- Гадаадад амьдарч байгаа 13095 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн -
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд саналаа өгч байгаагаараа онцлогтой. Өмнө нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байгаа иргэд саналаа өгсөн юм. Тэгвэл хилийн чинадад амьдарч буй сонгогчид УИХ-ын сонгуульд 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст саналаа өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, гадаадад байгаа 13095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлснээс ирц 50 хувь давжээ.
БНСУ-ын Сөүл дэх салбар комисст сонгуулийн саналаа өгөхөөр 2656 иргэн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгч, сонгогчдын ирц 69.47 хувьд хүрчээ. Гадаадад суугаа монголчуудаас хамгийн олон буюу 2983 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн БНСУ-д 18-19 насны 101 иргэн, 20-29 насны 747 иргэн, 30-39 насны 395 иргэн, харин 70-аас дээш насны зургаан иргэн саналаа өгсөн байна.
Тэгвэл Кувейт улсад оршин сууж буй иргэд 100 хувь саналаа өгчээ.
Узбекистан, Лаос, Киргиз, Арабын нэгдсэн эмирт улс, Вьетнам, Египет, Беларусь, Энэтхэг, Сингапур улсад оршин сууж буй иргэдийн ирц 90 гаруй хувьтай байжээ.
Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт бичгийг төв комисст өгч, төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажээ.
Гадаадад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны байранд санал авах өдрийн 22:00 цагаас саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон, дүнг мэдээлэхээр хуульчилсан. Үүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүйг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Гадаад улсад ажиллаж, амьдарч буй сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонгосон юм. Өөрөөр хэлбэл, гадаад улсад байгаа иргэд зөвхөн нам, эвслийг дугуйллаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар УИХ анх удаа 126 гишүүнээс бүрдэх юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа нь бас нэг онцлог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгохоор хуульчилсан юм.
Сэтгэгдэл ( 0 )