Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян нарын зорчиж явсан нисдэг тэрэг осолдож, тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер түр орлон гүйцэтгэхээр боллоо.
Ираны Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд тэргүүтэй албаны хүмүүс Иран-Азербайжаны хил орчимд усан байгууламжийн нээлтэд очоод Табриз хот руу буцаж явж байжээ. Өчигдөр Туркийн Akinci дроноор тэдний сууж явсан нисдэг тэрэгний хэлтэрхий байж болох зүйлийг олж илрүүлснээр эрлийн ажиллагаа үргэлжилсэн юм. Аврах-эрж хайх багийнхны ажил цаг агаарын байдлын улмаас хүнд нөхцөлд явагдлаа. Нисдэг тэрэгний ослын шалтгааныг өтгөн манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас болсон гэж дүгнэжээ.
Ираны Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайдыг хайх ажиллагаанд ОХУ, Азербайжан, Армен, Турк зэрэг улсууд тусалсан юм. Эмгэнэлт явдалтай холбоотойгоор Иранд таван өдрийн гашуудал зарлаад байна.
Амиа алдагсдын цогцсыг олов
Аврагч нар нисдэг тэргэнд байсан бүх хүний цогцсыг олсон бөгөөд генетикийн шинжилгээ шаардлагагүйгээр цогцоснуудыг таньжээ.
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг ослын буулт хийх шаардлагатай болж, буулт хийх үеэрээ осолджээ. Нисдэг тэрэг Иран-Азербайжаны хилээс 40 км орчим зайд осолдсон байна.
Аврах багийнхан осол болсон газарт хүрсэн ч цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан учир хэд хэдэн улс эрж хайх ажил явуулахад тусламж санал болгосон юм. Нисдэг тэргэнд Ираны Ерөнхийлөгчөөс гадна Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян, Зүүн Азербайжан мужийн захирагч Малик Рахмати болон албаны бусад хэд хэдэн хүн байв. Иранд Ерөнхийлөгчийн сонгууль болох хүртэлх 50 хоногийн хугацаанд Төрийн тэргүүний үүргийг тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер түр орлон гүйцэтгэх юм. Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зохион байгуулах хуулийн заалттай.
Ослын тодорхой шалтгааныг тусгай комисс тогтооно
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэгний ослын тодорхой шалтгааныг тусгай комисс тогтооно гэж Минск дэх Ираны Элчин сайд Алиреза Санеи мэдэгджээ. Түүний ярьж буйгаар ослын шалтгааныг цаг агаарын нөхцөл байдал, техникийн асуудлууд, магадгүй ямар нэгэн хөндлөнгийн оролцоо гэх мэт бүх талаас нь харах хэрэгтэй ажээ.
Хэргийг нээсэн тусгай багаас шалгалтын эцсийн дүнг хүлээж байна гэж тэрбээр онцолжээ. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын таагүй нөхцөл байдал гэж байгаа юм.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон албаны бусад хүмүүсийг тавдугаар сарын 21-нд буюу өнөөдөр Табриз хотод оршуулна.
Бүхэлдээ шатсан нисдэг тэрэгний хэлтэрхийг 2500м-ийн өндрөөс олжээ
Аврах багийнхан нисдэг тэрэгний хэлтэрхийг 2500м-ээс олсон бөгөөд агаарын хөлөг сүйрэх үеэрээ бүхэлдээ шатсан байв.
Ираны Ерөнхийлөгч агсан Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиан болон бусад албаны хүмүүсийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг ням гарагт Ираны баруун хойд нутгийн Верзеган бүсэд осолдсон юм. Тэд Азербайжанд болсон “Гыз Галасы” байгууламжийн нээлтэд оролцоод буцаж байв. Ираны аврах баг амь үрэгдэгсдийн цогцсыг Табриз хот руу илгээсэн тухай Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Пир Хосейн Коливанд мэдээлжээ.
Болсон явдлын талаарх анхны мэдээллийг Ираны Mehr агентлаг өгөхдөө “Эбрахим Раиси эрүүл саруул байгаа бөгөөд автомашинаар Табриз хот руу явж байгаа” гэсэн ч удалгүй уг мэдээллийг устгажээ.
Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахидигийн ярьж буйгаар цаг агаар болон өтгөн манангаас болж Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг ослын буулт хийх хэрэгтэй болсон байна. Тэрбээр “Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчид Азербайжаны Аракс гол дээр байрлах “Худаферин” болон “Гыз Галасы” усан байгууламжийг ашиглалтад оруулах ёслолд оролцоод хэд хэдэн нисдэг тэргээр буцаж явсан. Эдгээр нисдэг тэрэгний нэг нь ослын буулт хийх шаардлагатай болсон” гэжээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас ослын газарт тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хэцүү байв. IRNA агентлагийн мэдээлснээр эрлийн багийнхан голчлон явганаар явжээ. Ираны Зэвсэгт хүчний жанжин штабын дарга “Аврах ажиллагаанд Ираны арми, Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC) болон цагдаагийн хүчнийхнийг бүх хэрэгсэл, хүчин чадлаа ашиглахыг тушаасан” гэжээ.
Ираны дээд удирдагч Али Хаменеи Ерөнхийлөгч Эбрахим Раисиг нисдэг тэрэг ослын буулт хийх үеэр амьд гарсан гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа.
Цөмийн хуралд оролцогчид нэг минут дуугүй зогслоо
Олон улсын цөмийн физикийн аюулгүй байдлын хуралд оролцогчид Ираны Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид амиа алдсан эмгэнэлт явдлын дараа нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн Иран улс Ерөнхийлөгчийнхөө үхлийн дараа бусад улстай хамтран ажиллах төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахгүй талаар мэдэгджээ. Эбрахим Раисиг мусульманы ертөнцөд бүгд мэддэг, хүндэлдэг байсныг олон улсын удирдагчид хэлж, эмгэнэл илэрхийлж байна. Чеченийн тэргүүн Рамзан Кадыров “Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисиг бүх мусульманы ертөнцөд хүндэлж, хайрладаг байв. Түүний хүчин зүтгэлээр Бүгд найрамдах Иран улс болон ОХУ-ын хооронд нөхөрсөг бөгөөд ажил хэрэгч харилцааны шинэ үе ирсэн. Түүний үхэл бид бүгдийн хувьд нөхөж баршгүй гарз юм” гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн үхэл Ираны ард түмний хувьд том эмгэнэлт явдал боллоо” гэжээ.
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев “Нисдэг тэрэгний осолтой холбоотойгоор Баку Иранд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ. Армен ч мөн ийм санааг илэрхийлжээ. Пакистан улс болсон үйл явдалд эмгэнэж байгаагаа илэрхийлж, Европын Холбоо нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэв. АНУ-ын Төрийн департамент болсон явдалд эмгэнэл илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )