Ер нь хуульч өмгөөлөгч байна гэдэг бусдыг сонсох, зовлон бэрхшээлийг даван туулах арга замыг эрэлхийлэх заримдаа ч сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэхэд хүрэх юм даа. Охидод халдаад байгаа эсвэл энэ үйлдлээ давтан үйлдээд байгаагийн цаана хэрэг хариуцах чадвартай ч сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтөд орсон нөхцөл байдал ажиглагдаад л байгаа юм. Харахад цоо эрүүл атлаа хийсэн болон хийж байгаа үйлдэл нь нэг л анхаарал татахуйц байх юм. Эмэгтэй хүний хувьд үүнийг илэрхийлэхэд тун амаргүй ч аргаа барахдаа л шийдлийн бас нэг хувилбар юм уу гэж харах юм. Эцэст нь нийгмийн зүгээс надад асар их булли ирэх нь дамжиггүй... Тэгэхдээ л би бодоод л байгаа...

-Гэхдээ нөгөө талаар бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байх аа, сайн мууг хэлэлцээд эцэст нь шийдэл гарах биш үү. Та бодож явдаг зүйлүүдээ нээлттэй ярь л даа?

-Гадаадын зарим улс орны туршлагаас харахад бага насны хүүхдэд халдаад байгаа, бэлгийн ёс бус үйлдэл гаргаад байгаа үйлдлийн цаад учир шалтгааныг зохицуулах олон арга хэлбэрийг нэвтрүүлсэн харагдах юм. Тухайлбал, бэлгийн тэр жам ёсны хэрэгцээ буюу хүсээд байгаа тэр зүйлийг нь үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр зохион байгуулдаг юм байна. Эсрэг хүйсийн хүнийг сонирхохдоо  хүч хэрэглэж байгаад тэр үйлдлээ хийж, туршиж үзье гэж мэдүүлж байгаа иргэд үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд хүчин мөхөс хүүхдэд халдах байдлаар хэрэгжүүлээд байна уу гэж дүгнэхэд хүрч байгаа юм Иймээс тэр үйлчилгээг үзүүлдэг, үйлчилгээ үзүүлдэг газар нь эрүүл мэндийн үзлэг, хяналтан дор байдаг иймэрхүү хэлбэрээр ч болтугай тэр хүмүүсийн жам ёсны инстект, хэрэгцээ шаардлагыг нь зохицуулаад өгвөл энэ төрлийн гэмт хэргийн тоо буурах болов уу гэж харах юм. Нөгөө талаар тухайн гэмт хэргийг давтан үйлдээд байгаа этгээдийг химийн тариа хийж хөнгөлөх хүртэл арга хэмжээ авахад буруудахгүй. Учир нь гэмт хэрэгтнүүд хорих ялаас төдийлөн эмээхгүй байна. Энэ үгийн сүүлийн 10-аад жил хэлж ярьж явна даа. Манай улс шиг жилдээ 400-аад хүүхдээ бусдад хүчиндүүлэхийг сонсоод хараад тайван сууж байдаг газар ер нь байна уу. Араатан амьтан хүртэл үр төлөө гишгэлдэггүй байхад өнөөдөр төрсөн охидоо хар багаас нь эрхшээлдээ байлгаж тамлан зовоож хүчирхийлдэг эцэг, аав хүн байсаар байна. Он гарсаар зөвхөн тийм бузар өвөө, аавуудад холбогдох таван  шүүх хурал болсон байна лээ. Ер нь гадаадын улс орнуудад хариуцлага хүлээлгэж буй  хэлбэрүүд, эдгээрийг хуульдаа оруулсан улс орнуудад хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн эрх чөлөөнд нь  халдах  гэмт хэрэг 2-3 дахин буурчихсан. Тухайлбал, Солонгос улсад ийм байна. Нөгөөтэйгүүр, хохирогч болоод байгаа хүүхдүүдийн хувийн байдлыг харахад эцэг эх нь үл хайхардаг, анхаарал халамж байхгүй ийм хүүхдүүд илүүтэй гэмт хэргийн хохирогч болоод байна. Хүүхдэдээ тавих анхаарал халамж, үр хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагын асуудлыг өндөр түвшинд аваачихгүй бол болохгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

-Сэлэнгэ аймагт аймшигт хэрэг гарч орон даяар шуугисан. Хуульч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна? 

-Яг л миний хөндөж ярьдаг асуудал. 13-хан настай хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй дархан байдалд бүлэглэн халдсан хэрэг гарлаа. Энэ хэрэг гарсан тухай мэдээлэгдэж эхэлсэн цаг мөчөөс хохирогч хүүхдийн эрх хамгааллын асуудлыг олон түвшинд хөндөж хандсан. Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хохирогчийн хувийн мэдээлэл хийгээд нэр төрийг хамгалах талаар мэдэгдэл хүртэл гаргахыг хүсэж хандсан байгаа. 2024 оны нэгдүгээр сарын 7-нд Хүүхэд хамгааллын хууль шинэчлэгдэн батлагдсан. Тус хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээ ямар хэлбэрээр, ямар үе шаттай явагдах талаар маш тодорхой зааж өгсөн. Тэгэхээр нэгдүгээрт, шуурхай тусламжийн үйлчилгээ явагдах ёстой. Шуурхай тусламжийн үйлчилгээний хүрээнд тэр хүүхдэд үүсээд байгаа аюул эрсдлийг тодорхойлж, нөхцөл байдлыг арилгах үүднээс нэн даруй үнэлгээ хийх ёстой. Үүний мөрөөр сэтгэлзүйн болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үзүүлэх , хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, түүнээс гадна зөрчигдсөн эрхийг хамгаалахаар өмгөөлөгч хуульчаар хангах хүртэл арга хэмжээнүүд явагдах учиртай. Гэтэл өнөөдөр миний харж байгаагаар тэр үйлчилгээнүүд хийгдсэн эсэх нь тун тодорхойгүй байна. Энэ талаар хүүхэд хамгааллын байгууллагуудын төлөөлөл газар дээр нь очиж ажилласан боловч мэргэжлийн байгууллагууд хийгээд тус аймгийн удирдлага, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын зүгээс нийгэмд ямар нэгэн мэдээ мэдээлэл мэдээлэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Монгол Улсын төр Үндсэн хуульд заасан гэр бүл, эх нялхас төрийн хамгаалалтад байна гэсэн хуультай. Тэгэхээр энэ заалтаар гэр бүл, төрийн захиргааны хүүхэд хамгааллын байгууллагууд тодорхой бодитой үйл ажиллагааг зайлшгүй явуулах ёстой Хоёрдугаарт, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ явагдсан эсэх, төрийн хүүхэд хамгааллын байранд очихгүй гэсэн нөхцөлд гэр бүлд нь хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ явагдаж байгаа эсэх, хүүхэд аюулгүй байгаа зэрэгт заавал дүгнэлт хийх учиртай. Түүнчлэн гэр бүлд үлдээхэд хүндрэлтэй нөхцөл байдал ажиглагдвал  төрөл садангийнх нь гэр бүлд хүүхдийг түр хугацаагаар асруулах эсвэл асрах гэр бүлд шилжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатай. Гэмт хэргийн хохирогч, холбогдогч хүүхдийг гэр бүлээс тусад нь асрах, нөхөн сэргээх үйлчилгээ явуулахын гол ач холбогдол нь гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд томчуудын нөлөөлөлд ордог байдлыг хязгаарлахад ач холбогдолтой. Ийм юм болж байсныг чи өмнө нь хэлэхгүй яасан юм бэ, яагаад цагдаад мэдэгдээгүй юм бэ гэх мэтээр хүүхдийг янз бүрийн байдлаар сэтгэл зүйн дарамт учруулдаг. Иймд нөхөн сэргээх, хамгаалах үйлчилгээг гэр бүлээс нь тусдаа явуулж улмаар  хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийгдэх ёстой.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(102.89.45.200) 2024 оны 06 сарын 17

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
zochin (66.181.185.242) 2024 оны 04 сарын 26

Yostoi hud umguulugch\nzuvhun mungutei hund l uilchildeg \nih hurald devshine l gej balaitah viidee blawgai

3  |  0
Би(202.21.109.40) 2024 оны 04 сарын 26

Янз бүрийн садар бичлэг кино нөлөөлдөг бх.бас ар гэрийн халамж анхаарал чухал.Хүүхдийн байгууллага хэтэрхий попорсон ажлаа болиод нэгжид доод шатанд хүрч ажиллаа

3  |  0
Top